Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.07.06) хуралдаан 10 цаг 04 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр гадаадын зочдыг хүлээн авч уулзах албан ажилтай байсан тул хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргалан хуралдуулав.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хэрэгжүүлэх ”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан ”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн гол зорилго нь Улсын Их Хурлаар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн 1.3.7, 2.3.2 дугаар зорилтыг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, бүтцийн өөрчлөлт хийх, банкуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ингэхдээ чанаргүй зээлийг шийдвэрлэх механизмыг нэвтрүүлэх, хяналт тавих механизмыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх, шаардлагатай санхүүжилтийн хэмжээг нөхөхөд чиглэж байгаа аж.
Хөтөлбөрийн хүрээнд банкны салбарыг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах, чанаргүй зээлийг шийдвэрлэх зорилго бүхий активын удирдлагын компанийг байгуулах, банкуудын өрийн дарамтыг шийдвэрлэх тогтолцоог нэвтрүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах, банкны хяналт, шалгалтыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх зэрэг нийт 12 бодлогын арга хэмжээг 1 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Энэхүү хөтөлбөрийг урьдчилсан байдлаар Азийн хөгжлийн банкны 100 сая ам.долларын энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тохироод байгаа агаад зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна.
Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар уг зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл дэмжигдлээ.