МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн С.Чинзориг
2017.06.30
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Чинзориг: Хүүхэд үрчлэн авч, асарч байгаа эхчүүдэд тэтгэмж олгох уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.30/ Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг хоёр санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг

Хуулийн төслийн нэрийг өөрчлөх болох уу? Одоогийнхоор бол өрх толгойлсон эцэг, эхэд гэж байгаа юм л даа. Гэтэл бид нийгмийн халамжийн бодлогын хүрээнд өрх толгойлсон эхчүүдэд чиглүүлсэн хууль тогтоомж гаргах гээд байгаа. Хуулийн үйлчлэлд өрх толгойлсон эх хамрагдахаас гадна эцэг ч бас хамрагдана гэсэн санаа шүү дээ.

- Хуулийн төслийн нэрийг Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг гэж өөрчлөх саналтай байна.

- Хүүхэд төрүүлсэн эхчүүдэд тэтгэмж болох асуудал яригдаж байна л даа. Тэгвэл хуулийн үйлчлэлд хүүхэд үрчлэн авсан эх хамрагдах уу?

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан:

Хэлэлцүүлгийн явцад найруулгын шинжтэй засвар хийж, хуулийн төслийг нэрийг Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай гэж өөрчилж болно гэж бодож байна.

Гэхдээ уг хуулийн төслийн үйлчлэх хүрээ нь зөвхөн өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай асуудал бус 0-3 насны хүүхэд төрүүлсэн эхчүүд хүүхдээ асрах хугацаанд нь тэтгэмж олгох юм. Одоогийн байдлаар нийт 135 мянган эхчүүдэд сар бүр 50 000 төгрөг олгохоор байгаа. Хамрах хүрээ өргөн гэж ойлгож байна.

Таны хэлснээр 0-3 насны хүүхэд үрчлэн авч асарч байгаа эхчүүдийг хамруулах шаардлагатай гэж үзвэл улсын хэмжээнд нийт хичнээн тийм эх байна гэдгийг тооцоолох хэрэгтэй болно. 

ШИНЭ МЭДЭЭ