Бүтээн байгуулалтын ажил нь өнөөдөр эхэлж буй Дарханы шинэ зам 2018 онд ашиглалтад орно
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км замын өргөтгөл шинэчлэлийн ажил өнөөдөр эхэлээ.
Тус замыг 1-р зэрэглэлийн, 4 эгнээтэй, цементбетон хучилтаар олон улсын стандартад нийцсэн чанартай болгон шинэчилж ирэх 2018 онд хүлээлгэн өгнө.
Монгол Улсын эдийн засгийн чухал ач холбогдол бүхий Азийн авто замын сүлжээнд холбогдсон Замын-Үүд Алтанбулаг чиглэлийн замын нэг хэсэг болсон Улаанбаатар- Дархан чиглэлийн 204.6 км замыг цементбетон хатуу хучилттай 1-р зэрэглэлийнх болгох бас нэгэн түүхэн үйл явдлын гэрч болж байна хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат онцлон хэлээд их ажлын анхны шороог хөндсөн юм.
Улаанбаатар-Дархан чиглэлийн зам нь 1970-1980 онд баригдсан бөгөөд 1997-2000 онд хийсэн ээлжит засвараас өөр их засвар, шинэчлэл хийгдээгүй учир замын суурь, хучилт их хэмжээгээр эвдрээд олон жил болж байна. Энэ чиглэлийн зам нь Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутаг, аялал жуулчлалын бааз, амралт, сувиллын газруудыг дайран өнгөрдөг. Тус замаар хоногт 3,800 автомашин зорчдог байна. Стандартаар бол 600 орчим автомашин зорчих ёстой аж.