Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ
2017.06.07
Эдийн засаг, Худалдаа

Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ

Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. Санхүүгийн зохицуулах хороо 2016 оны үйл ажиллагааныхаа 2017 нэгдүгээр улиралд багтаан гаргаж, УИХ-ын харъяалах Байнгын хороонд хүргүүлж, мөн олон нийтэд нээлттэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д тайлангаа танилцуулан, хэлэлцүүлсэн болохыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн танилцуулгынхаа эхэнд дуулгав. 

Монгол Улсын макро эдийн засаг 2016 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, валютын ханш өссөн, эдийн засгийн өсөлт саарсан, ашигт малтмал, түүхий эдийн үнэ буурсан хүндхэн жилийг даван тууллаа. Банкнаас бусад санхүүгийн зах зээл 2016 онд 2.6 их наяд төгрөгт хүрч, дунджаар 20 хувиар өссөн ба уг өсөлтөд төрийн дэмжлэг, бодлого зохицуулалтын орчинд гарсан өөрчлөлт голчлон нөлөөлсөн. ДНБ-д эзлэх банкнаас бусад санхүүгийн зах зээлийн хэмжээ 10.9 хувь ба 2015 оны түвшнээс 1.7 хувиар нэмэгджээ. Зарим салбарын хувьд тоон үзүүлэлтүүд өссөн ч чанарын өөрчлөлт гарахгүй байгаа нь харагдаж байна. Энэ нь нийгэм эдийн засгийн өөрчлөлт, техник технологийн хурдцаас хамааран салбаруудын хууль, эрх зүйн орчныг тэдгээрт нийцүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна.

Үнэт цаасны зах зээлийн хөгжлийн үндсэн үзүүлэлтүүд болох зах зээлийн үнэлгээ, хөрвөх чадвар, хувьцааны арилжааны хэмжээ 2016 онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн байгаа нь манай улсын хөрөнгийн зах зээл дээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх сэргэн, зах зээлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх боломж байгааг харууллаа. Салбарын бодит эдийн засагт үзүүлэх нөлөөллийг авч үзвэл, 2016 оны байдлаар даатгалын салбарын нийт актив ДНБ-ний 0.87 хувийг эзэлж байгаа нь өмнөх онтой харьцуулахад 27.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2016 оны жилийн эцсийн байдлаар нэг хүнд ногдох даатгалын хураамжийн хэмжээ 36,700.0 төгрөг байгаа нь өмнөх оноос 1.4 хувиар буурсан байна. 2016 оны жилийн эцсийн байдлаар даатгалын салбарт Хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй 17 даатгалын компани, 40 даатгалын зуучлагч компани, 31 даатгалын хохирол үнэлэгч компани болон даатгалын компанийн 242 салбар, 10 төлөөлөгчийн газар, даатгалын зуучлагч компанийн 208 салбар, даатгалын хохирол үнэлэгч компанийн 50 салбар, 2 төлөөлөгчийн газар тус тус үйл ажиллагаа явуулж байна. Даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ 2016 оны жилийн эцсийн байдлаар 208.4 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 35.2 тэрбум төгрөгөөр буюу 20.3 хувиар өссөн байна. 

Даатгалын салбарын үндсэн үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байгаа хэдий ч салбарын хөгжлийн гол хэмжүүрүүд болох даатгалын нэвтрэлт, нягтрал нь олон улсын дундаж түвшинтэй харьцуулбал доогуур, сүүлийн жилүүдэд өсөлт ажиглагдахгүй байна. Энэ нь иргэдийн санхүүгийн суурь боловсролыг нэмэгдүүлэх, даатгалын хүртээмжийг сайжруулах, даатгалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох орон зай байгааг илэрхийлж байна.

Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоож, тэдгээрийн хувь нийлүүлсэн хөрөнгийг үе шаттай нэмэгдүүлэх шийдвэртэй холбогдуулан ББСБ-уудын нийт актив 2016 оны эцэст 787.2 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд 2017 оны эцэст 26 хувиар өсөж 992.5 тэрбум төгрөгт хүрэх төсөөлөлтэй байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор банкнаас бусад санхүүгийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, салбарт эерэг үр дүн үзүүлнэ гэж үзэж байгаа аж.

2016 онд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх 34 тусгай зөвшөөрөл шинээр олгож, 7 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор нийт 280 ХЗХ үйл ажиллагаа явуулж байна. Нийт хадгаламж, зээлийн хоршоодын 65.7 хувь буюу 184 нь Улаанбаатар хотод, 34.3 хувь буюу 96 нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байна. Тайлант жилд ХЗХ-ны тоо өмнөх оноос 10.7 хувиар, гишүүдийн тоо 18.0 хувиар, нийт активын хэмжээ 15.8 хувиар тус тус өссөн бөгөөд активын 74.9 хувийг зээлийн багц эзэлж байна. Нийт актив болон зээлийн банкны салбарт эзлэх хувь өсөж байгаа нь “Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр”-т 123 ХЗХ хамрагдсантай холбоотой бөгөөд банк, ББСБ, төсөл хөтөлбөрөөс авсан зээлийн хэмжээ 15.5 тэрбум төгрөгт хүрсэн байна.

2016 онд ХЗХ-дын тоо өмнөх оноос 10.7 хувиар, гишүүдийн тоо 18.0 хувиар, нийт активын хэмжээ 15.8 хувиар тус тус өссөн байна. Нийт активын болон зээлийн хэмжээ өсөж банкны салбарт эзлэх хувь нь тус бүр 0.1 хувиар өссөн нь “Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр”-т 123 ХЗХ хамрагдсантай холбоотой бөгөөд төсөл хөтөлбөрөөс авсан зээлийн хэмжээ 15.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн ХЗХ-ны салбарын нийт активын хэмжээ 2016 оны II улирлаас эхлэн 100 тэрбум төгрөгийг даваад байгаа нь салбарын хувьд анхны тохиолдол юм.

Банкнаас бусад санхүүгийн салбарын нэгдсэн зохицуулалт, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүргийнхээ хүрээнд Хороо нь өнөөгийн байдлаар Монгол Улсын 18 хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллаж байна. Хороо нь холбогдох хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийн хүрээнд зохицуулалтад хамаарагдах нийт 302 хувьцаат компани, 62 үнэт цаасны компани (ҮЦК), 17 даатгалын компани, 40 даатгалын зуучлагч компани, 31 даатгалын хохирол үнэлэгч компани, 3091 даатгалын төлөөлөгч, даатгалын байгууллагад аудит хийх эрх бүхий 42 аудитын компани, 518 ББСБ болон 280 ХЗХ зэрэг нийт 1324 зохицуулалттай хуулийн этгээдийг санхүү, төлбөрийн чадвар, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн биелэлтэд зайнаас болон газар дээрх хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчил дутагдалд хууль тогтоомжид заасан арга хэмжээ авч, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэн, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор зохицуулалтын салбар чиглэл тус бүрээр тодорхой ажлуудыг хийж байна. Санхүүгийн зохицуулах хорооны хариуцах чухал асуудлын нэг болох санхүүгийн хүртээмжийн тухайд тэрбээр мэдээллээ үргэлжлүүлсэн.

Дэлхийн банкнаас гаргасан “Глобаль Финдекс”-ээр Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 92 хувь нь банкинд данстай байгаа. Энэ нь өндөр хөгжилтэй орнуудын үзүүлэлттэй ойролцоо байгаа хэдий ч иргэд шаардлагатай үедээ хэрэгцээтэй үйлчилгээгээ хямд өртгөөр, шуурхай авч чадаж байгаа эсэхэд үндэслэн бодит байдал дээр санхүүгийн хүртээмж хангалтгүй байгаа хэмээн дүгнэсэн аж. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн 2016 оны наймдугаар сард ажиллаж эхлээд төрийн албан цомхон, чадварлаг, ачаалал даах чадвартай, мэргэжлийн байх зорилгын хүрээнд байгууллагадаа шинэчлэл хийсэн гэв.

Шинэчлэл хийхээс урьд тус хорооны үйл ажиллагааны үндсэн чиглэл нь бүртгэл, зөвшөөрөл олгох, түүнээс улбаалан хяналт тавих зорилтыг хэрэгжүүлдэг байсныг өөрчилж, судалгаанд суурилсан бодлого, зохицуулалт болон мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлж, бүртгэл зөвшөөрлийн чиглэлээсээ бодлогоор зохицуулдаг байгууллага болохоор дунд болон урт хугацааны стратегийн зорилтдоо тусган хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өглөө. Хорооны нэгжүүдийн чиг үүргийн давхардлыг арилгах, зардал хэмнэх, ачааллыг нягтруулах зорилгоор бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн.

Энэ хүрээнд Гадаад харилцаа хамтын ажиллагааны газар, Судалгаа эрсдлийн шинжилгээний хэлтсийг байгуулжээ. Удирдлагын бүтцийг гурав дахин бууруулж, дотоод зохион байгуулалтыг холбогдох хууль, журамд нийцүүлсэн байна. Үргэлжлүүлэн тэрбээр Санхүүгийн зохицуулах хорооны төсвийн санхүүжилтийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. 2013 оноос хойш Санхүүгийн зохицуулах хорооны төсөв тогтмол буурсаар 2017 онд 2.4 тэрбум төгрөгт хүрсэн аж. Мөн 2017 онд Санхүүгийн зохицуулах хороонд ямар нэг олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжихгүй юм байна.

Гэтэл санхүүгийн салбарын ачаалал  жил бүр нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, 2013 онд тусгай зөвшөөрөл бүхий 813 аж ахуйн нэгжид зохицуулалт хийж байсан бол өдгөө 2067 аж ахуйн нэгжид зохицуулалт хийн ажиллаж байгаа юм байна. 2016 оны эцсийн байдлаарх энэхүү тоон дүнг салбараар нь ангилж үзвэл үнэт цаасны 524, даатгалын 131, банк бус санхүүгийн байгууллага 518, хадгаламж зээлийн хоршоо 280, салбар төлөөлөгчийн газар 614 багтаж байгаа гэлээ.

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, зохицуулалтын болон хяналт шалгалтын үйл ажиллагаагаа олон улсын түвшинд хүргэх, мэдээлэл солилцох зорилгоор 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлуудын талаар тайлагнасан. Төсгөлд нь Санхүүгийн зохицуулах хороо нь цаашид хууль, эрх зүйн зохицуулалт, хяналтын орчныг сайжруулах, зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, мэргэжлийн оролцогчдыг чадавхжуулах, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж, санхүүгийн хүртээмжийг сайжруулах, санхүүгийн үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, олон улсын байгууллагуудтай ажиллахаар төлөвлөн үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар мэдээлэв.

Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцууллаа. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд тайланг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлсний үр дүнд тодорхой болсон зарим асуудлуудыг нягтан судалж, Ажлын хэсгийн гишүүдээс гаргасан саналаар Байнгын хорооны шийдвэрийн төслийг боловсруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, Д.Дамба-Очир, Л.Болд Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсан. Монгол Улсын санхүүгийн зах зээл ДНБ-ий ердөө 4 хувийг эзэлж байгаагийн 3.2 хувийг нь банкны салбар эзэлдэг. Өөрөөр хэлбэл бизнесийн сонирхолыг татахааргүй зах зээл учир үүнийг тэлж, хамгийн багадаа ДНБ-ийнхээ 8-10 хувьд хүрсэн, бизнесийн сонирхолыг татахуйц ашигтай зах зээл болгон хөгжүүлэхэд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яамны бодлого чиглэж байх ёстой гэдэг саналыг гишүүд илэрхийлж байв. Үүний тулд хууль эрх зүйн орчныг эрс өөрчлөх, хөрөнгийн зах зээлийн бүтцийг зах зээлийн зарчмаар саадгүй ажиллах боломжийг бүрдүүлэх, энэ салбар дахь төрийн захиргааны байгууллагуудын давхардалыг арилгах шаардлагатай гэлээ.

Түүнчлэн банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санг шинэчилж 2.5 тэрбум төгрөг болгосон нь томоохон байгууллагуудын эрх ашгийг хамгаалж, шинээр банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулах боломжийг хумьсан шийдвэр байсныг шүүмжилж байв. Үүний зэрэгцээ санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй ломбардын үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага бус Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих шаардлагатай, тэдгээрийн үйл ажиллагаатай холбоотой хуулийн төслийг боловсруулах шаардлага бий гэдэг саналыг хэлсэн.

Мөн Санхүүгийн зохицуулах хороо нь банкны салбарт түгжигдээд байгаа капитал, гадаадаас орж ирж буй капиталын нэмэлт урсгалуудыг хэрхэн хөрөнгийн зах зээл рүү оруулах, банкны зах зээл болон хөрөнгийн зах зээлийн тэнцвэрийг хангах чиглэлээр бодлогын ямар арга хэмжээ авч ажиллах боломжтойг тодорхойлон, үүний тулд эрх зүйн ямар өөрчлөлт хийх талаар тодорхой санаачилга гарган, үйл ажиллагааны цар хүрээгээ том зургаар харж ажиллах шаардлага бий хэмээн хэлж байв.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д “Байнгын хороо тайланг хэлэлцсэний үндсэн дээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчил дутагдлыг засах, ажлаа эрчимжүүлэх чиглэлээр тайлагнасан байгууллагад чиглэл өгсөн тогтоол гаргаж болно” гэж заасны дагуу боловсруулан тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Дараа нь чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 85.7 хувийн саналаар дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ