МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.05.12
Хууль, эрх зүй

Ё.Баатарбилэг: Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг байгуулах нь зүйтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.12/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт асууж, санал хэлж дууссаны дараа Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн 79, дэмжээгүй 5 нийт 84 зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан юм. Байнгын хорооны дэмжээгүй санал дотор "Төслийн 6,1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 5 дахь заалт нэмэх" гэж байлаа. Тодруулбал, 

"Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь Эрүүгийн хуулийн Хорин нэгдүгээр бүлэгт заасан хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулна" гэдэг саналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гаргасан байдаг.

Гэвч энэ саналыг байнгын хорооны гишүүд дэмжээгүй. Ингээд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураах болоход УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг байгуулах нь зүйтэй. Тиймээс байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжихгүй байхыг хүслээ.

Гишүүнийг ийнхүү үг хэлсний дараа УИХ-ын дарга М.Энхболд байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад санал хураалтад 42 гишүүн оролцсоноос 6 гишүүн зөвшөөрч, 14,3 хувийн саналаар байнгын хорооны дэмжээгүй саналыг гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хүсэлтээр Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь Эрүүгийн хуулийн Хорин нэгдүгээр бүлэгт заасан хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахаар болж байна.

ШИНЭ МЭДЭЭ