УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
2017.04.20
Хууль, эрх зүй

Х.Нямбаатар: Прокурорын байгууллага бэлтгэлтэй байх ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.20/ Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ. 

Хоёр хоногийн өмнө тун яарч өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар үг хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

"Үндсэн хуульд Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийцүүлэх шаардлага бий. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх үйл ажиллагаанд Прокурорын байгууллага хяналт тавина гэж Үндсэн хуульд заасан байдаг. Мөн цагдан хорих байрны хяналтыг Прокурорын байгууллага хэрэгжүүлж байна. Үүнээс гадна төрийг төлөөлөх чиг үүрэг Прокурорт бий. Олон хэрэг дээр төр тухайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол бий.

Өнгөрсөн хугацаанд Прокурорын байгууллага төрийг төлөөлж нэхэмжлэл гаргасан тохиолдол цөөн бүртгэгдсэн байдаг. Тиймээс Прокурорын тухай хуульд төрийг төлөөлөх чиг үүрэг, төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, ялангуяа байгаль орчны эсрэг гэмт хэргүүдэд төрийг төлөөлөх чиг үүргийг тодорхой болгох шаардлага бий.

Улсын дээд шүүх норматив тайлан гаргахаа болиод удаж байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Улсын дээд шүүхийн норматив тайлан гаргадаг үйл ажиллагааг буцааж сэргээж байгаа.

Эрх зүйн шинэтгэлтэй холбоотойгоор Прокурорын байгууллагын ачаалал эрс нэмэгдэнэ.

Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар бүтэц, зохион байгуулалтад анхаарах хэрэгтэй. Одооноос хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг базааж эхлэхгүй юм бол 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зургаан хууль цогцоороо хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Монгол Улсад жилд дунджаар 1,3 сая зөрчил бүртгэгддэг. Эдгээр зөрчлийг бүгдийг нь Прокурорын байгууллага шалгадаг байхаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан. Торгуулийн хуудаснаас авхуулад зөрчил шалган шийдвэрлэх бүх төрлийн зөрчилд Прокурорын байгууллага хяналт тавьж ажиллана." 

ШИНЭ МЭДЭЭ