МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.04.07
Эдийн засаг, Худалдаа

М.Оюунчимэг: Татвар нэмсэнээр хүн бүр тэгш эрхтэй байх ардчиллын үнэт зүйл алдагдана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг 7 төрлийн татвар нэмэх тал дээр шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: "Өнөөдөр манай улсад хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг авч үзэхэд  5 төрлийн орлогод татвар ногдуулахаар бүлэглэсэн байдаг.

Харин энэ удаагийн тодотголоос харахад хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээний өсөлт, шатлалаар татвар ноогдуулах төсөл нь зөвхөн цалин, хөдөлмөрийн хөлсний орлого олдог хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад хамаарахаар байна.

Дээрээс нь нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх төсөл нь бас л энэ бүлгийн хүмүүст хамаарахаар заалт байна. Хэрвээ бүх хадгаламжийн хүүн дээр татвар авна гэвэл энэ хүмүүс 3 төрлийн татвар нэг зэрэг төлөхөөр байна.

Тэгэхээр бид үүнийг өөр аргаар тооцоолох шаардлагатай. Тухайлбал, ОУВС-тай гэрээ хийхдээ хувь хүний орлогын албан татвар дээр эсвэл орон сууц, оюутны төлбөр гэх мэт дээр өөр аргаар зохицуулах аргуудыг хэрэглэж болохоор байхад заавал тодотголоор шууд татвар ногдуулах гэж оруулж ирж болж байгаа юм уу? Энэ тал дээр эмэгтэй гишүүдэд маш олон иргэдээс хүсэлт ирж байна.

Төсвөөс гадна концесс гээд 7 төрлийн зүйл орж ирж байна. Олон хүмүүст нэг дор их хэмжээний ачаалал үүрүүлж байснаас концессоос оруулж ирж байгаа төсвөө өөр зүйлд зарцуулах хэрэгтэй.

Жишээлбэл, хувь хүний албан татварын шатлал дээр бид бодолцох хэрэгтэй. Шатлалыг нь уртасгах ч юм уу арга хэмжээ авах боломжууд байна. Үүн дээр илүү анхаарах хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, импортын тамхины татварыг 30% болгоод дотоодын тамхины үйлдвэрийг 5% болгоно гэж байна. Ингэж дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж байгаа юм бол бусад үйлдвэрлэлээ ч гэсэн дэмжих арга хэмжээ авбал яасан юм бэ? Ардчилсан улс болохоор хүн болгон тэгш эрх эдлэнэ гэж ярьдаг мөртлөө татвар дээр ч, бизнес дээр ч тэгш эрхтэй байж чадахгүй байна. Үүнийг засч залруулах гэж УИХ-д сууж байгаа гэж ойлгож байна. ОУВС биднийг төсвөө өөрчил, тогтвортой байлга гэснээс биш татвараа нэмэх тал дээр юу хэлсэн юм бэ?"

ШИНЭ МЭДЭЭ