2017.04.07
Улстөр

Ж.Энхбаяр: Монгол Улс оффшор бүсэд орох боломжтой юу?

УИХ-ын нэгдсэн Чуулганы хуралдаанаар "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн" төслийн талаар хэлэлцүүлэг хийж байгаа билээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр оффшор бүсийн тухай улстөржихөөс илүү олон нийтэд танин мэдүүлэх ажил дутмаг байгааг дурдаж хэд хэдэн асуулт тавьлаа.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: 

"Оффшор бүс гэж юу вэ? Дэлхийд хичнээн оффшор бүс байна вэ? Оффшор бүсийн мэдээлэл нээлттэй байдаг уу? Монгол Улсад өнгөрсөн хугацаанд орсон нийт хөрөнгө оруулалтын 90 гаруй хувь нь оффшор бүсээс орсон байх юм.  Нөгөө талтаа оффшор бүс бол татварын эдийн засгийн нэн таатай, хөнгөлөлттэй бүс гэж явдаг. Бид үе үе туйлширсан шийдвэрүүдийг олон гаргадаг. Алтны 65 хувийн татвар нэмэхэд нийгэмд таалагдсан боловч Монголын алтны салбар эрс унасан хуулийг өмнө нь баталж байсан. Урт нэртэй хуультай холбоотой хөрөнгө оруулалт унасныг мартаж болохгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хууль баталж байсан.

Одоо оффшор гэдэг зүйлээр хэт улстөржиж, нийгэмд танин мэдүүлэх талаас дутуу ажиллаж байна.

Оффшор бүс гэж яг юу юм бэ? Сайн зүйл үү муу зүйл үү? Ер нь Монгол Улс өөрөө оффшор бүс болж болох уу? Монгол улс өөрөө оффшор бүс буюу татварын таатай бүс болж дэлхийн мөнгөн хөрөнгийг өөртөө цуглуулж болох уу? Тийм хууль баталсанаар Монгол Улсад ямар сөрөг нөлөөтэй вэ?

Эцэст нь Авилгатай Тэмцэх Газраас асуумаар байна. Энэ 30, 40мянган хүнтэй холбоотой мэдүүлгийг бид авмаар байна. Энийг хэрэгжүүлэх боломжийг эрхзүйн орчноор хангаж чадах уу? Тухайлбал, панам гэдэг ганц оффшор бүсэд Монголтой холбоотой 49 хүний нэр байна гэж сонсогдсон. Тэгэхээр тэр оффшорын бүсэд Монгол  Улсын авилгатай тэмцэх газраас хүсэлт гаргаад иргэний мэдээллийг авч чадах уу? Өнөөдөр нийгмийг бужигнуулж буй 17 тэрбум доллар гадагшилсан байна гэдэг яриа хэр үнэн бэ?

Жилдээ 10-хан тэрбум долларын эдийн засагтай Монгол Улсаас 17 тэрбум доллар гадагшилах эдийн засгийн чадавхи байгаа юу? Үүнийг хуульзүйн яам нийгэмд танин мэдэхүйн том арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Нийгэм, улстөрд хөтлөгдөж харалган шийдвэр гаргах вий гэж болгоомжилж байна. Үр дагавар нь Монгол Улсад орох хөрөнгө оруулалтад хязгаарлалт болох вий гэж бодож байна. Эдийн засгийн эрх чөлөөгүй 65 улсын нэгд Монгол Улс орсон байна.

 УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

Монгол Улс 2013 оноос хойш оффшорын тухай ойлголттой болсон. 2016 оны 10 сард Засгийн газраас УИХ-д оффшорын асуудлыг цэгцлэх талаар хууль өргөн барьсан. Оффшор гэдэг бол хилийн чанд дахь гэсэн агуулгатай үг. Оффшор бүсэд үйл ажиллагаа явуулна гэдэг бол татварын нэн таатай орчинд бизнес, үйл ажиллагаа эрхлэх бололцоо, боломжийг бүрдүүлэх гэсэн агуулгатай. Оффшор бүс нь татварын хөнгөлөлт эдлэх, нэргүй бизнес эрхлэх, валютын хязгаарлалтгүй байх, компани бүрдүүлэхэд тавих шаардлага маш бага, хувьцаа эзэмшигчдийн хурал хийх, санхүү тайлангаа гаргах гэх мэт үйл ажиллагаа шаарддаггүй.

Энэ чиглэлээр дэлхийн ОУ-ын байгууллагууд судалгаа хийсэн. Нийтдээ 60 орчим улс орон оффшор бүсэд хамаардаг. ОУВС, Татварын Шударга Ёсны Холбоо, ОУ-ын хамтын нийгэмлэг гэсэн байгууллага тодорхой үзүүлэлтүүдийг тооцож жил бүр оффшор бүсийг зарладаг. Албан ёсоор 42 улсыг оффшор бүсэд зарласан байна.

1990-өөд оноос 2015 он хүртэл нийт 10,8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оффшор бүсээс орж ирсэн байдаг.

Бидний оруулж ирсэн хуулийн төслөөр төрийн болон нийтийн албанд ажиллаж байгаа албан тушаалтнуудыг оффшор бүсэд данс эзэмшүүлэхийг хориглох тухай ярьж байна.

Авилгатай тэмцэх газрын тамгын хэлтсийн дарга З.Баасанням: Оффшор бүсийг хянах асуудал чадвар, нөөцийн хувьд бий. Харин оффшор бүсийн мэдээлэл хаалттай байдаг учраас бодитоор нь тогтооход тодорхой хэмжээний цаг хугацааны асуудал байдаг. Эргээд эрхзүйн хариуцлага туслалцааны гэрээтэйгээр энэ асуудлыг шийдвэрлэж болно. Одоогоор богино хугацаанд хянаад, шийднэ гэсэн боломж бололцоо муу байна.

ШИНЭ МЭДЭЭ