УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2017.02.03
Зам, Тээвэр

Д.Сумъяабазар: Авто замын өмчлөгч, эзэмшигч хоёрын хооронд маргаан үүсэх вий

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

Хуулийн төслийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар санал хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар:

Авто замын тухай шинэчилсэн найруулгын төсөл оруулж ирж байгаад талархаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд авто замтай холбоотой маргаан төр, хувийн хэвшлийнхний дунд нилээд өрнөлөө.

Концессийн гэрээгээр хэд хэдэн замын төсөл хэрэгжүүлсэн ч төр мөнгөгүйгээсээ болж, компаниудын мөнгийг шийдэж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс Монголын төр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг хөсөрдүүлэлгүй, аливаа төсөл, арга хэмжээнд хүч, дэм өгөх үүднээс эрх зүйн зөв зохицуулалт оруулж ирж байгаад талархаж байна.

Дотоодын цемент үйлдвэрлэгч нараа дэмжих зохицуулалт оруулж ирсэн гэж салбарын сайд танилцуулгадаа дурдаж байна. Жишээлбэл, Япон улсад 1960 он хүртэл химийн үйлдвэр оргилдоо хүрч хөгжөөгүй байх үедээ гаднаас нэг ч валютаар асфальт худалдан авдаггүй байсан. Гэтэл манай улсад бетон, цемент гээд зам барих бүхий л түүхий эд бий.

Уул уурхайн салбарын орлогыг ариг, гамтай зарцуулах ёстой гэж боддог. Орж ирсэн орлогоо буцааж гаргадаггүй, аль болох дотооддоо шингээдэг байх хэргтэй гэж боддог. Энэ утгаараа дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжсэн зохицуулалт оруулж өгсөн нь сайшаалтай байна.

Нийслэлийн авто замтай холбоотой хэдэн санал хэлье. Хот доторх давхар зам, гүүрэн зам, түүнтэй холбоотойгоор хонгилийн системийг давхар шийдэх ёстой. Хот доторх авто зам бол илүү өртөг өндөртэй, илүү хүч, технологи шаардсан байх болов уу. Тиймээс энэ төрлийн зам барихдаа сайтар бодолцож, дахин хөрс хуулалт хийхгүйгээр чанартай зам барих ёстой.

Уг хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт ачаалал үүсэхгүй гэж байна. Гэхдээ барих, ашиглах, шилжүүлэхтэй холбогдсон үйл явц, харилцаан дээр онцгой анхаарах ёстой. Авто замын өмчлөгч, эзэмшигч хоёрын хооронд маргаан үүсэх вий.

Маргаан гарч, хууль хяналтын байгууллагад ханддаг. Үүний улмаас дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл буурах нь бий. Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед концессийн гэрээгээр зам тавихаас өөр арга алга. Тиймээс хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулалгүй, нэмж хөрөнгө оруулалт татах зэрэг олон ажил бий. 

ШИНЭ МЭДЭЭ