С.Чинзориг: Төрийн албан хаагчаас гадна үр хүүхэд, төрсөн ах дүүг нь гадаадад данстай байхыг хориглох хэрэгтэй
УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.
-Оффшорын хуулиар гишүүд янз бүрээр байр сууриа илэрхийлж байна. Байнгын хорооноос буцаах санал гарсан ч чуулганаар хэлэлцэхээр болсон. Гэвч намын Бүлэг дээрээ байр сууриа нэгтгэхээр хойшлуулаад байгаа. Таны хувьд энэ хуулийн төсөл дээр ямар бодолтой байгаа вэ?
-Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн төслийн ерөнхий агуулга, зарчмыг нь дэмжиж байгаа. Ер нь улстөрчид болоод төрд зүтгэж, албан тушаал хашиж байгаа хүн бол тэр татваргүй бүс буюу оффшорын бүсэд дансгүй байх ёстой. Төрийн албан хаагчийн тангараг өргөөд, тодорхой хэмжээгээр төрөөс нийгмийн баталгаа хангагдаж байгаа бол оффшор бүсэд дансгүй байх ёстой гэсэн санаа юм. Гэхдээ одоо УИХ-д хэлэлцэгдэж байгаа хуулийн төслийн томъёоллыг нь харахаар санал нийлэхгүй асуудал байна.
-Тухайлбал?
-УИХ дээр Засгийн газраас орж ирээд хэлэлцэгдсэн хуулиар бол нэлэнхүйд нь буюу гадаад улсад данстай байхыг хориглох гээд байгаа юм. Үүнийг би буруу гэж үзэж байгаа.
Хүний амьдрал баялаг шүү дээ. Жишээ нь, нэг төрийн албан хаагч байлаа гэхэд хүүхэд нь гадаад орны тэтгэлэгт хамрагдаад гадагшаа сургуульд сурч болно. Бас манай улсаас эрүүл мэндийн асуудлаар гадагш, дотогшоо явдаг улсууд байж л байдаг. Тэд бас хязгаарлагдчих гээд байгаа юм.
-Тэгвэл яах ёстой гэж?
-Ерөөсөө гадаад улсад дансгүй бай гэж хориглохгүйгээр харин яг тэр татваргүй бүс буюу татвараас зугтдаг, хууль бусаар олсон орлогоо нуудаг оффшор бүсэд данстай байхыг нь хориглоё гэдэг зарчмын байр суурьтай байгаа. Мөн Засгийн газраас орж ирсэн саналд зөвхөн тухайн төрийн албан хаагчийг гадаад улсад данстай байхыг нь хориглочихсон. Цаана нь үр хүүхэд, ах, дүү нь данстай байх нь нээлттэй байгаад байна.
-Үр хүүхэд, ах, дүү нарынхаа гадаад дансыг мэдээлнэ гэж байгаа?
-Энэ бас болохгүй зүйл л дээ. Манайд найз нөхөд, ах дүү эсвэл хүүхдээрээ дамжуулж бизнес хийдэг, бизнест маш их оролцож байгаа явдлууд байна шүү дээ. Яг ийм байдал гарсан гашуун туршлага ч бий. Жишээ нь, 2016 онд Улаанбаатар хотын захирагч хийж байсан Э.Бат-Үүлийн хүү Чулуудай оффшор бүсэд данстай байсан байна гээд асуудал босч байлаа. Тэгэхэд Э.Бат-Үүл “Би оффшор дансгүй. Манай хүү оффшор данстай байж. Гүйлгээ хийгээгүй байсан юм байна. Гэхдээ миний хүү чинь туурга тусгаарласан аж амьдралтай, 40 нас хүрчихсэн хүн шүү дээ” гээд хаагаад байсан шүү дээ. Би бол үүнийг буруу гэж бодож байгаа. Улс төрч юм уу, төрийн өндөр албан тушаал хашиж байгаа бол оффшор данстай байж болохгүй. Дээр нь эхнэр, хүүхэд нь болон төрсөн ах, дүү нар нь ч оффшор бүсэд данстай байж болохгүй гэж байгаа.
-Хэн нэг нь төрийн албан хаагч байлаа гээд бусад нь гадаадад данстай байх эрхээ хаалгана гэдэг хүний эрх талаасаа хэцүү юм биш үү?
-Дээр дурдсан шүү дээ. Ах, дүү, үр хүүхдээрээ дамжиж бизнест оролцдог асуудал маш түгээмэл байна. Тийм болохоор миний санал бол гадаад улс орон гэж нийтэд нь хаахаа болъё. Харин яг оффшор бүсэд данстай байхыг нь хааж өгье. Нөгөө талдаа зөвхөн тухайн төрийн албан тушаалтан биш хүрээг нь нэмэгдүүлье. Үр хүүхэд, төрсөн ах, дүү нь данс эзэмшихийг хориглоё гэсэн зарчмын байр суурьтай байгаа. Одоогийн байнгын хороон дээр санал хураагаад оруулж ирсэн хуулийн төсөлд бол тухайн албан хаагч болон хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүд нь гэсэн байна. Тухайлбал, одоо УИХ-д байгаа гишүүд дунд бүх хүүхдүүд нь тусдаа гарчихсан хүмүүс ч бий. Ганц бага нь тусдаа гараагүй үлдчихсэн нь ч байгаа. Тэгэхээр тусдаа гараагүй бага хүүхдийг нь аав, ээжийн хамт данс нээхийг нь хориглоод бусад бие даагаад туурга тусгаарласан хүүхдүүдийг нь данстай байхыг нь зөвшөөрөх гээд байгаа ийм л асуудал. Тэгэхээр миний хувьд зарчмын хоёр өөр санал гаргаж байгаа юм. Нэгдүгээрт, гадаадад данстай байж болохгүй гэж хаахийн оронд оффшор бүсдээ дансгүй байна гэдгийг зааж өгье. Нөгөө талдаа өөрөө юм уу хамт амьдардаг гэр бүлийн гишүүд гэж хэт явцуу хүрээнд оруулахгүйгээр жаахан өргөжүүлье гэсэн зарчмын байр суурь илэрхийлж байна.
-Хууль зүйн байнгын хорооноос гарсан ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар гишүүн “Гадаад улс орон гэж оруулахгүй бол болохгүй юм байна. Оффшор бүс гээд шууд зарлах гэхээр манай орон бусад тусгаар улсуудыг хуулиараа тэр нь оффшор, энэ нь оффшор биш гэж ялгах болно. Гадаад харилцааны яамнаас ч ийм мэдээлэл хүргүүлсэн. Тиймээс ингэж оруулсан” гээд байгаа?
-Өнгөрсөн Бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг нэлээд ярьсан. Бүлгийн хуралдаанд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил байсан. Ц.Мөнх-Оргил сайдаас “Танайх энэ оффшор бүс, тэр оффшор бус бүс гэж бусад улсыг ялгаж харилцахад хэцүү. Олон улсын харилцаанд хүндрэлтэй асуудал үүснэ гэсэн бичиг өгсөн юм байна. Энэ бас тийм боломжгүй юу” гэж асуусан. Ц.Мөнх-Оргил сайд “Манай дэд сайд тийм хариу өгсөн юм байна лээ. Би бол түүнийг буруу тайлбар өгсөн гэж ойлгож байгаа. Яг одоо таны хэлж байгаа шиг ерөөсөө оффшор бүс гэдгээ тодорхой зааж өгөх ёстой. Тийм боломжтой. Гадаад харилцаанд ямар нэгэн хүндрэл гарахгүй” гэж хариулсан. Тиймээс би яг тодорхой татваргүй бүсэд буюу тодорхой оффшор бүсэд гэж заахад болох юм байна гэж бодож байгаа.
-Энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаараа байр сууриа хэр нэгтгэсэн юм бэ?
-Ер нь бол нэлээд нэгдэх тийшээгээ явсан.
-Эрдэнэтийн 49 хувийг шалгах ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан. Түүнтэй холбогдуулан МАН-ын зарим гишүүд ч хувийн өмчийг улсад авах гэж байгаа бол буруу шүү гэсэн утгатай байр суурь илэрхийлээд байгаа. Дүгнэлт дээр ийм хуулиудыг зөрчсөн учраас 49 хувийг улсад шилжүүлж авах тухай үг үсэг байна лээ. Таны хувьд ямар бодолтой явна?
-Энэ асуудлыг УИХ байгуулагдсан цагаас хойш гишүүд нэлээд ярьсан л даа. Яагаад Засгийн газар тэр 49 хувийг давуу эрхээрээ авах саналаас татгалзсан нь хууль ёсны байсан уу. Өмнө нь УИХ-аар баталсан олон улсын гэрээ заавал УИХ-аар орох ёстой байсан эсэх, 49 хувийг авсан компанийн санхүүжилтийн эх үүсвэр хууль ёсны байсан уу гэдгийг тодруулах ёстой гээд байнга л ярьж байсан. Нэгэнт УИХ-аас ажлын хэсэг гараад дүгнэлтээ танилцуулж байгаа учраас байр сууриа илэрхийлж таарна. Маргааш (өнөөдөр) Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх юм байна лээ. Тэр дээр өөрийнхөө байр суурийг тодорхой илэрхийлнэ гэж бодож байгаа. Ер нь Үндсэн хуулиар хувийн өмчийн бүхий л хэлбэрийг зөвшөөрсөн. Хувийн өмчид хууль бусаар халдаж болохгүй гэдэгтэй би санал нэг байна. Гэхдээ тэр нь хэдийгээр хувийн өмч гэж үзэж байгаа ч гэсэн хууль ёсны дагуу очсон эсэхийг бид нэлээд нарийвчилж ярих ёстой. Яагаад УИХ-ын бүрэн эрхэнд халдаад тухайн үеийн Засгийн газар УИХ-аар хэлэлцүүлэлгүй явчихсан юм. Гэрээнд зааснаар Монгол Улсын Засгийн газар 51 хувийн давуу эрхээрээ Оросын эзэмшиж байгаа 49 хувийг худалдан авах эрхтэй байтал түүнээсээ татгалзчихсан юм. Тэр 49 хувийг авсан компанийн эх үүсвэр хууль ёсны байсан уу гэдгийг ярих ёстой. Тэрнээс биш өөрөө бүтээчихсэн хувийн өмчийг төрд авах гэж байгаа асуудал биш гэж ойлгож байгаа. Тийм учраас нэлээд ярьж байж учир зүйгээ олж УИХ дээр нэгдсэн ойлголтод хүрч шийдвэр гарах байх гэж найдаж байна. Нэгэнт УИХ үнэн, зөвийг тогтооно гэж ажлын хэсэг байгуулаад дүгнэлт гараад ирчихсэн учраас одоо бид түүнээс ухрах арга байхгүй шүү дээ. Би бол нэгэнт ажлын хэсгийн дүгнэлт гарсан учраас үүнийг нэлээд нягталж үзье. Байнгын хороо, чуулган дээр яръя. Тэгээд үнэхээр бодитой юм байна гэдэг итгэл үнэмшил төрөх юм бол ажлын хэсгийн дүгнэлтийг дэмжээд явж таарах болов уу гэж бодож байна.
-Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах болон Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг энэ долоо хоногт болно. Малчдын тэтгэврийн насыг наашлуулах шалтгаан нь юу вэ?
-Малчин түмний нийгмийн хамгааллыг сайжруулахтай холбоотойгоор зайлшгүй шинээр бодлого явуулах шаардлагатай. Нэг хэсэг нь өөрийнхөө малыг маллаж яваа хүмүүс гэдэг. Би бол тэр талаас нь хардаггүй. Малчид гэдэг бол байгалийн хатуу, ширүүн нөхцөлд хэдэн малаа өсгөхийн төлөө, монголын ард түмнийг эрүүл хүнсээр хангахын төлөө өөрийгөө зориулж буй хүмүүс. Ялангуяа манайх шиг жилийн дөрвөн улиралтай нөхцөлд амаргүй ажил л даа. Төв суурин газрын бид бол өдөрт найман цаг битүү нар, салхинаас хамгаалагдсан нөхцөлд ажил явуулдаг бол хөдөөгийн малчин иргэдийн өдөрт ажилладаг цаг нь бол хязгааргүй урт. Нөгөө талаас өдөрт үргэлжлэх ажлын цагийнх нь дийлэнх хугацаанд дандаа гадаа, байгалийн хүчин зүйл, нар, салхин дунд өнгөрдөг. Тэр утгаараа малчид бол нар салхинд хамгийн их гандаж элээгдэж яваа хүмүүс гэж ойлгодог.
Мөн малчин түмэн маань Монгол Улсын хөгжилд асар их хувь нэмэр оруулж байгаа. Ер нь мал аж ахуйн салбар бол манай дотоодын нийт бүтээгдэхүүний нэлээдгүй хувийг үйлдвэрлэж байгаа шүү дээ. Тэр утгаараа малчдын нийгмийн баталгаатай холбоотой асуудалд нэлээд анхаарах ёстой. Ер нь бол байгалийн хатуу ширүүн нөхцөлд жилийн дөрвөн улиралд мал малладгаас хамаараад малчдын дундаж наслалт, төв суурин газрын иргэдийн дундаж наслалтаас харьцангуй доогуур байдаг. Үүнтэй холбоотойгоор малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах шаардлагатай байна гэж үзсэн. Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр улмаар УИХ-аар батлагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт батлагдсан асуудал шүү дээ.
-Тэгвэл Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийн төслийн талаар юу хэлэх вэ?
-Улсын хэмжээгээр 1.1 сая ажиллагсад бий гэж тооцдог. Үүний 47 хувийг нь малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд эзэлж байгаа. Тэгсэн атлаа нийгмийн даатгалын төлөлтийг нь аваад үзэхээр малчдын есөн хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 13 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа. Ерөнхийдөө малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 80-90 хувь нь үндсэндээ нийгмийн хамгааллын гадна байна гэсэн үг. Ахмад, өндөр настан болсон хойноо Нийгмийн хамгааллын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь үүсэхгүй, ирээдүйн нийгмийн баталгаа нь алдагдах нөхцөлтэй байгаа. Ийм учраас малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлж чадаагүй явж ирсэн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн барьсан. Энэ хоёр хууль хоёулаа ирэх пүрэв гаригийн чуулганаар эцсийн хэлэлцүүлэгт орохоор бэлтгэж байна.
-Эдийн засаг хүндэрсэн гээд байгаа мөртлөө дандаа халамжийн шинжтэй хууль хэлэлцэж байна гэсэн шүүмжлэл гарч байна л даа. Үүн дээр юу хэлэх вэ?
-Ерөнхийдөө бол МАН өөрөө зүүний чиглэлийн нам. Тийм учраас нийгмийн хамгааллын асуудлыг бодлогынхоо тэргүүлэх зорилго болгож явдаг. Нөгөө талаас үнэхээр нийгмийн хамгааллын гадна байгаа хэсгийг төр л гэж байгаа бол зайлшгүй анхаарлынхаа төвд оруулах хэрэгтэй гэж боддог. Би үүнийг зөвхөн нийгмийн хамгааллын асуудал гэж үзэхгүй байгаа. Эдийн засаг хүндрэлтэй байна гээд энэ нийгмийн хамгааллын гадна байгаа хэсэгт төр засаг анхаарал хандуулахгүй байж болохгүй. Ялангуяа эдийн засгийн хямралд илүүтэй нэрвэгдэж, ширвэгдэж байгаа тэр орлого багатай хэсэгт, нийгмийн хамгаалал нь хамгийн эмзэг байгаа хэсэгт төр хамгийн түрүүнд гараа сунгаж, нийгмийн хамгааллыг нь сайжруулахын төлөө арга хэмжээ авах ёстой. Ер нь бид эдийн засаг хүндрэлтэй байна гээд ард түмнийхээ бодит орлогыг бууруулахгүй байх арга хэмжээ зайлшгүй авч таарна шүү дээ. Ний нуугүй хэлэхэд үндсэндээ 2013 онд төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмсэн байдаг. Түүнээс хойш таван жилийн хугацаанд цалинг нэмээгүй. Гэтэл энэ хугацаанд үнийн өсөлт ямар болов. Валютын ханш хэд байснаа хэд болчихов. Энэ бүхнийг ард түмэн бүсээ чангалж байж үүрч явна шүү дээ. Тиймээс орлого багатай байгаа нийгмийн хамгаалал нь эмзэг хэсэгт зайлшгүй анхаарал хандуулж эхний ээлжинд бодлогын чанартай ажлууд хийх шаардлагууд байна.
Ж.Баярсайхан