Баянгол дүүрэг дөрвөн жилд 13 эмнэлэг байгуулжээ
Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа
2017.01.24
Орон нутгийн хөгжил

Баянгол дүүрэг дөрвөн жилд 13 эмнэлэг байгуулжээ

-"Хүүхдийн эмнэлэг, ахмад настаны нөхөн сэргээх эмчилгээ сувиллын төв"-ийг ашиглалтад оруулна-Нийслэлийн Баянгол дүүрэг өнгөрсөн дөрвөн жилд 13 эмнэлгийг барьж, ашиглалтад оруулжээ.

Хамгийн сүүлд "Хүүхдийн эмнэлэг, ахмад настаны нөхөн сэргээх эмчилгээ сувиллын төв"-ийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Энэхүү төвийг ашиглалтад оруулсанаар тэдний нас, эрүүл мэндийн онцлогт тохирсон сувилгаа үйлчилгээг үзүүлэх боломжтой аж. Ханиад томуу их, эмнэлгийн хүртээмж муу байгаа үед Баянгол дүүргийн сайн жишгийг сурвалжиллаа.

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа болон холбогдох албаны хүмүүс Хүүхдийн эмнэлэг, ахмад настаны нөхөн сэргээх эмчилгээ сувиллын төв" болон дүүргийн Эрүүл мэндийн төв, Эмүжин, БГД-ийн хүүхдийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Улмаар дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.

Энэ бүтээн байгуулалтад УИХ-ын гишүүн С.Эрдэнийн оролцоо их байгааг албаныхан онцолж байсан юм.

Төсөл хөтөлбөр, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн н.Очирбат “Ахмадын эмнэлгийг нээж ажиллуулахаар зорьж ажиллуулж байна. Энэ ондоо багтааж ашиглалтад оруулна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хөрөнгө оруулалт хийсэн. Энэ эмнэлэг ашиглалтад орсоноор 40 мянга гаруй ахмад эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм. Одоо ахмадууд нэгдсэн эмнэлэгт үйлчлүүлж байна” гэж ярилаа.

С.Одонтуяа: УИХ-ын гишүүн С.Эрдэнээс л тусламж ирж байна

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Ирэх дөрвөн жилд бид эрүүл мэндийн стандарт хангасан жишиг дүүрэг болгох зорилт тавьсан. Энэ эмнэлгийг ашиглалтад оруулсанаар эрүүл мэндийн стандартыг хангасан жишиг дүүрэг болох амлалтаа 100 хувь биелүүлчихлээ гэж ойлгож болно. Үүнийг юугаар тооцож байна гэхээр Нэгдүгээрт, орны тоогоор хоёрдугаарт, нэг иргэнд оногдох тусламж үйлчилгээний хүртээмжээр Үүнд ахмадыг нөхөн сэргээх эмнэлэг бий болно. Мөн хүүхдийн 100 ортой эмнэлэг дахин бий болж байна.

Өнгөрсөн дөрвөн жил 150 ортой эмнэлэг барьж ашиглалтад оруулсан ч хүрэлцэхгүй байгаа. Өдгөө энэ эмнэлэгт 230 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс бид шинэ эмнэлэгтээ дахин 100 ортой эмнэлэг ашиглалтад оруулсанаар энэхүү асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Мөн төрөх тасаг нээх зорилт тавин ажиллаж байна.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 13 эмнэлэг барьж, байгуулжээ. Эмнэлгээ нэн яаралтай ашиглалтад оруул гэсэн шаардлагыг Нийслэлээс өгсөн. Тиймээс бид шургуу ажиллаж байна.

Гэхдээ бидэнд шахалт шаардлага ирж байгаа ч бодитой тусламж ирэхгүй байна. Шинэ Засгийн газраас нэг ч төгрөгийн тусламж хөрөнгө оруулалт ирэхгүй байна. Одоогоор УИХ-ын гишүүн С.Эрдэнийн тусламж л ирж байна” гэж ярилаа.

Эрүүл мэндийн төвийн Мэдрэлийн их эмч Э.Төрмөнх “Ахмадын эмнэлэг маань ашиглалтад ороход бэлэн болж байна. Ер нь нуруу, үе мөчний өвчин элбэг байдаг. Энэ эмнэлэг ашиглалтад орсоноор ахмадууд хэвтэн эмчлүүлнэ. 80 ортойгоор иргэдэд үйлчилнэ. 40 мянга гаруй ахмад эмчлүүлэх боломжтой. Ахмадуудад зориулсан анхны эмнэлгийг ашиглалтад оруулж байгаагаараа жишиг тогтоож байна. Дашрамд дурдахад, БГД өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 13 эмнэлэг барьж байгуулсан байна. Ирэх дөрвөн жилд эмнэлгийн үйлчилгээ, стандарт, менежментийг дэлхийн жишигт нийцүүлэхээр зорьж ажиллаж байна” гэж ярилаа.

 

ШИНЭ МЭДЭЭ