УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
2017.01.19
Эрүүл мэнд

Б.Саранчимэг: 6 сар хүртлээ хөхөөр хооллосон, хооллоогүй хүүхэд хоёр харьцангуй ялгаатай байдаг

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар /2017.01.17/ Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг санал хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

"Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна. “Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл батлагдсанаар нийгэмд нилээд ач холбогдолтой юм. Эхийн сүүгээр 6 сар хүртэл хугацаанд хооллосон хүүхэд, хооллоогүй хүүхэд хоёр хоорондоо маш зөрүүтэй.

Биеийн дархлаа сул, амьсгалын замын халдварт өвчин тусах эрсдэл харьцангуй өндөр байдаг. Тиймээс уг асуудлыг шийдэх зорилготой хуулийн төсөл батлах нь маш чухал юм. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Зөрчлийн тухай хууль 2015 онд батлагдаж, 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Гэтэл УИХ-аар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлсэн.

Өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл батлагдчих юм бол бидний өргөн мэдүүлсэн нэмэлт, өөрчлөлтийн төсөл хүчингүй болох учраас хуулийн төслийн зохицуулалтыг сайтар харах нь зүйтэй.

Нөгөөтэйгүүр хувиргасан хатаамал болон шингэн сүү гэж хуулийн төсөлд тусгасан байна. Хувиргасан гэдэг үг хуулийн төсөлд хоёр агуулгаар орж ирсэн. Тиймээс андуурал гаргахгүйн тулд хувиргасан гэдэг үгийг өөр үгээр солих хэрэгтэй байх.

Хуулийн төсөлд, 6 сар хүртэлх хүүхдэд зориулсан бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг импортлох, худалдаадахыг хориглоно гэсэн заалт бий. Уг заалтыг эргэн харж, ямар нөхцөлд хориглох, хориглохгүй болохыг нарийвчлах нь зүйтэй гэсэн саналтай байна." 

ШИНЭ МЭДЭЭ