МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
2017.01.13
Хууль, эрх зүй

Л.Мөнхбаатар: Хуулийн төслийн үзэл баримтлалын агуулгыг өргөжүүлж, боловсруулалтыг сайжруулмаар байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.12/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болоод холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхэд Хууль тогтоомжийн тухай хуулиар бол үзэл баримтлалыг хэлэлцэх ёстой. Гэвч орж ирж буй хуулийн төслийн үзэл баримтлалууд нь төслийн талаар хангалттай мэдлэг, мэдээлэл авахад учир дутагдалтай байна гэдгийг учирласан юм. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

"Нэгд, Аливаа хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэхдээ хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууна гэж Хууль тогтоомжийн тухай хуульд заасан. Гэтэл үзэл баримтлалын хүрээнд асуулт асууя гэхээр учир дутагдалтай, хангалтгүй байна.

Хуулийн төслийн үзэл баримтлал нь ихэвчлэн 1-1,5 хуудастай баримт бичиг. Үзэл баримтлалын агуулга нь хэт ерөнхий, хуулийн төслийн концепцио бүрэн агуулаагүй байдаг.

Тиймээс үзэл баримтлалаас тодруулж асуусны үндсэн дээр уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ гэвэл учир дутагдалтай. Цаашид энэ байдал нэг их өөрчлөгдөхгүй болов уу гэж бодож байна. Учир нь хуулийн төслийн үзэл баримтлалд тавигддаг үндсэн дөрвөн шаардлага өмнөх хуульд заасны дагуу хэвээрээ л байгаа.  

Бодит байдалд, хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхдээ хуулийн төслийн үзэл баримтлалаас гадна зүйл заалтуудаас нь асууж, төслийн талаар нилээд дэлгэрэнгүй мэдээлэл авах зайлшгүй хэрэгцээ шаардлага байна.

Тиймээс хуулийн төслийн үзэл баримтлалын агуулгыг өргөжүүлж, нилээд өндөр хэмжээнд бэлтгэх хэрэгтэй. Үүнд УИХ-ын тамгын газар болоод хууль санаачлагчид анхаарах ёстой.

Хоёрт, 2015 онд батлагдсан, хэрэгжих хугацаа нь энэ оны 7 дугаар сар болж хойшилсон Зөрчлийн тухай хуулиас уг хуулийн төсөл нь утга агуулгын хувьд ямар ялгаатай вэ? Концепцийн томоохон өөрчлөлт орсон уу?

Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр:

2015 онд батлагдсан Зөрчлийн тухай хуулийн суурь үзэл баримтлал хөндөгдөөгүй. Харин яагаад шинэчилсэн найруулгын төсөл хэлбэрээр оруулж ирэв гэсэн асуулт урган гарна.

Жишээлбэл, Зөрчлийн хуулийн 5,2 дахь хэсэгт, “Танхайрах гэдгийг мансуурсан, архидан согтуурсан” гэх зэргээр бүх шинжийг нийлүүлж бичсэн байдаг.

Үүнээс үзэхэд, архидан согтуурсан байлаа гэхэд давхар мансуурсан байх юм уу, танхайрах гэсэн хэсэгт орсон бүх шинж бүрдэж байж хариуцлага тооцох юм шиг утга агуулга, найруулгатай болж батлагдсан байсан. Тиймээс энэ хуулийн төсөлд зөрчлийн үйлдлүүдийг тус тусад нь бичсэн.

Энэ мэтээр үг үсэг, найруулгын алдаа засаад явж байтал хуулийн 50-иас дээш хувьд өөрчлөлт орохоос өөр аргагүйд хүрсэн учраас шинэчилсэн найруулгын төсөл хэлбэрээр оруулж ирж байна. 

ШИНЭ МЭДЭЭ