МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг: Улстөрчид аливаа асуудлыг өөрийнхөө өнцгөөс тайлбарлаад байж болохгүй
УИХ-ын гишүүн С.Чинзориг
2017.01.05
Улстөр

С.Чинзориг: Улстөрчид аливаа асуудлыг өөрийнхөө өнцгөөс тайлбарлаад байж болохгүй

УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.

-Шинэ он гарчихлаа. Бид одоогоос ердөө хоёрхон сарын дараа Хөгжлийн банкны авсан 580 сая ам.долларыг бүтнээр нь төлөх ёстой. Цаг тулсан энэ үед дээрх зээлийг хэрхэн төлөх санхүүгийн эх үүсвэр байхгүй гээд байна л даа. Хэрвээ ирэх гуравдугаар сар гэхэд өрөө төлөхгүй бол Монгол Улс дефолт зарлалаа гэсэн үг. Өрөө төлөх талаар ямар арга зам хайж байгаа вэ. Та өөрт байгаа мэдээллээ хуваалцаач?

Энэ жилийн төсөвт хүндрэлтэй асуудал олон бий. Ялангуяа Хөгжлийн банкны авсан 580 сая ам.долларын үндсэн зээлийг төлнө. Дээр нь “Чингис”, “Самурай" бондын гэх мэт гаднаас авсан их хэмжээний зээлийн зөвхөн хүүд л 1.7 их наядыг төлөхөөр байгаа. Үндсэн зээл болон хүүгийн асар их ачаалал 2017 оны төсөвт ирж байгаа юм. Одоогоор Засгийн газраас бидэнд тодорхой мэдээлэл ирүүлээгүй байна.

Гэхдээ ямар эх үүсвэрээр дээрх зээлийг чөлөөлөх талаар Засгийн газарт нарийвчлан ярьж байгаа байх. Миний хувьд урт хугацааны хөрөнгө оруулалтын зээл олгох замаар богино хугацааны арилжааны зээлүүдийг солих арга хэмжээг яаралтай авах ёстой гэж бодож байгаа. “Чингис” бонд гэхэд л таван жилийн хугацаатай. Гэсэн атлаа хүү өндөртэй, арилжааны зээл л гэсэн үг. Тиймээс урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжсэн, 20-иос доошгүй жилийн, таваасдээшгүй хувийн хүүтэй зээлийг яаралтай олох ажлыг Засгийн газар хийх хэрэгтэй. Энэ талаар ажиллаж ч байгаа байх.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах асуудал юу болсон бэ. Одоохондоо санхүүгийн хувьд ганц найдвар болчихсон мэт харагдаад байгаа?

Бид ийм цаг үе “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас аргагүй. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар олон давуу талтай. Тухайлбал, төсвийн сахилга бат сүүлийн жилүүдэд алдагдсан. Тиймээс энэ хөтөлбөрт хамрагдсанаар төсвийн сахилга бат сайжирдаг давуу талтай.

Нөгөө талаас олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдчихвал донор бусад орон манайд хөнгөлөлттэй, хөрөнгө оруулалтын зээл олгох боломжтой болдог. Тийм учраас бидэнд татгалзаад байх шаардлага байхгүй. Хоёр талын үндсэн уулзалт дууссан, одоо бид Олон улсын валютын сангийнхны хариуг хүлээж байна. Боломж нь таарахгүй байгаа юмуу хугацаа алдаж байгаа тал бий.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчлөхтэй холбоотой шүүмжлэл өрнөөд байна л даа. Тухайлбал, МАН, АН-д зориулж хуулиа өөрчлөх гэж байна, гуравдагч хүчний боломжийг хаах нь гэх мэтээр яриад байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

Манай улстөрчид, нам, намын удирдлагууд асуудлыг өөрсдийнхөө өнцгөөс тайлбарладаг шүү дээ. Түүний л нэг жишээ. Өөрт ашигтай байдлаар тайлбарлах, пиар хийх гэсэн нэг жишээ гэж харж байгаа. Түүнээс МАН парламентад 65 суудалтай болчихлоо гээд зөвхөн өөрийн намаас нэр дэвшигчийг өндөр хувиар сонгуулах хууль батлуулах гээд байгаа зүйл огтхон ч биш. Угаасаа ч тийм байх боломжгүй.

СЕХ-ноос Төрийн байгуулалтын байнгын хороонд санал ирүүлсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, шат шатны сонгуулийг тус тусын буюу бие даасан хуулиар явуулах нь зүйтэй гэж үзээд ийм санал гаргасан байсан. Бид өмнө нь гурван ч сонгуулийг нэг хуулиар зохицуулж ирсэн нь хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байсан гэсэн саналыг сонгууль зохион байгуулдаг газар нь гаргаад байна шүү дээ. Тиймээс бие даасан хуулиар сонгуулийг зохион байгуулахыг дэмжиж байгаа.

-Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн байхад хуулиа өөрчлөх нь хэр зохимжтой юм бэ?

Бид нэг зүйлд анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн орчин тогтвортой байх ёстой. Сонгууль дөхсөн үед хуулийг нь өөрчлөхгүй байх гэсэнзарчмыг цаашдаа барих хэрэгтэй.

-Парламентад суудалгүй намуудын боломжийг хааж байна гэх нь ямар учиртай юм бэ?

Парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд төлөөллөө нэр дэвшүүлэх учиртай шүү дээ. Энэ бол Үндсэн хуульд байгаа заалт. Тэгэхээр Үндсэн хуулийнхаа заалтын хүрээнд л парламентад суудалтай намууд хүнээ дэвшүүлэх гэдэг агуулгаар хуулийг оруулж ирсэн юм шүү дээ. Харин парламентад орж ирсэн хойноо намаа сольсон бол хууль үйлчлэхгүй буюу нэр дэвших эрхгүй гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, анх ямар намаас нэр дэвшиж сонгогдсон, тэр намаасаа л нэр дэвших боломжтой гэж байгаа юм. С.Жавхлан гишүүн гэж яриад байгаа юм. Үүнд бүх зүйл маш тодорхой. Энэ хүн УИХ-д бие даан нэр дэвшсэн шүү дээ. Гэтэл парламентад орж ирсэн хойноо парламентад суудалтай аль нэг намд элсчихээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэвэл тооцохгүй л гэсэн үг.

-МАХН-ын зүгээс энэ хуулийг дэмжихгүй гээд байгаа. Учир нь аливаа намын парламентад авсан суудлынх нь тооноос хамаарч төлөөллийг нь нэр дэвшүүлэх эсэхийг шийднэ гээд байгаа. Одоогийн оруулж ирсэн хуульд үнэхээр ийм тоон босго заасан юм уу?

Парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд төлөөллөө нэр дэвшүүлнэ гэсэн л заалт байгаа болохоос тэдээс дээш суудалтай бол нэр дэвшүүлнэ гэх заалт огт байхгүй. Тэгэхээр парламентад нэг суудалтай ч бай, 10 суудалтай ч бай нэр дэвших эрхтэй л гэсэн үг. Тухайлбал, МАХН-ын хувьд О.Баасанхүү гишүүн энэ намаас сонгогдсон учраас парламентад суудалтай гэх томьёололд багтаад хүнээ нэр дэвшүүлэх боломжтой гэсэн үг.

-Үндсэн хуулийг өөрчлөхөөр болж, ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчлөхөөр оруулж ирээд байна. Энэ бүгдээс үүдээд МАН парламентад үнэмлэхүй олонх болонгуутаа томоохон хуулиудад гар хүрэх нь гэх шүүмжлэл өрнөөд байна. Үүнд та ямар тайлбар хийх вэ. Цаг хугацаа нь ингэж таарав уу?

Парламентад олонхын суудал авсан нам бодлогоо зангидаад үйл ажиллагаагаа явуулах нь зүйн хэрэг. Гэхдээ парламентад олуулаа гээд юм бүхэнд хүч түрээд байж болохгүй гэдэг шүүмжлэлийг үгүйсгэж болохгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ч тэр, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг ч тэр бид олонхоороо түрсэн зүйл байхгүй.

Тухайлбал, эдгээр хуулийг бүлэг дээр ярих үеэр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчлөх асуудалд бүлгээс ажлын хэсэг гаргах нь зохимжгүй юм. Учир нь, нэг намд зориулсан хууль болох нь гэсэн шүүмжлэл гарч таарна. Тиймээс парламентад суудалтай намуудын төлөөллийг оруулсан ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулах нь зүйтэй гэж шийдсэн. Тэгэхээр энэ бол асуудлыг зөвшилцлийн замаар шийдэх гэсэн санаа мөн биз.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд?

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар эртнээс л ярьсан шүү дээ. Энэ хуулийг өөрчлөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ хоёр зүйлийг анхаарах ёстой гэж харж байгаа. Тухайлбал, энэ хуульд өөрчлөлт оруулахаар бол ард нийтийн саналыг зайлшгүй асуух ёстой. Хэдийгээр манай нам парламентад олонх ч гэсэн дангаараа баталж болохгүй. Хэрвээ хүч түрье гэсэн бол бид хуулийн өөрчлөлтийг дэмжээд явах хэмжээний кноптой шүү дээ.

Гэхдээ энэ нь зохимжтой хувилбар биш учраас ард нийтээс асуухын зэрэгцээ үндэсний зөвшилцөл бий болгох, парламентад суудалтай болон суудалгүй намуудын дунд ч зөвшилцөл бий болгох ёстой. Өөрөөр хэлбэл, үндэсний хэмжээнд зөвшилцөлд хүрснээр Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. Энэ бол миний төдийгүй бүлгийн санал. Цаашлаад Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа бол яг юуг нь гэдгийг ч ард нийтээр хэлэлцүүлэх ёстой. Өмнөх парламентын үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж байсан шүү дээ.

Тухайн үед УИХ-ын бүрэн эрхийн хугацааг нэмэх, гишүүдийн тоог 99 болгох санал гарч байсан. Энэ мэтээр өөрсдийнхөө эрх ашигтай холбоотой асуудлыг хөндөнө гэвэл дэмжих боломжгүй. Харин зайлшгүй хийх ёстой, олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн ямар асуудал байна тэр чиглэлээр өөрчилнө гэвэл бүрэн дэмжинэ. Ялангуяа Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа эрх үүргийн хуваарилалтыг маш оновчтой болгох талаар ярих хэрэгтэй гэж харж байгаа. Тухайлбал, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нь ямар бүрэн эрхтэй байх зэрэг эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох талаар ярих хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.

-Он гарснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдийн цалин хөлсний хэмжээг нэмэхгүй ч хувь хүний орлогын албан татварт үзүүлэх хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах агуулгатай хуулийн төслийг та бусад гишүүний хамт өргөн барьсан. Энэ хуулийг УИХ- аар дэмжвэл иргэдэд ямар ач холбогдолтой вэ?

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг Засгийн газраас дэмжсэн санал өгсөн учраас УИХ-ын даргад өргөн бариад байна. Одоогийн Хүн амын орлогын албан татварын тухай хуулиар жилд 84 мянган төгрөгийн орлогыг хувь хүний орлогын         албан          татвараас чөлөөлж       байгаа.      

Үндсэндээ 2013 оноос хойш Засгийн газрын зүгээс төрийн албан хаагчдын  цалинг нэмэгдүүлэх арга хэмжээ авч чадсангүй. Тиймээс хүн амын орлого, цалин хөлсийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Гэлээ гээд эдийн засгийн хямралтай үед төрийн албан хаагчдын цалинг нэмж чадахгүй. Нөгөө талаас орлого багатай хэсгийг хамгаалах буюу эдийн засгийн хямралд илүү өртөж буй хэсгийн орлогыг нэмэгдүүлэх дорвитой арга хэмжээг төдийлөн авч хэрэгжүүлж чадахгүй байгаа нь нууц биш.

Тиймээс Хүн амын орлогын албан татварын тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага гарч байгаа юм. Нөгөө талаас төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх арга хэмжээ авлаа ч зөвхөн төрийн албанд ажиллаж байгаа 160 орчим мянган хүний л цалинг нэмэх тухай ярьдаг. Гэтэл үүний цаана хөдөлмөрийн зах зээлд 1.1 сая ажиллагч бий. Тэгэхээр төрийн албан хаагчдын цалинг нэмлээ ч гэсэн үлдэж буй 900 орчим мянган хүний цалин хөлсийг нэмэх асуудлыг хөндөж чаддаггүй л дээ. Энэ үүднээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа юм.

-Тэгэхээр зөвхөн төрийн албан хаагчид төдийгүй хөдөлмөр эрхэлдэг бүх хүнд хамаатай хууль болно гэсэн үг үү?

Дээр хэлсэнчлэн одоогийн мөрдөж буй Хүн амын орлогын албан татварын тухай хуулиар жилдээ 84 мянга, сардаа долоон мянган төгрөгийн хөнгөлөлтийг иргэд эдэлж байгаа. Бидний өргөн барьсан хуулиар энэ хөнгөлөлт чөлөөлөлтийгхөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулъя л гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянга болж байгаа юм бол хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлт нь 84 мянга биш 240 мянга болж нэмэгдэнэ гэсэн үг.

Ингэвэл зөвхөн төрийн албан хаагчдын цалинг нэмснээс илүү өргөн цар хүрээг хамарна гэж үзэж байгаа. Бидний тооцоолсноор орлого багатай 600 орчим мянган хүн Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн хөнгөлөлт чөлөөлөлтөд        хамрагдахаар байгаа. Хувь хүний орлогын албан татварын 240 мянган төгрөг олгоод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулаад нэмчихвэл сард долоо биш 20 мянган төгрөгийн хөнгөлөлтийг хувь хүний орлогын албан татвараар чөлөөлөгдөөд хувь иргэний гарт бодит орлого болж үлдэх юм.

Нөгөө талаар энэ хуулийг баталснаар цаашдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх тусам хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлт нь нэмэгдээд явдаг байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой гэж ойлгож болно.

-Хэлэлцэх асуудлын дараалалд багтсан уу. Нэгэнт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмчихсэн юм чинь иргэдэд төрөөс үзүүлэх хөнгөлөлт бодит ажил болох хэрэгтэй байх л даа?

Одоогоор УИХ-ын даргад өргөн бариад байна. Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй байна лээ. Гэхдээ тун удахгүй оруулаад ирэх байх гэсэн хүлээлттэй байна. Нөгөө талаас сүүлийн 4-5 жил цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээ аваагүй учраас иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа учраас цаг алдалгүй оруулж ирж хэлэлцүүлэх байх гэж найдаж байгаа.

-Хуулийг хэрэгжүүлэх хугацааг хэрхэн тооцож байгаа вэ. Хувь иргэнд очих хөнгөлөлттэй холбоотойгоор төсөвт тодорхой хэмжээний ачаалал ирж таарах байх?

Бидний тооцожбайгаагаар 80 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтийг иргэдийн гарт хүргэхээр байгаа. Тэр хэмжээгээр төсвийн орлого буурах ч асуудал гарах байх. Тэгэхээр төсвийн тодотгол хийх үеэр энэ орлогыг хэрхэн нөхөх вэ гэдгийг ярьж таарах болов уу. Эсвэл хэрэгжих хугацааг нь дараа оноос гэж тооцоод хойшлуулж болох юм. Нэгэнт 2017 оныхоо төсвийг баталчихсан учраас.

-Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг байнгын хороогоор дэмжлээ. Эдийн засаг хямралтай байгаа нь үнэнч төр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ түлхүү дэмжээд байна гэсэн хардлага, шүүмжлэл гарч байсан. Гэхдээ энэ хуулийг өөрчлөх юмуу нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа юм биш гэж ойлгосон, зөв үү?

Жижиг, дунд үйлдвэрлэлийг  хөгжүүлэх тухай  асуудал бол үндсэндээ ажлын байр нэмэгдүүлж, бий болгодог. Иргэдийг байнгын, тогтмол орлоготой болгодог үндсэн арга хэлбэр шүү дээ. Тийм ч учраас УИХ, Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор зайлшгүй дэмжих шаардлагатай байдаг.

Нэг үеэ бодвол жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт улсын төсвөөс эх үүсвэрийг нь шийдэж өгөөд зээлийн санг нь бүрдүүлээд явж байна. Энэ онд гэхэд л төсөвт 40 тэрбум төгрөгийг жижиг зээл маягаар үйлдвэрлэл эрхлэгчдэд хүргэхээр тусгасан. Нөгөө талдаа тэдэнд үйл ажиллагаа явуулахад зайлшгүй хэрэгтэй байгаа тоног төхөөрөмж, сэлбэгийг гаалийн албан татвараас       чөлөөлөх асуудал байгаа юм. Өмнө нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлдөг хууль хэрэгжиж байсан.

Гэвч 2016 оны арванхоёрдугаар сарын 31- нээр хүчингүй болсон. Тиймээс уг хуулийн төслийг өргөн барьсан. Төсвийн байнгын  хороогоор дэмжээд байна. 2014-2016 оны хооронд 30 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлсөн байдаг. Мөн 13 орчим тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлсөн гэсэн судалгаа гарсан байна лээ.

Энэ удаад хуулийг баталбал хэчнээн нэр төрлийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх вэ гэдэг жагсаалтыг Засгийн газраас шинэчлэн батлах юм. Ялангуяа дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, хамгаалах чиглэлээр импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх чиглэлийг  бодлоготойгоо уялдуулж, жагсаалтаа шинэчилнэ гэсэн үг.

ШИНЭ МЭДЭЭ