ТТ талаар хэн юу хэлэв?
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Болорчулуун
2016.12.28
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

ТТ талаар хэн юу хэлэв?

УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн даваа гаригийн хуралдаанаараа Тавантолгойн ордыг эргэлтэд хэрхэн оруулах талаарх Засгийн газрын мэдээллийг сонссон. Уул уурхайн сайдын өгсөн мэдээгээр энэ ажил эхний шатандаа явж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар гадаад, дотоодын компаниудаас манай төсөлд ямар нөхцөлтэйгөөр оролцох боломжтой вэ гэх нөхцөлөө танилцуулж буй гэнэ.

Энэ талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа "Хятадын “Шинхуа" группт 49 хувийг нь өгөх тухай яриа Засгийн газрын төвшинд ярьж байгаа хувилбаруудын нэг. Засгийн газар 2-3 хувилбар дэвшүүлээд, хамгийн үр дүнтэй хувилбараа сонгож, УИХ-д танилцуулна" гэж байсан юм. Тэгвэл энэ асуудлаарх гишүүдийн байр суурийг хүргэж байна

Х.Болорчулуун:

Ийм муу хувилбараар явуулж хэрхэвч болохгүй 

Тавантолгойн ордоос хөрс хуулалт хийгээд аман дээрээсээ нүүрсээ өгдөг байдал нь авдарнаас мөнгөө  авч байгаатай адил. Үүнд хөрөнгө  оруулалт татна гэж Монголд ашиггүй гэрээ байгуулж, хариуцлагагүй хандаж хэрхэвч болохгүй.

Засгийн газрын гэрээний төсөл хараахан бэлэн болоогүй байна гэсэн. Гэхдээ танилцуулсан гэрээ хэлцэл нь маш муу байсан. Тавантолгойг Монгол Улс өөрсдөө эрэл хайгуул хийж олсон орд. Ашигт малтмалын хуулиар өөрсдөө эрэл хайгуул хийж илрүүлсэн ордын 51 хувь нь төрд байх заалттай. Гэтэл оператор компани нэрээр 51 хувьдаа гадаадын хөрөнгө оруулалттай компанийг оруулчихвал төрийн эзэмших хувь багасна. Өөрөөр хэлбэл, 49 хувийг нь БНХАУ-ын “Шинхуа”-д 51 хувь нь Монголын төр, аж ахуйн нэгжид гэж байгаа.

 Үүнийхээ 34 хувьд нь хувийн аж ахуйн нэгжийг оруулна. Монголын аж ахуйн нэгж гэдэг гадаадын хөрөнгө оруулалттай компани хүртэл бий. Тэгэхээр Засгийн газар ердөө 17-хон хувь эзэмших болно гэсэн үг. Ийм муу хувилбараар хэрхэвч явуулж болохгүй.

Тавантолгойн ордын 49 хувийг гаднынханд өгөх нь тал үнээр нь худалдаж байгаагаас өөрцгүй явдал юм. Засгийн газар ийм муу хувилбар оруулж ирэх гэж санаархсаныг манай бүлгийн зарим гишүүн эрс эсэргүүцсэн. Монголын төрд 51 хувь нь үлдэх ёстой.

Ингэж байж Монголд ашигтай болно. Нүүрсийг угааж гаргана гэж байгаа. “Энержи ресурс”-ийн угаах үйлдвэр дөнгөж 50 гаруйхан хувийн гарцтай угаадаг. Гэтэл Хятад манай нүүрсийг угаахад 85 хувийн гарцтай гарч байсан шүү дээ.

Ийм байдлаар тал нь алга болох нь гэсэн төсөөлөл бий болох нь. Хөрс хуулах ажлыг Монголын компаниуд ч хийж чадна. Үүнийг яахаараа “Шинхуа” хийх ёстой юм. Төмөр замаа бариулна гэж байгаа. Тэгвэл заавал “Шинхуа” 49 хувь биш 25-30 хувь байж болно шүү дээ.

Ж.Энхбаяр: “Энержи ресурс” дэд бүтэц болон угаах үйлдвэрээ хөрөнгө оруулалтад тооцуулах санал тавьсан

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг Тавантолгойн төслөөр хэлэлцээ хийж байгаа. Бүлгийн хуралдаанд Ц.Дашдорж сайд хэлэлцээрийнхээ явцыг танилцуулсан.

Эцэслэн тохиролцоонд хүрээгүй байгаа юм билээ. Засгийн газрын байр суурь бол Тавантолгойн уурхайд үйл ажиллагаа явуулах эрхийн 51 хувийг нь Монголын тал эзэмших, ордын лиценз нь Монгол Улсад 100 хувь байх ёстой гэсэн болзолтойгоор хэлэлцээр хийж байгаа гэсэн.

Энэ хэлэлцээрээр зөвхөн уурхайд үйл ажиллагаа явуулах эрхийг шийднэ. Хамтын ажиллагааныхаа 22 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс олборлох, түүнтэй холбоотой хөрөнгө оруулалт хийх, дэд бүтцээ барьж байгуулах тухай гэрээ хэлэлцээ хийж гэрээ хийнэ гэсэн үг.

 

Дэд бүтэц гэдэг нь төмөр зам, авто зам, уурхайн бүтээн байгуулалт, угаах үйлдвэрийг хэлж байгаа юм. БНХАУ- ын талыг төлөөлж “Шинхуа” 49 хувьд нь оролцоно. Монголын тал 51 хувьдаа төрийн болон хувийн өмчийн ямар аж ахуйн нэгжийг оролцуулах нь вэ гэдгийг эцэслэн шийдээгүй.

Монголын олборлогч 30 орчим аж ахуйн нэгж оролцохоор саналаа ирүүлсэн гэж танилцуулсан. Энэ дунд “Энержи ресурс” компани саналаа тавьсан юм билээ. Энэ компани өөрсдийн бий болгосон дэд бүтэц болон угаах үйлдвэрээ хөрөнгө оруулалт болгож оруулах хүсэлтээ тавьсан.

Гэхдээ жилдээ 30-40 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа учраас нэмж угаах үйлдвэр барих шаардлагатай. Ажлын хэсгийн ахлагч гэрээ хэлэлцээрээ хэзээ дуусгах тухай тодорхой хугацаа хэлээгүй. Энэ төслийг аль болох хурдан шийдэж эргэлтэд оруулах хэрэгтэй. Гэхдээ гэрээ хэлцэл нь ил тод байх ёстой гэсэн саналыг манай бүлгийн гишүүд хэлсэн.

ШИНЭ МЭДЭЭ