МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Ганхуяг: Таван толгойн хувьцааг хадгалах тусам үнэд орно
2011.12.02
Эдийн засаг, Худалдаа

Д.Ганхуяг: Таван толгойн хувьцааг хадгалах тусам үнэд орно

2012 оны улсын нэгдсэн төсвийг баталсантай холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа, МАН, АН-ын  бүлгийн ажлын хэсгийн ахлагч Су.Батболд, Д.Ганхуяг болон УИХ-ын   гишүүн Н.Батбаяр нар өчигдөр мэдээлэл хийлээ.

 

Тэд ирэх оны төсвийн төслийг Монгол банк, Дэлхийн банк, ОУВС-гийнхны зөвлөж байсан хэмжээнд танаж чадсандаа сэтгэл хангалуун байгаагаа хэлж байлаа. Гэхдээ бас санаа зовох зүйл байгааг нуусангүй. Учир нь, иргэд Хүний хөгжил сангаас авах нэг сая төгрөгөө хувьцаагаар бус бэлнээр нь авна гэвэл инфляц хөөрөгдөж мэднэ. Тиймээс болж өгвөл иргэд нэг сая төгрөгөө хувьцаа хэлбэрээр авахыг зөвлөж байв. Д.Ганхуяг гишүүн "Таван толгойн хувьцааг хадгалах тусмаа үнэд орох учраас иргэд хувьцаагаа сонгоод хадгалсан нь дээр" гэв. Мөн манай улсын барилгын материалын үйлдвэрлэл нь дотоодынхоо 35-40 хувийг хангаж байгаа болон Замын-Үүдийн нэвтрүүлэх хүчин чадал муугийн улмаас барилгын материалын үнэтэй холбоотойгоор инфляц өсөх магадлалтай гэж байв.

Энэ байдлыг харгалзан үзэж дотоодынхоо барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих шаардлагатайг Засгийн газарт анхааруулсан байна. Гишүүн Су.Батболд "Энэ жилийнх нэлээд том төсөв болсон гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Ийм байх нь аргагүй. Манай улсын эдийн засаг жилээс жилд өсч байгаа. Өсч буй эдийн засгийг төсвөөр дэмжих нь төрийн нэг бодлого байх ёстой. .Мөн манай улсын эдийн засгийн тодорхой хувь нь төсвөөс хамааралтай. Цаашдаа энэ хамаарал нь улам багасна" гэж байлаа. Харин Н.Батбаяр гишүүн "Засгийн газар бүрэн эрхийн хугацааных нь сүүлчийн жил, мөн сонгуулийн жил гэдэг утгаараа нэлээд их зүйлийг төсвийн төсөлд шургуулсан байсныг хаслаа. Шинээр барих конторын барилгад 150, шинээр худалдан авах автомашинд 14 тэрбум төгрөг төсөвлөснийг танасан. Дэлхийн эдийн засаг унах магадлалтай байхад манай эдийн засаг пуужин шиг хөөрч болохгүй. Гэхдээ дахин хасмаар зарлага бас үлдсэн" гэлээ.  

ШИНЭ МЭДЭЭ