ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Энэтхэгийн Элчин сайд Т.Сүрэш Бабутай уулзлаа
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, Монгол Улсад суугаа Энэтхэгийн Элчин сайд Т.Сүрэш Бабуг
2016.11.30
Гадаад харилцаа

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Энэтхэгийн Элчин сайд Т.Сүрэш Бабутай уулзлаа

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр Монгол Улсад суугаа Энэтхэгийн Элчин сайд Т.Сүрэш Бабуг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Элчин сайд Т.Сүрэш Бабу хоёр орны харилцаа өргөжин хөгжиж, өндөр дээд түвшний айлчлалууд тогтмолжиж байгааг онцлов. Монгол, Энэтхэг улс шашин болоод соёлын гүн бат харилцаа холбоотойг уулзалтын үеэр тодотгосон юм.

Түүнчлэн Энэтхэгийн дэд сайд тэргүүтэй төлөөлөгчдийн оролцсон удирдлагын түвшний хамтарсан хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа ноён Элчин сайд танилцуулав. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Монгол Улс, Энэтхэгтэй 1955 онд дипломат харилцаа тогтоосон. Энэтхэг нь манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны орны нэг. Манай хоёр орны харилцаа харилцан итгэлцсэн, найрсаг байгаад талархаж байна” гэсэн юм.  

Хууль, эрх зүйн салбарын хамтын ажиллагаа өргөжиж байгаагийн илрэл нь Монгол Улс, Энэтхэгийн хооронд иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ, Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай гэрээ, Монгол, Энэтхэгийн хооронд эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ зэргээс харж болно гэдгийг ХЗДХ-ийн сайд тодотгож байсан юм.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Монголд хийсэн айлчлалын үеэр 1 тэрбум ам.долларын зээлийн асуудал яригдсан. Энэ ямар шатандаа явааг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт тодруулсан юм. Мөн хуулийн салбарын ажилтан, албан хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх богино хугацааны сургалтад хамруулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. 

ШИНЭ МЭДЭЭ