МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2016.12.14
Эдийн засаг, Худалдаа

С.Чинзориг: Төрийн өмчийг үнэгүйдүүлчихээд одоо мөнгөтэй хэдэн нөхдөд зориулж өмч хувьчлал явуулах гээд байгаа юм уу?

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн болон 2017 онд хувьчлагдах обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээлэл сонссон юм. Мэдээлэл сонсож дууссаны дараа УИХ-ын гишүүн С.Чинзориг үг хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг

"Эдийн засгийн хүнд хэцүү үед төрийн өмчит компаниудыг яаран хувьчлах биш, төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудыг бүтэц, зохион байгуулалтын хувьд улам тогтворжуулах шаардлагатай байна. Төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаад хувьчлах нь буруу.

2012 онд төрийн өмчийн хорооны чиг үүргийг хоёр хуваагаад нэг хэсгийг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газарт, нөгөө хэсэг нь Хөдөө аж ахуйн яаманд харьяалагдаж байсан. Дараа нь Сангийн яам руу татах зэргээр байнгын хөдөлгөөнтэй байсан шүү дээ.

Төрийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллагыг нааш, цааш шилжүүлж, төрийн өмчийг эзэнгүйдүүлж байгаад “хоттой хонь руу дайрах чоно” мэт дур дураараа загнаж ирлээ.

Энэ бүхний эцэст ашигтай ажиллаж байсан зарим төрийн өмчит компаниуд өнөөдөр ашигтай биш гурав дахин алдагдалд орж 10,5 их наяд төгрөгийн өртэй болсон байна.

Тиймээс төрийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг тогтворжуулах нь зүйтэй. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ч төрийн өмчийн хороог “манаач” мэт хариуцлагатай ажиллуулах тал дээр анхаарч, бодлогын хувьд эргэн харах шаардлагатай. 

Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед хувьчлал явуулах нь хэнд хэрэгтэй гэж? Худалдан авах бэлэн мөнгөтэй хүн бий юу? гэдгийг дахин бодолцох хэрэгтэй. Эсвэл эдийн засгийн хямралыг далимдуулж мөнгөтэй хэдэн нөхдүүдэд зориулж, өмч хувьчлал явуулах гээд байгаа юм уу? Харин ч өмч хувьчлах асуудлыг энэ хүнд үед бодлогоор хязгаарлах ёстой гэж үзэж байна."     

ШИНЭ МЭДЭЭ