МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэв
2016.12.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэв

Байнгын хорооны хуралдаанаар “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Нийгмийн даатгалын бодлогын чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээний  хэрэгжилтийг хангах, нийгмийн  даатгалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, иргэдэд даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, даатгуулагчийг дээдэлсэн даатгалын шинэ тогтолцоог бүрдүүлж ажиллах үүднээс Засгийн газрын гишүүн болон Үндэсний зөвлөлийн ажлын уялдааг хангахын тулд Үндэсний зөвлөлийн дарга нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Засгийн газрыг төлөөлсөн бусад гишүүдээр Сангийн болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нар ажиллахаар төсөлд тусгасан юм.

Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг, Үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Хууль зүй, дотоод хэргийн сайд ажиллахаар тусгасныг Эрүүл мэндийн сайд болгон өөрчлөх саналыг гаргасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.

Мөн хуралдаанаар “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн.

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн тус тус хоёр гишүүн /нийт 4 гишүүн/ үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ирүүлсэн  бөгөөд тухайн гишүүдийн оронд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэхийг нээлттэй зарласан юм.

Энэхүү зарын дагуу Үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр ажиллахаар нийт найман хүн нэрээ дэвшүүлсэн байна.

Гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсаны дараа хуралдаанд оролцсон гишүүд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгох саналаа өгсөн юм. Нууц санал хураалтын дүнгээр Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Э.Оюунтэгш, Н.Алгаа, даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Ц.Сүхбаатар, Т.Батзул нарыг ажиллуулах нь зүйтэй хэмээн гарсан учир уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр боллоо.

ШИНЭ МЭДЭЭ