МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2016.08.31
Эдийн засаг, Худалдаа

Ё.Баатарбилэг: "Монгол хүн болгож төлөвшүүлэх цогц хөтөлбөр", “Төв Азийн нүүдэлчдийн түүх, урлаг, соёлын музейн цогцолбор” гэсэн нэр томъёонуудыг оруулъя

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар "Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийг хийж байх үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг үйл ажиллагааны хөтөлбөрийн заалт бүрийг нарийвчлан боловсруулах шаардлагатай байгааг хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

"Том зургаар нь харахад, манай намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйл заалтууд салбар бүрт тусгагдсан байна. Гэхдээ анхаарах зүйлс байна. Тухайлбал, боловсролын салбарт авч хэрэгжүүлэх ажлуудаас харахад мөрийн хөтөлбөрийн зүйл заалтыг алаг цоог тусгасан, агуулга, хэлбэрийн хувьд эмх цэгцгүй байна.

Сурагчид эх хэлээрээ зөв бичих, эх оронч үзэл, эх орноо хайрлах хүмүүжил олгох гэсэн санааг 3-4 заалтыг тараан байршуулсан байна. Үүний оронд “Монгол хүн болгож төлөвшүүлэх цогц хөтөлбөр” гэсэн нэр томъёо шинээр оруулж, түүндээ дээр дурдсан арга хэмжээнүүдээ тусгаж болохгүй юу? гэсэн саналтай байна.

Сурагчдад эх орноо хайрлах мэдлэг, хүмүүжил олгоно, сургалтын хөтөлбөрт эх оронч иргэн болгон төлөвшүүлэх агуулгыг тусгаж хэрэгжүүлнэ, сурагчдыг эх хэлээрээ алдаагүй зөв бичихэд сургана гэх зэрэг заалтууд нь бүгд л нэг агуулгатай байна.

Шинжлэх ухааны салбарт авч хэрэгжүүлэх ажлуудыг харахад үндсэндээ байгалийн шинжлэх ухаан, эдийн засгийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан гэсэн салбарууд Монгол Улсын шинжлэх ухааны салбарт байхгүй болчихсон юм байна. Ирэх 4 жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэсэн атлаа эдгээр салбарт авч хэрэгжүүлэх ажлын тухай нэг ч үг, өгүүлбэр алга.

Хууль, олон улсын харилцаа зэрэг нь салбар шинжлэх ухаан биш болчихсон юм уу? Салбар шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаа яах болж байна? Энэ тал дээр салбарын яам анхаарч, бодлогоо чиглүүлэх байх гэж бодож байна.

“Нүүдлийн соёл иргэншил” гэсэн нэр томъёо гэсэн нэр томъёо уг хөтөлбөрт орсон байна. Гэтэл нэр томъёоны хувьд “Нүүдлийн соёл” гэж өөрчлөгдөөд удаж байна. Дүрслэх урлаг, урлахуйн ухаан чиглэлээр гадаад, дотоодын үзэсгэлэн зохион байгуулах тухай нэг ч үг, өгүүлбэр алга байна.

“Эзэнт гүрэн” музей, “Үндэсний байгалийн музей”, “Үндэсний их театр” гэх мэтчилэн “үндэсний” гэсэн тодотголтой байгууллага байгуулна гээд нэг нэг заалт болгож оруулсан байна. Үүнийг “Төв Азийн нүүдэлчдийн түүх, урлаг, соёлын музейн цогцолбор” гэж агуулгатай нэр томъёо болгож оруулах нь зүйтэй болов уу.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаагүй зүйлийг хэрэгжүүлэхгүй байх ёстой гэж бодож байна. Үүнд, сурагчдын эцэг, эхээс мөнгө татахгүй байх ёстой."

ШИНЭ МЭДЭЭ