МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2016.11.08
Эдийн засаг, Худалдаа

Ё.Баатарбилэг: Нэгж ажилтанд ногдох хувьсах зардлыг бууруулж болохгүй

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар "Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцүүлгийг хийж байх үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг шинжлэх ухааны салбарыг бодлого уг үндсэн чиглэлд орхигдсон талаар асуудал дэвшүүлсэн юм. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

"Уг үндсэн чиглэлд ШУ-ны салбарын асуудал орхигдсон байна. Эдийн засаг хямарсан гээд хэтэрхий нийгэм асуудал руугаа хандаад, шинжлэх ухааны салбараа орхиод байна. Улс орон хөгжих хэрэгтэй. Цааш амьдрах хэрэгтэй. Үүнд эрдэмтдийн дуу хоолой, шинжилгээ судалгаа зайлшгүй шаардлагатай байдаг. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд шинжлэх ухааны салбарыг хариуцсан газар, хэлтэс байдаг бол яагаад салбараа асуудлаа орхигдуулаад байна вэ?

2012 оноос хойших салбарын статистик мэдээлэл, үзүүлэлтүүдээс харахад, Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлснээр шинэчлэх боломж бүрдэнэ. Бүтцийн өөрчлөлт хийсэн, хүрээлэнгүүдийн тоо буурсан. Үүнээс үүдэж зардал буурч, 33 тэрбум төгрөг хэмнэсэн гэж байна.

Монгол Улсын шинжлэх ухааны салбарт ажиллаж буй 4100 гаруй хүний хувьсах зардал нь сүүлийн 4 жил буурсаар байгаад нэгж ажилтанд ногдох зардал нь 20 хувиар буурсан байна.

Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачид бусад салбарынх шиг төсвөө нэмүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх талаар хөөцөлдөхгүй байна уу? Эсвэл салбарынхнаас ирж буй саналыг бодлогын баримт бичгүүдэд тусгахгүй байна уу?

Шинжлэх ухааны салбарын нэгж ажилтанд ногдох хувьсах зардлыг бууруулахгүй байх гэсэн заалтыг үндсэн чиглэлд нэмэх саналтай байна. Төсөвт дарамт учруулахгүй, зохицуулалт хийж болох байх.

Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн судалгаа, шинжилгээний менежментийг сайжруулах, оновчтой болгох талаар хийсэн ажлыг харахаар хүрээлэнгүүдийн тоог бууруулсан гэж байна.

Үнэндээ нэрийг нь өөрчилж, хүрээлэнгүүдийн өөр хооронд нь нэгтгэсэн болохоос биш бусад үйл ажиллагаа, судалгаа шинжилгээ нь урьдынх шигээ тус тусдаа явж байна.

Жишээлбэл, Түүх, археологийн хүрээлэнгүүдийг нэгтгэж нэг хүрээлэн болгосон бөгөөд археологийн чиглэлийн гадаад, дотоодын томоохон төслүүд үндсэндээ Түүхийн хүрээлэнд харьяалагдаж байна.

Уг нь эдгээр хүрээлэнгүүдийн үйл ажиллагаа тусдаа байхдаа нилээд өргөн хүрээний төсөл хөтөлбөр хэрэгждэг байсан. Түүхийн хүрээлэнтэй нэгдсэнээр ихээхэн хүндрэл гарч, археологийн судалгаа, шинжилгээнд хөрөнгө оруулах нь хумигдаад байна. Энэ мэтчилэн асуудлууд салбар бүрт байна.

Нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ-ын 2016 оны хаврын чуулганаар хэлэлцэж батлах ёстой байсан ч өмнөх парламент ажлаа хийгээгүйгээс үүдэн 2017 оны улсын төсөв батлагдах гэж байхад зэрэгцээд үндсэн чиглэлээ батлах гэж байгаа нь логикийн хувьд буруу.

Тиймээс төсөв батлагдах гэж байгаа энэ үед төсөвтэй холбоогүй заалтыг нэмэх нь зүйтэй гэж үзэж байна."

ШИНЭ МЭДЭЭ