МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ё.Баатарбилэг: Долларын ханш 200 төгрөгөөр өссөн асуудлыг шалгах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2016.11.21
Улстөр

Ё.Баатарбилэг: Долларын ханш 200 төгрөгөөр өссөн асуудлыг шалгах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.

-Та ном, сонин цуглуулдаг юм уу. Таны энэ цуглуулгыг харахад олон жилийн л цуглуулга шиг харагдах юм?

Би чинь хүүхэд байхын л ховор сонин түүхийн холбогдолтой зүйлс сонин, сэтгүүл дээр гарсан байвал хайчилбар хийдэг байсан. Сонин их уншина аа. Ялангуяа “Өдрийн сонин”-ыг байнга захиалж уншдаг. Манайхан сүүлийн үед сонин уншихаа байсан юм шиг санагдах болсон. Үнэндээ сонин гэдэг чинь өөрөө гайхалтай зүйл байхгүй юу. Хүмүүс гадаад орнуудаар яваад ирэхээрээ янз бүрийн зоос, сувинерийн зүйлс авч ирж цуглуулгадаа нэмэрлэдэг.

Харин би очсон газрынхаа тэр өдрийнх нь өдөр тутмын сонинг авч хадгалдаг юм. Тухайн өдөр тэр улс оронд юу болж өнгөрснийг баталгаажуулж үлддэг цорын ганц зүйл нь сонин. Миний мэргэжилтэй ч холбоотой байж мэднэ. Манайхан сүүлийн үед таблет, гар утсаараа цахим сайтууд, сошиалаас мэдээлэл авдаг болсон. Цаг үеэ дагасан зөв хэлбэр хэдий ч цаасан сонин унших шиг кайф байдаггүй.

Сонингийн цаасыг шажигнуулан эргүүлээд суух нь цаанаа л нэг сайхан. Та анзаарсан уу. Цаасан сонингийн үнэр нь хүртэл нэг л өөр байдаг. Ядаж л онгоцонд явж байхад таблет удаан харахаар нүд өвддөг бол сонин уншихад хэзээ ч нүд өвдөхгүй байх жишээтэй.

-Таны гэр бүлийн зургийг хараад байхад их л өнөр өтгөн өссөн бололтой. Архангай аймгаас Их хурлын гишүүн болсон. Өмнө нь Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан гээд энэ бүхнээс харахад таныг тэр нутгийн хүн юм болов уу гэж бодлоо?

Унаган Архангайн хүүхэд. Аав минь аймгийн дэлгүүрт манаач, ээж дэлгүүрийн цэвэрлэгч хийдэг байлаа. Манайхан аав, ээжээс есүүлээ. Би ээжийнхээ 37-ны жил дээр долоо дахь хүүхэд нь болж мэндэлсэн юм. Дээрээ нэг ах, таван эгчтэй, доороо хоёр дүүтэй ч эрх талдаа өссөн. Тэр үеийн айлууд хамгийн багадаа л 6-7 хүүхэдтэй, өнөр өтгөн байсан. Цэцэрлэг хотынхоо гэр хороололд тоглож өссөн гэхэд болно. Хавар, зун, намар оройхон гудамжиндаа гарч “маатаг” энэ тэр гээд тоглоомоор тоглоно.

Нэг айлаас 6-7 хүүхэд гарч ирж тоглохоор чинь манай гудамж хүүхдийн цэцэрлэгийн тоглоомын талбай шиг л харагдана. Бас болоогүй ээ, онц сурчихна. Гэрийн даалгавраа  начигнуулчихаад “Тамир” кино театрт кино үзэж, “Дугуй" дэлгүүрээс ном авч уншиж, аймгийн музейн сонин содон зүйлсийг. сонирхоно. Энэ бүхэн хүүхдийг танин мэдэх, мэдлэг мэдээллийг цогцоор нь олгож байсан юм.

Одоо ч бидний багынх шиг бодит зүйлс улам л хумигдаж байна. Ер нь хүүхдийг бодит орчинд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг чинь чухал байхгүй юу. Бидний хүүхдүүдээ хүмүүжүүлж байгаа орчин нөхцөл ч хүнд болж дээ. Ялангуяа төв суурин газар аюулгүй байдал, эрүүл ахуй талаасаа ч тэр хэцүү болсон.

-Одоо ч олон хүүхэдтэй айл цөөн болчихсон. Амьдрал ахуй хэцүү болохоор олон хүүхэдтэй болох боломж алга л гэх юм байна шүү дээ?

Тэр үед аав,ээж хоёр есөн хүүхдээ цалингаараа болгоод л байсан байгаа юм. Манаач, цэвэрлэгчийн цалин гэдэг чинь тухайн үедээ хамгийн бага байсан. Ямар ч байсан гэдэс цатгалан, мөр бүтэн өсгөсөн. Миний багын амьдралын хэв маяг одоо бодоход тайван амгалан байж. Социалист нийгэм байсан ч бүх зүйл цогцоороо байдаг байлаа. Одоогийн хүүхдүүдэд тайлбарлаад байгаа шиг харанхуй бүдүүлэг байгаагүй юм шүү. Тухайн үед гэрэл гэгээтэй зүйл их байсан.

Монгол хүний мөс чанар гэдэг зүйл чинь жинхэнэ утгаараа байв шүү. Худаг дээр ус авах гээд ирэхэд түрүүлж ирсэн хүүхэд нь чулуу тавиад яваад өгнө. Хойно нь ирсэн хүүхдүүд нь очер урагшлахаар чулууг нь хүн байгаагаар тооцож урагшлуулдаг байсан. Өөрөөс нь өмнө ирсэн хүүхдийнхээ цаг хугацааг нь хүндэлж байгаа биз дээ. Одоо ийм зүйл байхгүй болж. Хүчтэй нь хүчгүйгээ гэдэг онол номлол түрсээр байна. Өнөөдөр манайхан хариуцлага гэж маш их ярих болсон. Тэгвэл социализмын гэх тэр үед чинь хариуцлагыг жинхэнэ утгаар нь тооцдог байлаа. Өөр өөрсдийнхөө өмнөх ажилд яг эзэн болно.

Чадахгүй бол хариуцлага тооцуулна. Хийсэн ажлаа үнэлүүлж цалингаа авна. Энэ мэт зүйл өнөөдөр үгүйлэгддэг л юм. Монголчууд ардчиллаас олон зүйлийг олж авсан. Үүний зэрэгцээ ёс жудаг, мөн чанараас эхлээд мөнгөөр хэмжиж болохгүй зүйлсээ бид алдсан. Монголчууд 20 гаруй жилийн турш бүсээ чангалж, амьдрах гэж зүтгэлээ. Зүтгэсээр байгаад гараад иртэл эрүүл мэндээ алдсан. Өнөөдөр 40-50 насны өвчин ярьдаггүй хүнийг хайгаад үзээрэй. Байхгүй шүү. Бүгд ямар нэг эмгэгтэй болсон.

-Давуу тал ч гэсэн олон бий?

Үг хэлэх эрх чөлөө, ил тод байдал, шударга ёс, хариуцлагын талаар 25 жил ярилаа. Ачир дээрээ ил тод байгаа юу, шударга ёс тогтсон уу, хариуцлагын тогтолцоо бий болсон уу гэх мэтчилэн анзаарах зүйлс бий. Өнөөдөр бид хэтэрхий их шүүмжилдэг болсон. Юм хийж байгаа хүнийг шүүмжилнэ. Юм хийхгүй байгааг нь ч шүүмжилнэ. Өөрөө яг яаж байгаа билээ гэхээр хир халдаах дургүй. Энэ чинь монгол зан биш байхгүй юу. Бид дотоод мөн чанараа харах нь чухал.

Юмны агуулга чухал. Улстөрчид гадаад мөн чанараараа хүмүүст таалагдах гэж юм хийж болно. Найр наадам хийж болох ч иргэдийн амьдрал ахуйд нь хэр хүртээлтэй, юу үлдэх вэ гэдгээ бодож үзэх асуудал байна. Бид агуулга тал руугаа явах нь зөв гэж ойлгодог. Өнөөдөр улстөрчдийн хэлсэн үг хэдэн жилийн дараа буруу болж нийтээрээ хараан зүхэгдэх тийм байдалд орох энүүхэнд. Ийм зүйлд би болгоомжтой ханддаг. Түүх шоглоомтой шүү дээ.

-Та багаасаа л түүхч болъё гэж зорьсон юм уу?

Намайг долдугаар ангид байхад 1990 оны хувьсгал гарч, юм чөлөөтэй болж эхэлсэн. Үүний дүнд шашин соёл, уламжлалт соёлыг дэлгэрүүлж байна гэж бужигнаад, Намын төв хороо, Улс төрийн товчооны хаалттай байсан түүхэн баримтууд сониноор хэвлэгдэж эхэлсэн юм. Танд түрүүн үзүүлсэн хайчилбаруудыг цуглуулан уншихад асар сонирхолтой байлаа. Нэг л мэдэхэд надад маш их түүхтэй холбоотой сан бүрдсэн.

Манайхан өндөр өвөг талаасаа бичиг номын хүмүүс байсан. Монголын мундаг хутагтууд дотор өвөөгийн авга ахын нэр байдаг юм. Өвөөгийн номын найз нь академич Базарын Ширэндэв гуай долдугаар ангиа төгсөөд шинэ эргэлтийн бодлого энэ тэр гээд 1929 онд Чулуут суманд хамтралын даргаар очсон. Т.Жамган гэж өвөө минь тэгэхэд багийн дарга байсан тул Б.Ширэндэв гуайд тусалж явсан юм билээ. 1990 оны дундуур би Б.Ширэндэв гуайтай уулзаж, багш шавь болсон.

Багшаасаа зөвлөгөө авч байгаад “Монголын түүхийн 17 жаран" гэдэг түүхийн он цагийн лавлахыг таван жил сууж байж 2000 онд хэвлүүлсэн. СОРОС- ын сангаас энэ номыг минь  бүх аймгуудын номын санд худалдан авч тэр мөнгөөр нь оюутан байхдаа орж ирсэн “эксел” машин авч байлаа. Энэ ном минь намайг түүхийн шинжлэх ухааны салбарынханд багагүй таниулж, хөөрхөн орлого оруулж, МУИС-ийн шилдэг оюутан болгож байсан юм.

Би МУИС-ийг түүхч, археологич-антропологич мэргэжлээр төгсч байв. Намайг гуравдугаар курст байхад академич Б.Чадраа агсан Шинжлэх ухааны академид эрдэм шинжилгээний туслах ажилтнаар авч цалинжуулж байсан. “Сургуулиа төгсөөд академид ажилд ороорой” гэж байлаа. Харин МУИС-ийн багш нар маань “Чи тэнхимдээ багшаар үлдээрэй” гээд би гуравдугаар курстээ хоёр ажлын санал авчихсан догь оюутан явлаа.

-Таныг Н.Багабанди, Н.Энхбаяр нарын туслах байсан гэдэг. Улс төрд хэрхэн орсон юм бэ?

Дөрөвдүгээр курст дөнгөж ороод байж байтал Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдсан юм. Төрийн албаны зөвлөлийн дарга Цэдэндамбаа гуай “Уулзах хэрэг байна. Ирэхдээ өөрийнхөө ном бүтээлийг аваад ирээрэй” гэв. Яваад очтол Ерөнхийлөгч Н.Багабандийн Улс төрийн бодлогын зөвлөх Долгоржав “Манайх түүх, уламжлал, ёс заншил хариуцсан референт авах хэрэгтэй байна.

Чи оюутан байх хугацаандаа дадлагажаад ажиллаач. Боломжтой бол чамайг төгсөхөөр хэсэг хугацаанд харъя” гэхээр нь сонирхолгүй байсан тул яваад өгсөн юм. Сургууль дээр очоод багш нартаа “Ийм санал тавьж байна. Дэмий биз дээ" гэтэл “Юу гэж байгаа юм бэ. Ийм сайхан санал тавьж байхад тийшээгээ яв. Хажуугаар нь хичээлдээ яваад, судалгааны ажлаа хий” гэхээр нь нэлээд эргэлзээтэй маягтай дадлагажигчаар ажилласан.

Би хэнийг ч таньдаггүй байсан. Түүхийн чиглэлээр төгсөх курсийн оюутнуудыг судалсан чинь ном гаргасан, юм бичдэг, судалдаг хүн байна гээд нэлээд судалж байгаад авсан гэдгийг хожим нь хэлсэн. Н.Багабанди даргын наадам, цагаан сар, шинэ жилээр хэлэх үгийнх нь төсөл дээр сууна. Өөрөө мундаг хүн байсан болохоор өнөө цаасыг чинь улаан цоохор болгоод өгнө. Их ч зүйл сурсан. Ингэж л төрийн албаны ажлын гараа эхэлсэн юм.

Ерөнхийлөгч Н.Багабандийн албаны сүүлийн жил ахлах референт бөгөөд Шадар туслахаар нь ажиллаж байхад Ерөнхийлөгчийн сонгууль болж Н.Энхбаяр дарга ирж байлаа. “Яах бол” гэж бодоод байж байтал үргэлжлүүлээд ажилла гээд 2009 он хүртэл ажилласан. 2009-2010 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөхөөр ажилласан юм. Н.Багабанди, Н.Энхбаяр дарга нарын референт, Шадар туслахаар тасралтгүй найман жил ажилласан минь надад залуу насны нэг том сургууль, нэр хүндийн хэрэг байсан юм.

Хоёр Төрийн тэргүүнтэй хамтарч ажилласан азтай хүн л гэж өөрийгөө боддог. Хөдөөний нэг оюутан хичээлээ хийгээд гүйж явахад дуудаж авч ирээд ажилд оруулна гэдэг чинь их хувь тохиол. Харин 2010- 2012 онд Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж улс төрд орох алхам хийсэн. Н.Энхбаяр даргын үед 23 цаг өнгөртөл ажилладаг байсан. Дөрвөн жилийн хугацаанд 220 гаруй суманд очиж ажилласан байдаг. Зүгээр очоод өнгөрөх биш асуудал шийдэл гээд явна. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт ажиллаж байхдаа хүүхдийн үдийн цайны санаачилга гаргаж, түүнийг шийдэж байх жишээтэй.

-Таныг Засаг даргын ажлаа өгсний дараа АТГ- аас шалгаж байсан. Тэр юу болсон бэ?

Тэр Засаг даргын ажилтай холбоотой биш юм аа. Ерөнхийлөгчийн дэргэд ажиллаж байсантай холбогдуулан шалгасан юм. Хүнийг заавал барьж, хорьж байж шалгадаг энэ байдлаасаа салах ёстой гэж боддог. 1937 он биш шүү дээ. Ажлаа хүлээлгэж өгчихөөд сургууль соёлын мөр хөөх санаатай байтал хардлага сэрдлэг болж хорьж цагдсан. Эхнэрийг маань ажлаас нь халахаас эхлээд үндсэндээ амьдрахад нэлээд хүнд болсон. Дахиж олон аавын хүүг битгий хэлмэгдүүлээсэй гэж хүсдэг.

-Сүүлийн үед танай намынхныг төрийн албан хаагчдыг хоморголон халлаа гэдэг зүйл яригдах болсон. Та ямар байр суурьтай байдаг вэ?

Төрийн ажлыг явуулах нь чухал. Төрийн албаны халаа сэлгээ гэж их ярьж байна. Энэ хоёр талтай. Үнэхээр ажлаа хийж чадаж байна уу гэдэг асуудал бий. Тэгвэл нам нь яллаа гээд өөрөөс нь олон жил ажилласан хүмүүсийг хоморголон халаад өөрөө оронд нь суучихсан нөхдүүд байдаг.

Төрийн албаны хуульд нь өөрчлөлт оруулж байж шийдэх ёстой. Шийдвэр гаргаж буй албан тушаалтны хууль зөрчиж буй зүйлд битгий оролц. Хууль зөрчсөн буруу шийдвэр гарлаа гээд л байгаа биз дээ. Бичиг баримтын боловсруулалт дээр нь төрийн албан хаагчид суудаг.

Тэр хүн “Ингэж болохгүй дарга аа. Би ийм зүйл хийхгүй” гээд хэлчихдэг зоригтой байх хэрэгтэй. Тэгж хэлээд халагдах юм бол түүнийг хамгаалдаг эрх зүйн орчинтой болох шаардлагатай. Ингэж байж л төрийн албан хаагчид айдасгүй ажиллах юм. Дарга нар нь хууль.бус зүйл хий гэхээ болино.

-Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх хүмүүс их байна. Та ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?

Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа 48 сар. Дөнгөж ажлаа эхэлж байна. Бид дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Ард түмэн нэг талаараа мөрийн хөтөлбөрт үнэлгээ өгсөн, нөгөө талдаа өнгөрсөн дөрвөн жилийн эрх баригчдын алдаатай бодлогод хариуцлага тооцсон.

Өмнөх парламент чуулганаа ч хаалгүй алга болсон. Төсвийн тодотголыг тав зургаан сард хийнэ гэсэн ч хаяад явчихсан. Шинэ Засгийн газар түүнийг нь авч ирж тодотгол хийсэн. Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлийг баталсан. Одоо ажлаа л хийх хэрэгтэй.

Төсөв мөнгөнөөс эхлээд бэрхшээл байгаа л юм билээ. Зарим нэг зүйл дээр яарснаас болоод алдаатай зүйл оруулж ирсэн нь бий л байх. Гэхдээ бүх зүйлийг нь тэгж харж болохгүй. Өнөөдөр бидэнд тогтвортой төр засаг хэрэгтэй байна. Гадныхан тэгж харж байгаа. Бизнесийнхэн, иргэдийн төрдөө итгэх итгэл нэмэгдэх ёстой. Зарим зүйл дээр хурд дутаж байгаа зүйл харагдах л юм.

-Ам.долларын ханш сүрхий савлалаа. Ер нь эдийн засгийг аврах биш алж байгаа Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдыг огцруулах ёстой гэж байна?

АН-ын зарим нэг гишүүн Монголбанк интервенци хийхээс өөр арга зам хайх ёстой гэж ярилцлага өгсөн байна лээ. Үнэн. Хайх ёстой. Гэхдээ өөрсдөө хангалттай валютын нөөцтэй байхдаа интервенци хийх байтугай аргаар валютын ханшийг буулгах боломжтой байсан. Монголбанк сайн ажиллах ёстой. Ховор зүйл үнэтэй байдаг гэдэг чинь зах зээлийн зарчим. Харин сүүлд 200 орчим төгрөгөөр долларын ханш өссөн асуудлыг шалгах хэрэгтэй. Хэсэг бүлэг хүмүүс, банкууд зохиомлоор хомсдол үүсгэж үнэ өсгөсөн байхыг үгүйсгэхгүй.

Би тэгж хардаж байгаа. Арилжааны банк ашгийн төлөө явдаг. Банк тэгж тоглолт хийсэн бол шууд буруутгах аргагүй. Гэхдээ манай үндэсний банкууд эх оронч байх хэрэгтэй л дээ. Тэднийг ашигтай байх боломжийг Монголын төр хангалттай бий болгосон. Гадны банк оруулж ирнэ гэхээр л Монголын банкуудыг дампууруулах нь гээд эсэргүүцдэг. Өөрсдөө болохоор тэнгэрийн хүүтэй, эндээ “даам” гарчихсан. Хүүгийн өрсөлдөөнөөс айгаад Монголдоо хэдүүлхнээ хуйвалдаад  гурван сая ард түмнийг мөлжөөд суух сонирхолтой болчихсон юм уу гэж хардаж байгаа.

Үндэстэн дамнасан улс бүрт байдаг санхүүгийн корпорациуд бий. Тийм банкуудаас яагаад салбараа  оруулж болохгүй гэж. Тэд хадгаламж, арилжааных нь хүүг тогтоогоод өгчихнө. Иймэрхүү байдлаас үүдээд арилжааны банкуудыг би хардаад байгаа юм. Үе үе ингээд эмзэг эдийн засагтай жижиг зах зээлийг савлуулаад байвал яах юм бэ.

-Эдийн засгийн онцгой хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүндрэлээс гарах боломж юу байна вэ. Том төслөө хөдөлгөнө, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдана, Хятадаас зээл авна гээд л яригдах юм?

Эдийн засгийн онцгой нөхцөлд арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж мөрийн хөтөлбөрт туссан. Эхлээд эдийн засгийн хүндрэл юунаас болов гэдэг дүн шинжилгээ хийх ёстой. Судалгааны байгууллага, хөндлөнгийн экспертүүдийн судалгаа байгаа эсэхийг мэдэхгүй. Дэлхийн эдийн засгийн чиг хандлага аль тал руугаа тэлэгдэж, аль тал руугаа хумигдаж байгааг анзаарах ёстой.

Эхний ээлжинд уналтыг зогсоох, алдаатай зүйлсийг засч залруулах, хэвийн горимд оруулах тал дээр ажиллана гэж байгаа нь зөв. “Стэнд бай” хөтөлбөр хэрэгтэй.  Гэхдээ “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдлаа гэхэд манай эдийн засгийн хүндрэлийг даван туулах хэмжээний хөнгөлөлт байхгүй юм билээ. Үүний зэрэгцээ өөр эх үүсвэр хайх шаардлагатай.

-Тэр нь Хятад юм биш үү?

Сүүлийн үед авсан мэдээллээр хэд хэдэн улс руу хүсэлт явуулаад байгаа юм билээ. Чухам хариу нь ирсэн үгүйг нь мэдэхгүй байна. Казиногийн хуулийг эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт тусгасан байна. Энэ хуулийн төсөл олон жил яригдаж, олон ч улстөрчийг хөлдөө чирсэн.

Миний хувьд Казиногийн хууль дээр нэлээд хатуу байр суурьтай байгаа. Казино байгууллаа гэхэд хэдэн хүн ирээд тоглох л байх. Монголын эдийн засгийг сэргээнэ гэж байгаа бол тэрэн шиг худлаа юм байхгүй.

-Арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон. Та хууль санаачлагчдын нэг байх аа. Яагаад энэ өдрийг сэргээхээр болсон юм бэ?

Арваннэгдүгээр сарын 26-наас АН-ынхан яагаад ингэж болгоомжлоод байдаг юм бэ. Яалт ч үгүй 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд анхдугаар Үндсэн хуулийг баталсан. Анхдугаар Үндсэн хууль баталсан тэр өдөр үндсэндээ Монгол Улсад Бүгд найрамдах засаглал тогтсон.

Хэдийгээр дэлхий нийт хүлээн зөвшөөрөөгүй ч Азид анх удаа ардчилсан төрт Бүгд найрамдах засаг тогтож байгаа байхгүй юу. Ардчилал ярьж, өмчилдөг нөхдүүд яагаад ардчилсан засаглал тогтсон энэ өдрөөс цэрвээд байгаа юм бэ.

-Шинээр Их хурлын гишүүн болсон. Одоо ямар бодолтой яваа бол...

Их хурлын гишүүнээр сонгогдоод өөрийн эрх мэдлийн хүрээ, үүрэг хариуцлагын шугамаа судалж байна. Их хурлын гишүүн гэдэг бол өндөр хариуцлага. Тиймээс Их хурлын гишүүний өндөр нэр хүндтэй, хариуцлагатай суудал дээр эхлээд зөв сууж сурах хэрэгтэй биз дээ.

-Та Их хурлын сонгуулиар Н.Батбаяртай өрсөлдсөн. “Өнгөрсөн хугацаанд аймгийн төвд маш их ажил хийсэн. Фортуна гарах нь дамжиггүй” гэж яригдаж байсан шүү дээ. Сонгууль хэр хүнд болж өнгөрсөн бэ?

Гишүүн асан Н.Батбаярын хувьд таван удаа Архангайд нэр дэвшээд сүүлийн гуравт нь дараалан гарсан. Нутгийн том улстөрч. Засгийн газрын гишүүнээр хэд хэдэн удаа ажиллачихсан. Улстөрч, хувь хүн талаасаа нутаг орондоо хийсэн зүйл зөндөө л байсан байх. Аймгийн Засаг дарга байхдаа хамтарч ажиллаж байлаа. Өнгөрөгч сонгуулиар намууд нэр дэвшигчдээ тодруулсан. Тэгээд л нэр дэвшсэн. Ард түмний сонголт энэ байсан. Хүссэн болгон нь сонгуульд орж, хүссэн болгон нь Их хурлын гишүүн болдоггүй. Миний хувьд Н.Батбаяр гишүүнийг хүндэлж явдаг. Сонгуулиар сайхан шударга өрсөлдсөн.

Сурталчилгааны эхэн үед нэг тааралдаад бие биедээ амжилт хүсч, шударга өрсөлдөнө өө гээд салцгаасан. Хэн нэгнийхээ талаар муу муухай зүйл явуулаагүй. Гэхдээ нэг зүйлийг бүгдэд нь шивнэчихсэн юм шиг сонголтыг ард түмэн хийсэн. 1990 оноос хойш Архангай аймгаас олон том улстөрч төрөн гарсан. Бүгдтэй нь гар нийлэн ажиллаж байсан. Р.Гончигдорж дарга гэхэд мэргэшсэн парламентч. Нэг ч удаа Засгийн газрын гишүүн болоогүй зөвхөн парламентын гишүүнээ л хийсэн гэх мэтчилэн олон улстөрч манай нутгаас төрөн гарсан байдаг.

-Шинэ гишүүдийн мэдлэг нимгэн, нунж дорой байна гэж шүүмжлэх боллоо. Та ямар байр суурьтай байгаа вэ?

Шинэ гишүүн гэдгээрээ хаацайлж буруу зөрүү зүйл хийж, алдаа гаргасан бол түүнийгээ дарах гэж байгаа болохгүй. Мэдээж мэдэх, мэдэхгүй зүйл гарна. Ард түмний итгэлийг даагаад гараад ирнэ гэдэг чинь өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, өөрийн гэсэн бодолтой хувь субьектууд гэж хардаг. Тэр утгаараа энэ нь илүү, тэр нь дутуу гэсэн хөндлөнгийн үнэлэмж байх нь зохимжгүй.

Зарим зүйл дээр шинэ гишүүд юм чинь гээд хойш нь тавьчих гээд байх хандлага ажиглагддаг. Тиймээс аль болох тийм байдал гаргуулахгүй байх ёстой гэж боддог. Олон хүн дотор янз бүрийн үзэл бодолтой хүмүүс багтсан учраас хааяа нэг хөндлөн зүйл гарна. Хамгийн гол нь улс орныхоо эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьдаг, хувийн тоглолт бага хийдэг байх ёстой.

ШИНЭ МЭДЭЭ