УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2016.11.18
Эдийн засаг, Худалдаа

Д.Сумъяабазар: СЗХ-ны шинэ гишүүд санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд ямар ажлууд хийх вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2016.11.18/ хэлэлцсэн нэг асуудал бол Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай байлаа. 

Уг тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр СЗХ-ны шинэ гишүүд ямар ажил хийхээр төлөвлөж буйг асуусан юм. 

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: 

"Санхүүгийн зах зээл дээрх үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар нилээн сайн ярилцах ёстой. Ялангуяа УИХ-ын гишүүдийн хэлж буй санхүү, мөнгөний зах зээлийн тэнцвэрийг хадгалах тал дээр СЗХ-ны шинэ бүрэлдэхүүн онцгой анхаарах ёстой. Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа зогсонги байна.

- Хөрөнгийн биржид мэргэжлийн хөрөнгө оруулагч нарыг татах тал дээр юу хийхээр төлөвлөж байна?

- Санхүүгийн зах зээлийг сайжруулах шаардлагатай байна. Энэ тал дээр ямар ажил хийх вэ?

- Монгол Улсад давхар даатгалын тогтолцоог анх удаа бий болгох гэж байгаатай холбогдуулан уг тогтолцоог хэрхэн бүрдүүлэх вэ?

- Өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжих, бичил санхүүгийн үйлчилгээг дэмжих чиглэлээр хоршоодын үйл ажиллагааг идэвжүүлэхийн тулд ямар ажил хийх вэ?   

- Монголын Хөрөнгийн биржийг хувьчлахаар болсон. Үүнийг хэрхэн зохион байгуулах вэ?

Моргейжийн зээлийн даатгал буюу урт хугацаатай даатгалын тогтолцоог бий болгох талаар СЗХ-ны шинэ бүрэлдэхүүн анхаарах ёстой. Ялангуяа санхүүгийн хүндрэлтэй холбоотой орон сууцны санхүүжилтийн зээл нь банкны салбарт хүндрэл учруулах магадлалтай байна. Ер нь зээл авч байгаа үедээ л даатгуулж байгаа шүү дээ.

- Банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сан өсгөсөн нь цаг үеэ олоогүй гэж үзэж байна. Ялангуяа 400 сая байснаа 800 сая, 2 тэрбум, 2,5 тэрбум төгрөг болсон нь яг энэ цаг үед хийх ёстой асуудал мөн байсан уу, үгүй юу?

Төрийн албан хаагчдын халаа, сэлгээтэй холбоотой буруу ойлголт яваад байна. Жишээлбэл, 2016 оны 5 дугаар сарын 12-нд СЗХ-ны өмнөх гишүүдийн бүрэн эрх дуусгавар болсон. Тухайн үед Эдийн засгийн байнгын хорооныхон энэ асуудлыг УИХ-аар оруулж ирээгүй.

Номоороо тухайн үед СЗХ-ны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилж, чөлөөлөх ёстой байсан. Гэтэл энэ асуудлыг улстөржүүлж байна.

Санхүүгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдын тоонд ББСБ, хадгаламж зээлийн хоршоо, даатгал, банк, бичил санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг ломбард зэргийг багтаадаг энэ салбарт гарч буй шийдвэрүүд бүгд чухал ач холбогдолтой.

- Санхүүгийн салбараа эрүүлжүүлж, реформ хийхийг төлөвлөж байна уу? Жишээлбэл, санхүүгийн чөлөөт бүс байгуулах талаар ямар бодолтой байна?"

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

"Санхүүгийн тогтвортой байдлын үйл ажиллагааг идэвхжүүлэх үүднээс ирэх онд холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулна гэж Төрөөс мөнгөний талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд тусгайлан заалт оруулж өгсөн.

Амьдралын даатгалтай холбоотой асуултад хариулахад, Монголбанкны судалгаагаар банкны салбарын нийт зээлийн 30 хувийг орон сууцны зээл эзэлж байна. Энэ зээлүүдийн дийлэнх нь ердийн даатгалын компаниар явдаг. 20 жилийн хугацаатай зээл боловч нэг жилийн ердийн даатгалаар даатгадаг. Энэ нь тодорхой хэмжээний эрсдэлтэй.

Энэ ч үүднээс аль болох урт хугацааны буюу амьдралын даатгалын даатгагчид даатгуулж байх ёстой гэсэн шаардлагыг хяналт, шалгалт хийж буй улсын байцаагчид банкуудад тавьдаг.

Монгол Улсад амьдралын даатгалын нэг компани үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ чиглэлийн нэг л компани зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа учраас мопополь байдалтай байдаг учраас энэ чиглэлд Монголбанк уян хатан бодлого баримталж байна. Энэ ч утгаараа СЗХ-нд амьдралын даатгалын компаниудыг олноор байгуулахад нь зориулж дэмжих шаардлагатай гэсэн зөвлөмж хүргүүлдэг.

Давхар даатгалын тухайд, тодорхой хэмжээний валют давхар даатгалаар дамжин гадагшаа урсдаг. Тиймээс Монголд давхар даатгалын компани байгуулах нь зүйтэй гэж Монголбанк үзэж, энэ тал дээр дэмжиж ажилладаг."

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва:

"Д.Сумъяабазар гишүүний дэвшүүлсэн асуудлуудыг байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцээгүй. Гишүүний дэвшүүлсэн саналаар санхүүгийн зах зээлд онцгойлон анхаарах зайлшгүй шаардлага тулгараад байна. Энэ асуудлуудад СЗХ онцгойлон анхаарах ёстой.

2016 оны 5 дугаар сарын 12-нд өнөөдрийн ажил үүргээс нь чөлөөлж буй гишүүдийн бүрэн эрх дууссан. Тухайн үед СЗХ-ны орон тооны болон орон тооны бус шинэ гишүүдийг томилох асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар оруулахгүй байсаар байгаад өнөөдөр яаралтай оруулж ирж байна.

СЗХ-ны гишүүдийг чөлөөлөх, томилох асуудалд улстөржсөн, бүрэн эрх нь дуусгавар болоогүй байхад ажлаас чөлөөлсөн зэрэг хууль зөрчсөн зүйл байхгүй."

ШИНЭ МЭДЭЭ