Алсыг харагч
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
2016.11.17
Улстөр

Алсыг харагч

УИХ-ЫН ГИШҮҮН БОЛОХЫН ӨМНӨХ Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Улаанбаатар хотод төрж, Хэнтий аймгийн Бэрх тосгонд өсөж том болон, орон нутгаасаа ажил амьдралын гараагаа эхэлсэн залуу улс төрч. Үндсэн мэргэжил нь сэтгүүлч боловч мэргэжлээрээ ажлаагүй гэхэд болно. Багаасаа нийгмийн идэвхтэй, өөрийнх нь хэлдгээр юм юм оролдож явсан тэрээр сэтгүүл зүйн салбараас илүү улс төрд татагджээ. Тиймээс оюутан байхаасаа МАХН /одоогийн МАН/-ын дэргэдэх залуучуудын байгууллагад хүчин зүтгэж, улмаар тус намд данстай гишүүн болсон.

...ЭНЭ БОЛ 16 ЖИЛИЙН ӨМНӨХ 20 НАСТАЙ ЗАЛУУГИЙН СОНГОЛТ БАЙЛАА...

Сургуулиа төгсөөд өссөн нутагтаа очиж ажилласан нь түүний дараагийн сонголт, чухал шийдвэрүүдийнх нэг байсан. Тэр оносон. Өссөн нутаг нь түүнд ээлтэй байж, ирэх жилүүдийн амжилтын эхлэл нь болжээ. 21 настай орон нутгийн тамгын газрын шинэхэн дарга ажлаа хөрөнгө оруулалт татахаас эхэлж.

Улаанбаатарт эргэн ирж “Дэлхийн банк”, “Дэлхийн зөн” зэрэг олон улсын байгууллагуудын үүдийг сахин, орон нутагтаа санхүүжилт татахын төлөө уйгагүй гүйж. Олон улсын байгууллагыг онилж, тэдэнд өөрийгөө илэрхийлж чадсан нь түүнийг тун овсгоотой, алсын хараатай нэгэн гэдгийг харуулна.

Учир нь олон улсын байгууллагатай холбоо тогтоосноос 1 жилийн дараа л гэхэд “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн удирдагч, улмаар тус байгууллагын бүсийн захирлаар хүртэл ажиллаж.

“Дэлхийн Зөн”-тэй холбогдсон тэрээр ард иргэдийн дунд орж ажиллан, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, мэргэжил дээшлүүлээд ч амжсан. Гэсэн ч төсөл хөтөлбөр биш харин зөв бодлого Монгол Улсыг хөгжүүлнэ гэж үзээд тус байгуулагаас гарчээ. Энэ үеэс улс төрд эргэлт буцалтгүй хүчин зүтгэж, төрийн бодлогыг атгалцах түшээ болно гэсэн амбицаа бага багаар илэрхийлж эхэлсэн.

Нэг жил төрийн алба, 6 жил олон улсын байгууллагад, хажуугаар нь 8 жил МАН-д зүтгэсэн Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, намынхаа Удирдах зөвлөлд, одоогийн НАМЗХ-ны Ерөнхийлөгч зэрэг томоохон албан тушаалд жил дараалан томилогдлоо.  

Л.Оюун-Эрдэнийг У.Хүрэлсүхийн хүн гэдэг. Нэг нутгийнх, улс төрийн идэвхтэй, хөдөлгөөнтэй залуу гэдгээр нь дэмждэг байж болох. Нэгэнтээ 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “Номер нэг” хөдөлгөөнийг өрнүүлснээр Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд илүүтэй танигдсан.

Азийн хүлэг улс номын автор

Түүнээс гурван жилийн өмнө аавынхаа гэгээн дурсгалд зориулан “Алсын хараа” нэртэй номоо гаргасан нь тухайн үедээ борлуулалт сайтай байж. Энэ мэт хэд хэдэн хөдөлгөөн өрнүүлж, намынхаа дуу хоолойг нийгэмд хүргэж, өөрийн байр сууриа улам бат болгосоор. Энэ номыг гаргаснаар түүнийг дэмжигчид олширч, сошиал сүлжээнд давалгаалж, номын дэлгүүрүүдийн хамгийн их борлуулалттай номын жагсаалтад багтах болов. 

"АЛСЫН ХАРАА", "Азийн хүлэг улс" БОЛ ТҮҮНИЙ БРЭНД

Харьцангуй залуу буюу 32 настайдаа намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж, 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас 40 хүртэлх насны 27 залуу нэр дэвшсэний нэг нь Л.Оюун-Эрдэнэ байлаа. Намын жагсаалтад дээгүүрт бичигдэж, ялсан бол хамгийн залуу УИХ-ын гишүүн гэсэн тодотголыг зүүх байсан ч тэр ялагдсан. Гэхдээ энэ ялагдал түүнийг мохоогоогүй гэдгийг өнөөдрийн үр дүн харуулна.

Учир нь 2016 онд даагаа нэхэхийн тулд Харвардын их сургуульд суралцан төгсч, Монгол Улсаа “Азийн хүлэг улс” гэж тодорхойлсон номоороо эргэн ирлээ. Түр завсарласан Л.Оюун-Эрдэнэ эргэн ирэх ирэхдээ эрийн цээнд хүртлээ амьдарсан, ажил амьдралын гараагаа эхэлж байсан Хэнтий аймагтаа ирлээ.

СОНГУУЛИЙН ӨМНӨХ ТАНДАЛТ СУДАЛГААГААР ХЭНТИЙ АЙМАГТ ТҮҮНИЙ РЕЙТИНГ ДАВГҮЙ БАЙЛАА.

Учир нь Харвардад сургуулиа төгсөөд ирснээ тодотгож, “Азийн хүлэг Улс” номынхоо сурталчилгааг маш зөв өнцгөөс хүчтэй өрнүүлж, бодлогын судалгааны хүрээлэн хүртэл байгуулсан нь түүнийг дэмжигч залуусын дунд давалгаа болсон. Түүнчлэн “Бадарчийн Жаргалмаа”, “De facto”, “100 асуулт, 100 хариулт”, “Цензургүй яриа” зэрэг телевизийн олон нэвтрүүлгээр дамжуулан орон даяар өөрийгөө илэрхийлж, оюутнуудад зориулан лекц уншин,  “100 сэдэв:Хөгжлийн торлог” нэртэй нэвтрүүлэг хүртэл хөтөлсөн зэрэг нь түүний рейтингийг өсгөсөн.

Сонгуулиар ”Миний өрсөлдөгч бол нэг тойрогт нэр дэвшсэн 4 хүн биш. Энэ л 16 хоног миний жинхэнэ өрсөлдөгч” гээд “Л.Оюун-Эрдэнийн амьдралаасаа суралцсан 29 сургамж” комик ном хэвлүүлж тараасан нь нэн содон.

Ингэж 2015 оны сүүлч 2016 оны эхнээс өрнүүлсэн сонгуулийн албан болон албан бус компанит ажил нь амжилтад хүрч, УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойргийн нийт сонгогчдын 52,83 хувийн саналаар УИХ-ын гишүүн боллоо.


УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ

УИХ-ын гишүүний тангараг өргөх үеэр

Энэ удаагийн парламентад анх удаа сонгогдсон 41 гишүүн ажиллаж байгаагийн нэг нь тэр. Л.Оюун-Эрдэнэ чуулганы танхимд дуугүй суусангүй. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Монголын төр бизнес эрхлэгчдэд таатай, тогтвортой бодлоготой байх ёстой, эрх мэдэл салангид байх ёстой гэсэн зарчим баримталдаг.

Энэ утгаараа шинээр бүрэлдсэн УИХ-ын анхдугаар чуулганы үеэр ялсан намын дарга ачааны хүндийг үүрч, Засгийн газраа тэргүүлэх ёстой гэж байр суурьтай байж, намын дарга М.Энхболд нь УИХ-ын даргаар томилогдоход эсрэг саналтай байсан.

Өмнөх Засгийн газрын тэргүүнд эрх мэдэл олгоогүй алдааг энэ парламент давтахгүй ёсгүйг сануулаад одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хэнээс ч хараат бус кабинет бүрдүүлэн ажиллахыг захисан.

Салбарын сайдуудыг томилж байх үеэр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд хандан, “Дэлхийн сод хүн төрсөн Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг орхигдуулж болохгүй, улс орны эдийн засагт чухал нөлөөтэй салбар” гэдгийг онцлоод Хэнтий, Архангай, Хөвсгөл, Завхан зэрэг аймгуудыг тусгайлсан болон түүхэн ач холбогдолтой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх хуулийн төсөл санаачлан боловсруулахаа хэлсэн.   

АН-ын даргын дайтай, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнийн өмнөөс хатуухан дуугарч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэх үеэр өөрийн хэд хэдэн саналыг дэвшүүллээ.

Тухайлбал, хэмнэлтийн горимд шилжихдээ төр бичиг хэргийн зардлаа танаж, төрийн байгууллагууд машинаа дундаа хэрэглэн, давуу эрхтэй машины дуут дохионуудыг хураахыг шаардсан. Түүнчлэн төрийн өмчит компаниудыг хувьчилж, төрийн данхгар бүтцийг халж, дундаж давхаргаа дэмжихийг уриалсан.

Нийгмийн бухимдалтай энэ үед соёл урлагаа дэмжиж, түүхэн дурсгалт газруудыг бодлогоор дэмжих хэрэгтэй ч сануулсан юм. Мөн хөдөө орон нутгийн хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл их байгааг дурдаад шүдний эмч нар явуулын үзлэг хийдэг байх асуудлыг дэвшүүлэн тавьсан.

Ирэх жилүүдэд төрийн бодлогыг орон нутаг руу чиглүүлж, бүс нутгийн эдийн засгийн эргэлтийг сайжруулахын төлөө ажиллахаа илэрхийлээд байна.  

ШИНЭ МЭДЭЭ