УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2016.11.04
Эдийн засаг, Худалдаа

Д.Сумъяабазар: Экспортыг дэмжих зээлийн эх үүсвэр бидэнд их хэрэгтэй

Өнөөдрийн УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар "Экспортыг дэмжих төсөл"-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Экспортыг дэмжих төсөл” нь уул уурхайн бус салбар дахь Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхийг бэхжүүлж, гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилт, санхүүгийн зах зээл, дотоодын болон олон улсын худалдаа, аж үйлдвэрийн салбаруудыг хамрах энэхүү төслийг Дэлхийн банкны 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр жилийн 1.25 хувийн хүү болон 1.25 хувийн бусад шимтгэлтэй, эргэн төлөгдөх хугацаа 25 жил, үүнээс эхний 5 жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгээр авна.

Хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар:

"Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед экспортыг дэмжих зээлийн эх үүсвэр бидэнд их хэрэгтэй байна. Тиймээс төслийг дэмжиж байна. Экспортын зээлийн даатгал болон худалдааны санхүүжилтийн шинэ эх үүсвэрүүдийг нэвтрүүлэх нь маш чухал. ААН-үүдийн худалдааны эргэлтийг сайжруулахад энэхүү төсөл шаардлагатай байгаа тул яаралтай батлах нь зүйтэй гэж үзэж байна." гээд дараах дөрвөн асуултыг асуусан юм. 

- Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК-ийн охин компаниар экспортын даатгалын компани байгуулахаар төлөвлөж байгаа юу?

- Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК-ийн малын индексжүүлсэн даатгалын явц хэр байгаа вэ?

- Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК-ийн хөрөнгө санхүү, ашиг, алдагдал хэр байгаа вэ?

- Нийт активаас хэдэн хувийг хадгаламжид хэдэн хувийг бусад арга хэрэгсэлд байршуулсан бэ? 

Ажлын хэсэг:

"Экспортын даатгалын компанийг үүсгэн байгуулах асуудлыг одоогоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн давхар даатгалын цорын ганц компани болох Хөдөө аж ахуйн давхар даатгалын компанийн охин компани хэлбэрээр зохион байгуулж явуулна гэсэн төлөвлөгөөтэй байна.

Одоогийн байдлаар Хөдөө аж ахуйн давхар даатгалын компани нийт 15 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй. Төлөвлөж байгаа 15 тэрбум төгрөгийн алдагдлыг зогсоох сангийн хөрөнгөтэй байх ёстой. Үүнээс 5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс олгоод байна. 5 тэрбум төгрөгийг энэ жил, үлдсэн 5 тэрбум төгрөгийг ирэх жилийн төсвөөс олгох төлөвлөгөөтэй байна.

Хөрөнгийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын компаниудад тавигддаг шаардлагын дагуу бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгийг санхүүгийн хэрэгслүүдэд байршуулах, бусад хоёрдугаар зэрэглэлийн санхүүгийн хэрэгслүүдэд байршуулах зэргээр тусгай тогтоож өгсөн хуваарилалтууд байдаг. Энэхүү шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд хөрөнгөө байршуулаад байна.

Засгийн газрын бондод 15 тэрбум төгрөг, үлдсэн хэсгийг бэлнээр 4-өөс доошгүй банкинд хувааж байршуулах ёстой гэсэн Санхүүгийн зохицуулах хорооны тусгай шаардлагын дагуу сонгон шалгаруулалтад хийж, хөрөнгийг 4 банкинд хувааж, бэлнээр хадгалагдах хэсэг нь байршиж байна.

Малын индексжүүлсэн даатгалын үйл явцын хувьд, төслийн хүрээнд хэрэгжиж байх үеэсээ буураагүй үзүүлэлттэй байна. Өнгөрсөн жилийн борлуулалтын тухайд, нийт малын 15 хувийг даатгасан. 2017 оны 6 дугаар сард энэ жилийн борлуулалтын дүн гарах болно." 

ШИНЭ МЭДЭЭ