Төрийн албан хаагч гадаадад данстай байхыг хориглох  эрх зүйн орчин бүрдүүлнэ
2016.11.02
Улстөр

Төрийн албан хаагч гадаадад данстай байхыг хориглох эрх зүйн орчин бүрдүүлнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2016.11.02/ 09 цаг 52 минутаас 63.2 хувийн ирцтэй хуралдаж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Тус байнгын хорооны өнгөрсөн сарын 26-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх явцад байнгын хорооны гишүүдээс гаргасан саналын дагуу хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулж санал, дүгнэлтийг нь сонсох шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулаад байсан юм.

Ингээд өнөөдрийн хуралдаанаар уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэгтэйгээр байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар танилцуулав.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Д.Цогтбаатар нар болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажиллажээ.

Ажлын хэсэг өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг зарчмын хувьд дэмжиж, хэлэлцүүлгийн шатанд өргөн мэдүүлсэн төслийн үзэл баримтлалын хүрээнд холбогдох өөрчлөлт хийх нь зүйтэй гэж үзсэн.

Тухайлбал, төрийн албан хаагч гадаад улсын нутаг дэвсгэрт банкны данс эзэмшиж байгаа эсэхийг хэрхэн яаж тодорхойлох, түүнд хяналт тавих асуудлыг ямар хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх, холбогдох хуульд заасан болзол, шаардлагын дагуу сонгогдсон болон томилогдсон албан тушаалтан төсөлд заасан тодорхой хугацааны дараа ямар арга хэмжээ авах асуудлыг тодорхой хуульчилж өгөх, хуулийн төсөлтэй холбогдуулан тус байнгын хорооноос тогтоодог ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнуудын хүрээ хязгаарыг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж ажлын хэсэг үзсэнийг ажлын хэсгийн ахлагч санал, дүгнэлтдээ дурдлаа.

Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд компанийн хувьцаа эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буурч байгаа.

Иймд хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх, ёс зүйн хэм хэмжээг баримтлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тэдгээр албан тушаалтныг гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгасан байна.

Түүнчлэн уг хориглосон зохицуулалттай холбогдуулан нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээд болон албан тушаалтан урьдчилан мэдүүлэх үүрэгтэй байх, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэргийг тодорхой зааж өгчээ.

Харин нийтийн албан тушаалтны гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хөндөхгүй байх, бусад хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн нутаг дэвсгэрт оршин суух, зорчих зэрэг хэрэгцээ шаардлагыг харгалзан тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах асуудлыг хориглохгүй байхаар зохицуулсан байна.

Байнгын хорооны ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж тодруулав.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ хуульд зөвхөн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг 39800 албан тушаалтан хамрагдана.

Харин хууль батлагдахаас өмнө гадаад улсад данстай байсан албан тушаалтнууд 30 хоногийн дотор дансаа хаалгах, эсвэл бусдын нэр дээр шилжүүлэх боломж бүрдүүлэх юм.

Харин гадаад улсад данстай компанийн хувьцаа эзэмшигч байх эрх нээлттэй. Энэ асуудалд АТГ урьдчилсан мэдүүлгээр нь жил бүр хяналт тавьж байх юм гэсэн бол Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд саад тээг болох агуулгатай зүйл хуулийн төсөлд байхгүй.

Манай улсад үйлчилж байгаа одоогийн хууль тогтоомжоор хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнууд Монгол Улсад ч, гадаад улсад ч данс эзэмшдэг бол түүнийгээ мэдүүлэх үүрэгтэй.

Энэ хуулийн төсөлд заасан хязгаарлалт нь төрийн тухайн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд л үйлчлэх юм гэдгийг тодотголоо.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан,

Гадаад улсад данстай компанийн хувьцаа эзэмшигчийн дансыг хэрхэх тухай асуудлыг хэлэлцүүлгийн явцад анхаарах нь чухал, энэ нь эдийн засгийн агуулгаараа ч чухал бөгөөд ярвигтай асуудал учраас зөв, оновчтой тусгах шаардлагатай

УИХ-ын гишүүн Н.Оюундарь,

Эдийн засаг хүндрэл бэрхшээлтэй байгаа ийм үед энэ асуудалд болгоомжтой хандах нь зүйтэй, гадаад улс гэж бүх улс орныг хамааруулахгүйгээр дэлхий дахинд оффшор бүс гэж хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой улс орнуудад л данстай байхыг хориглох, түүнийг Засгийн газар жил бүр шинэчилж баталдаг байхаар зохицуулах боломжийг анхаарах санал гаргасан

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар,

Ажлын хэсэг тодорхой нэг бүс, арал, улс орон гэж ялгахгүйгээр гадаад улс гэж ерөнхий нэршлээр авч үзэх нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгааг хэллээ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд,

Хаана данстай байхдаа биш гол нь мөнгөний эх үүсвэр нь чухал, иймээс хэрэгжих боломжтой, бодитой үр дүнтэй, амьдралд нийцсэн байлгах үүднээс хуулийн төслийн цаашдын хэлэлцүүлэгт анхаарч нухацтай хандах шаардлагатай гэдгийг хэлэв.

УИХ-ын гишүүн Л.Болд,

Эдийн засаг хүнд байгаа энэ үед гадны хөрөнгө оруулагчдад болгоомж төрүүлэх ийм хууль батлах шаардлагагүй тул Засгийн газар төслөө татаж авах хэрэгтэй, түүний оронд мөнгө угаахын эсрэг олон улсын конвенцид нэгдэж орох асуудлыг ярих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

Ингээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив.

ШИНЭ МЭДЭЭ