ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНАСАУ-ын Элчин сайд Хон Гюг хүлээн авч уулзав
2016.10.28
Гадаад харилцаа

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНАСАУ-ын Элчин сайд Хон Гюг хүлээн авч уулзав

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Хон Гю-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Хон Гю цаг зав гарган хүлээн авсанд ХЗДХ-ийн сайдад талархал илэрхийлээд БНАСАУ-ын Ард түмнийг аюулаас хамгаалах яамны сайдаас ирүүлсэн мэндчилгээг уламжлав. Мөн Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын комиссын даргын хувьд тус улсад ажлын айлчлал хийхийг урив.

Түүнчлэн ирэх онд Монгол Улс, БНАСАУ-ын гадаад худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны зөвлөлдөх комиссын хуралдааныг хийхээр төлөвлөж буйг дуулгав. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНАСАУ Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны улс орнуудын нэг болохыг дурдаад уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглэв.

Ялангуяа хоёр орны хууль зүйн салбарын харилцаа шинэ шатанд гарч, эрчимтэй хөгжиж буйг онцлоод Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын комиссын даргын хувьд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд цаашид ч идэвхтэй анхаарч ажиллана гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ