МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа
2016.10.28
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нар өнөөдөр /2016.10.28/ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах, Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын холбогдох конвенциудад нэгдэн орох зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж, тус байнгын хороо болон үйлвэрчний эвлэлийн холбооны цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцохоор ирснээ уламжлав.

Хэдийгээр улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа боловч иргэдийн цалингийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Салбар бүрт цалин, хөлсийг нэмэгдүүлэх боломж байна. Тухайлбал, соёл урлаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт төсвөөс гадна өөрсдийн явуулж буй үйл ажиллагаанаас орлого олдог. Үүнээс олсон мөнгөний тодорхой хувийг ажилтанд урамшуулал хэлбэрээр бус үндсэн цалин болгож олгох бололцоотой бөгөөд үүнийг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байгааг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг нар хэлж байсан юм.

Түүнчлэн тус холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн биелэлтийг хянаж, уг хэлэлцээрийг үр дүнтэй болгох тал дээр Байнгын хорооноос анхаарч ажиллахыг хүсч байв.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Улсын Их Хурлын зүгээс хөдөлмөр, нийгмийн хамгааллын өмнө хүрсэн бодлогоо дордуулахгүй байхыг зорьж байгааг онцлоод Байнгын хорооны зүгээс хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дундаж давхаргыг дэмжих бодлого түлхүү туссан. Хөдөлмөрийн үнэлэмжийн асуудал чухал. Цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ дан ганц инфляцитай уялдуулах биш хөдөлмөрийн бүтээмжтэй холбох хэрэгтэй. Та бүхний хэлсэн салбар бүрийн онцлогт тохируулан цалин хөлсийг нэмэх эрх хэмжээг салбарын сайд нарт олгох саналыг зөв гэж үзэж байна. Энэ тал дээр Байнгын хороо анхаарч ажиллана” хэмээв.

Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг төлөөлөгчдөд төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмжийг өмнөх зохицуулалтын дагуу олгох асуудал Байнгын хороогоор дэмжигдсэн талаар мэдээлэл өгөв.

Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны чиглэлийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо

ШИНЭ МЭДЭЭ