МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Тогтохсүрэн: Хямралаар далимдуулж орлого олдог зүйлээ үнэгүйдүүлж болохгүй
2016.08.29
Эдийн засаг, Худалдаа

Б.Тогтохсүрэн: Хямралаар далимдуулж орлого олдог зүйлээ үнэгүйдүүлж болохгүй

УИХ-ын гишүүн Б.Тогтохсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг ерөнхий байдлаар нь хувь гишүүнийхээ зүгээс хэрхэн харж байна?

-Ирэх дөрвөн жилд Монгол Улс ямар замаар явах уу гэдгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр тодорхойлох учиртай.

Сонгогчдын дэмжлэгийг хүлээж, парламентад олонх болох боломжийг нээж өгсөн намын мөрийн хөтөлбөр өөрөө Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн суурь нь болж цаашаа явна.

МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 96 орчим хувь нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан гэж намын зүгээс үзсэн.

Мэдээж хэлэлцүүлгийн шатанд чамбайруулах асуудлууд байгаа. Ирэх дөрвөн жил эдийн засгийн хувьд маш хүнд байхаар харагдаж байна.

Эхний хоёр жилдээ бид эдийн засгийн уналтыг тогтворжуулах, өсөлт бий болгоход чиглэгдсэн үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Сүүлийн хоёр жилд нь эдийн засаг жаахан өндийх болов уу.

Тэр үед эрх баригч нам мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтэд анхаарах боломж үүснэ гэж харж байна.

-Төсвийн тодотголын хүрээнд хийгдэх хэмнэлтийн горим  нь өнөөдөр хэрэгжих шаардлагатай зайлшгүй асуудлуудын нэг гэдэгтэй та санал нэгдэх үү?

-Улсын төсвийн өнөөгийн нөхцөл байдлыг бид сонсоод ний нуугүй хэлэхэд их цочирдсон. Улсын төсөв өнөөдөр маш хүнд нөхцөл байдалд орчихоод байна.

Ганцхан жишээ хэлэхэд, Төсвөө  өнгөрсөн парламент 7.7 их наядаар баталсан. Гэтэл төсөвт орохгүйгээр 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө  зарчихсан байгаа юм.

Ингэхээр улс хүнд байдалд орохгүй яах юм. Одоо 2.4 их наядаа төсөвт оруулаад ирэхээр жилийн төсвийн алдагдлын хэмжээ 20 хувьд хүрч байна. Уг нь төсвөө батлахдаа 3.5 хувь байхаар тооцсон.

Төсөв ийм  хүнд байгаа нөхцөлд бол хэмнэлтийн горимд шилжихээс өөр арга алга.

-Гэхдээ тухайлсан халамжуудыг зогсоохоор төсвийн тодотголд тусгасан нь өрхийн амьдралд шууд байдлаар хүнд тусах нь ээ?  

-Мэдээж учиртай хандах асуудал байна. Хувь гишүүнийхээ зүгээс ярихад  ийм үед нийгмийн халамжийн хэсэгт таналт хийх  нь зүйтэй юу гэвэл зүйтэй.

Энэ хүрээнд удирдлагын зардлыг багасгаж байгаа нь зөв. Яг ард түмний нуруун дээр очдог зарим асуудлууд дээр нухацтай хандах хэрэгтэй. Хүүхдийн мөнгөний хувьд  60 хувьд нь хязгаарлалт хийгдэхээргүй байгаа.

Энэ хэсэг хүүхдийн мөнгөө аваад яг амьдрал ахуйн өнөө маргаашийн хэрэгцээндээ  зарцуулдаг. Үлдсэн хэсэг нь  шууд байдлаар хэрэглэдэггүй гэсэн үг.

Гэхдээ 2018 оноос энэ хэсэгт мөнгийг нь нөхөж олгохоор байгаа. Мөн 36 сарын тэтгэмжийн асуудал  нэлээд маргаан дагуулж байгаа. Жилдээ 102 тэрбум зарцуулагдах тооцоотой. Сүүлийн хоёр жил тэтгэвэрт гарчихсан мөртлөө тэтгэмжээ авч чадаагүй иргэдийн 30 гаруй тэрбумын асуудал хүлээгдэж байна.

Оюутны 70 мянгыг зогсоох асуудал. Энэ мэтээр  төсвийн тодотголыг хэлэлцэх явцад нийгмийн хамгааллын зарим асуудлуудыг хэрхэн шийдэх вэ гэдэг  асуулттай  бид тулсан.

Эдгээр асуудлуудыг улстөрийн шийдлийн үүднээс нь дахин ярих хэрэгтэй гэж үзэж байгаа.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийн тодотголын хүрээнд яригдаж байгаа асуудлууд сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан зүүний үзэл баримтлалтай эрх баригч намын үнэт зүйлүүдтэй хэр нийцэж байгаа гэж та үзэж байна?

-Эдгээр хуулийн төслүүд  эцэслэн батлагдаагүй байна. Халамжуудыг  шууд зогсоочихсон гэсэн үг биш. Гэхдээ үүний цаана нэг л ойлголт байна.

Монголчууд хөнжлийнхөө хирээр хөлөө жий гэдэг. Нийгмийн хамгаалал чиглэлд мөнгө төсөвлөмөөр, төлөвлөмөөр байвч бидэнд өнөөдөр мөнгө алга байна.

Орон нутгийн хувьд халамжинд суурилж амьдардаг хэсэг нэлээд бий. Манай тойрогт л гэхэд  ийм өрхүүд өчнөөн байна. Хамгийн гол нь  өгөх мөнгө нь алга. Тиймээс хий санаа зовоод л явж байна.

-Төсвийн эх үүсвэрийг бүрдүүлэх асуудлаар өөр ямар гарц байж болох уу?

-Нэгдүгээрт, Стэнд бай хөтөлбөрт хамрагдах. Энэ хөтөлбөрт бас сайн тал байна. Төсвийн сахилга бат сайжирч, удирдлагын зардал багасна. Хавтгайрсан  халамжийн зардлуудыг багасгаснаар төсвийг эрүүлжүүлдэг талтай.

Сул тал нь халамжийг хэтэрхий хумчихдаг. Хоёрдугаарт, хаанаас орлого олох уу гэдгээ тодорхойлох. Дэлхийн зах зээл дээрх уул  уурхайн бүтээгдэхүүний үнэ 2018 он гартал өөдрөг төсөөлөлгүй байна. Нөгөө талд гадаад зах зээл дээрээс хамгийн багадаа 10.8 хувийн хүүтэйгээр мөнгө босгох аргачлал байгаа.

Ерөөсөө эдийн засаг  уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уаналт, өндөр хүүтэй зээлийн нөлөөнөөс л үүдэж унасан. Тэгэхээр бид давхар ачаа үүрээд байгаа. Үүндээ гарцаа зөв олж, асуудлаасаа гарах хэрэгтэй.

-Засгийн газар ирэх дөрвөн жилд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд 5.9 их наяд төгрөгийг хувийн хэвшлээс татах тооцоо гаргаж. Гэтэл бодлогын хүү нэмэгдсэнээр хувийн хэвшлийнхэн төрийн ачаа үүрэлцэх ямар ч чадамжгүй болох биш үү?

- Төсвөө хэмнээд, хасаад, танаад эдийн засгийн хүндрэлээс  гарах хатуу аргаар  гарах арга байна. Дараачийн боломж нь эдийн засгаа тэлэх хэлбэрээр  энэ бүхнийг давах аргачлал юм.

Эдийн засгийг бодлогын хүрээнд тэлэх асуудлыг  төсвийн тодотгол, засгийн газрын мөрийн хөтөлбөр хэлэлцэгдэж буй энэ үеэр сайн сөхөж ярих хэрэгтэй. Эдийн засгаа тэлэх замаар хямралаас гаръя гэвэл  хувийн хэвшлээ дэмжих шаардлагатай тулна.

Ямар боломж байна. Гадагшаа бүтээгдэхүүнийг нь нэвтрүүлэх, дотооддоо бдлогоор дэмжих гээд бүхий л аргаа хэрэглэх хэрэгтэй. ААН-үүдийг хөдөлгөөнд оруулж байж л бид өнөөдөр урагшаа явна.

Одоогийн нөхцөл байдлаас харахад, дээрх хоёр аргыг хослуулж хэрэгжүүлэх арга зам нь илүү үр дүнтэй харагдаж байгаа. Тийм учраас би эдийн засгийг хэмнэлтийн огримд шилжүүлэх нь зүйтэй.

Гэхдээ нөгөө талд хувийн хэвшлээ зайлшгүй дэмжиж байж л ажил урагшаа явна гэж харж байгаа.

-Хувийн хэвшлийг дэмжих асуудал яригдахаар татвар нэмэх бодлого харшилдаад эхэлнэ?

- Хувь гишүүнийхээ зүгээс татварын нэмэгдлийг дэмжихгүй байгаа. Засгийн газраас найман төрлийн татварыг нэмэх санал оруулж ирсэн байна лээ. УИх-ын гишүүд засгийн газар саналаа эргэж харахыг хүсэж, татвар нэмэхгүй байх асуудлаар хүчтэй байр сууриа  илэрхийлж байна.

Засгийн газар саналаа эргэж харах болов уу. Ер нь татвар нэмээд л байх юм бол бид бизнесээ хумиад л байна гэсэн үг. Цаашид татвар төлөгчдийнхөө тоог олшруулж, тэднээс бага татвар авч төсвөө бүрдүүлж байж л бид сэхнэ.

Дан татварын нэмэгдлээр бид хямралаас гарахгүй. Өөр олон боломжуудаа ашиглах ёстой.

-Өөр боломж гэснээс МАН-ын зарим гишүүд том төслүүдийнхээ эзэмшлийг зарж, роялти татвар авах замаар хямралаас гэтлэх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж байна. Таны хувьд?

-Нам дээр энэ асуудлаар эцсийн шийд гарч, ярилцсан асуудлал байхгүй. Хувь гишүүдийн байр суурь л явж байна. Засгийн газраас ч том төслүүдээ зарах асуудлаар төсөл өргөн бариагүй байна. Дэлхийн зах зээл дээр өнөөдөр уул уурхайн түүхий эдийн үнэ нам байгаа нь үнэн.

Гэхдээ тодорхой хугацааны дараа өсч л таарна. Тийм учраас хямралаар далимдуулж орлого олдог зүйлээ үнэгүйдүүлж болохгүй гэсэн бодолтой байгаа.

-Орхон голын бохирдлын асуудал анхаарал татсаар удлаа. Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүний хувиар энэ асуудал дээр хэрхэн ажиллаж байна?

-Сүүлийн үед бид Орхон голын асуудал дээр нэлээд анхаарал тавьж ажиллаж байна. Манай Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр дээгүүр нийт 1100 гаруй км үргэлжлэн урт урсдаг, Монгол Улсын таван аймгийн 63 сумыг  хамарч урсдаг том гол.

Олон гол эх авдаг. Эх авдаг голуудын нэг цэг буюу Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт дэвсгэр дээр алт олборлоод байна. Үүний улмаас сүүлийн Орхон гол 3-4 жил бохирдолтой байна. Тийм учраас би анхдугаар чуулганы үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нь тухайлан сануулсан. Энэ дагуу ажлын хэсэг очиод заримыг нь хаах арга хэмжээ авсан байна лээ.

Гэхдээ бодит үр дүн гарахгүй байна. Иймээс ирэх сараас УИХ-ын зарим гишүүдийн оролцоотойгоор салбар яам, Ашигт малтмалын газар, МХЕГ-ын газруудаас бүрдсэн ажлын хэсэг газар дээр нь ажиллахаар болсон.

-Ажлын хэсгээс ямар үр дүн хүлээж байна?

-Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг хаах уу. Хаахгүйгээр шийдвэрлэх өөр ямар гарц байна.

Холбогдох арга хэмжээг яаж авах уу гэдгээ газар дээр нь ажиллаж байж шийдэх юм. Энэ асуудал өөрөө олон газарт хамаардаг учраас ажил нь цалгардаад, явж өгөхгүй байгаа юм.

Уул уурхайн  компаниудын тухайд үйл ажиллагааг нь  хаасан ч эргээд эхлүүлчихдэг. Гол нь уул уурхайн компаниуд ашигласан талбайгаа өөр компаниудад зарчихдаг.

Тэр талбайг авсан хууль ёсны эрхгүй компаниуд байгалийг ингэж бохирдуулаад байна. Нутгийн иргэд энэ талаар маш их шүүмжлэлтэй ханддаг. Одоо нэг талд нь гаргаж, зохистой  байдлаар шийдэх цаг нь болсон.

Ярилцсан: Ж.МЯДАГБАДАМ