Ю.Цэндэнбал мэндэлсний ойг тэмдэглэхийг байнгын хороо дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар "Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Уг тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Мөнхбат танилцуулсан юм. Тогтоолын төслийг шинэчлэн боловсруулахад Ажлын хэсгийн гишүүдээс гадна “Цэдэнбал” академийн хамт олон, судлаачдыг саналыг тусгасан байна.
Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд төр нийгмийн нэрт зүтгэлтний амьдрал, үйл ажиллагааны талаарх түүхэн үнэнийг ард түмэнд сурталчилан таниулж алдар гавьяаг нь мөнхжүүлэх арга хэмжээ авах, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, зохион байгуулах комисс байгуулан ажиллуулах, музей байгуулах арга хэмжээ авч төрөөс түүнд болон эхнэрт нь олгосон шагнал, бэлэг дурсгал, эдэлж хэрэглэж байсан зүйлсийг уг музейд байрлуулах, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээр тусгасан байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.