Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал хэлэлцлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.07.29/ хуралдаан 18 цаг 42 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал хэлэлцлээ. Энэ асуудлын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар танилцуулга хийсэн юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Т.Хадхүү, Улсын Их Хурлын Тамгын газраас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Д.Даваа-Очир нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул нэр бүхий гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналаа холбогдох байгууллагууд Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Т.Хадхүү, Д.Даваа-Очир нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.
Дараа нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Самдангийн Цэдэндамбыг, Улсын Их Хурлын Тамгын газраас Балдангийн Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцсэн юм.
Нэр дэвшигч С.Цэдэндамба нь философич, багш, эрх зүйч мэргэжилтэй, нийгмийн ухааны магистр зэрэгтэй, доктор, профессор цолтой. Төрийн албанд 34 жил, үүнээс төрийн жинхэнэ албанд 20 жил ажилласан, Төрийн албаны тэргүүн зэргийн тэргүүн түшмэлийн зэрэгтэй төрийн мэргэшсэн, туршлагатай ажилтан юм. Нэр дэвшигч Б.Баатарзориг нь багш мэргэжилтэй, төрийн удирдлагын менежер, хууль зүйн магистр зэрэгтэй. Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан, төрийн албаны мэргэшсэн албан хаагч юм.
Танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ж.Мөнхбат нар саналаа хэлж, нэр дэвшигчдийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Б.Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгттэйгээр, С.Цэдэндамбыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилохыг 90 хувь нь дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулахаар тогтов.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай асуудал хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх хуулийн заалттайг байнгын хорооны дарга Н.Энхболд гишүүдэд сануулаад уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсныг танилцуулав.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуралдаан даргалагч Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай бол шинэчлэн батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив. Иймээс энэ талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.