Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн  хорооны удирдлагыг томилов
2016.08.01
Улстөр

Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны удирдлагыг томилов

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, тус хорооны даргаар Содномдаржаагийн Даваасүрэнг нэр дэвшүүлж буйгаа Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцуулсан юм.

Нэр дэвшигч С.Даваасүрэн нь 1995 онд МУИС-ийг төгсөж, МУИС-ийн Эдийн засгийн сургуульд магистр, Английн Манчестрийн их сургуульд мастер, АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд докторын зэрэг хамгаалж, АНУ, Англи, Югослав зэрэг улсад мэргэшил дээшлүүлжээ. Тэрбээр 1996-2003 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, 2001-2003 онд “Тогтвортой амьжиргаа” төслийн ерөнхий зохицуулагч, 2003-2005 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал, 2005-2007 онд АНУ-ын Хэритэйж Юнайтад Вэй судалгааны байгууллагад судлаач, 2006-2008 онд АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд багш, 2008-2009 онд АНУ-ын Дахин хөрөнгө оруулалтын корпорацид шинжээч, зөвлөх, 2010-2012 онд МУИС-д ахлах багш, тэнхмийн орлогч эрхлэгч, эрхлэгч, 2014 оноос МАН-ын даргын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж иржээ.

Мөн энэ талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцуулсан юм. Тус байнгын хороо С.Даваасүрэнг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилуулах Улсын Их Хурлын даргын саналыг дэмжсэн байна Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.9 хувь нь С.Даваасүрэнг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилохыг дэмжсэн юм.

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг чөлөөлж, томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Тус хорооны орон тооны гишүүн Э.Батболдын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооноос холбогдох хуульд заасны дагуу Д.Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээр томилох санал оруулсныг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ.

Дараа нь Үндэсний статистикийн хорооны даргад нэр дэвшүүлэх тухай Улсын Их Хурлын даргын саналыг хэлэлцлээ. Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Үндэсний статистикийн хорооны даргад Аюушийн Ариунзаяаг нэр дэвшүүлж буйгаа Улсын Их Хурлын дарга М.Энхболд гишүүдэд танилцуулсан юм.

Нэр дэвшигч А.Ариунзаяа нь 1996-1999 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, ХБНГУ-д коллеж төгсөж, 1999-2005 онд ХБНГУ-ын Хановерийн их сургуульд улс төр, нийгэм, түүх судлалаар мастер, 2014-2015 онд Удирдлагын академид төрийн захиргааны менежментээр магистрын зэрэг хамгаалжээ. 2005-2013 онд “Монгол даатгал” компанид хүний нөөц, даатгалын менежер, 2013 оноос МАН-д Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын даргаар тус тус ажиллаж иржээ.

Үндэсний статистикийн хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаархи санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар танилцуулсан юм. Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Д.Цогбаатар нар нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлж үг хэлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 53 гишүүний 50 нь буюу 94.3 хувь нь А.Анхзаяаг Үндэсний статистикийн хорооны даргаар томилохыг дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ