МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын байнгын хороодын дарга нарыг өнгөц тольдоход...
2016.07.28
Улстөр

УИХ-ын байнгын хороодын дарга нарыг өнгөц тольдоход...

УИХ-ын энэ оны ээлжит сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулснаар бие даан Засгийн газраа бүрдүүлэх төдийгүй Байнгын хороодын дарга нарыг томилох бүрэн эрхтэй болсон билээ.

УИХын тухай хуулийн 19 дүгээр зүйлд, Байнгын хороо нь хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого, УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох санал боловсруулах, УИХ-ын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллана гэж тодорхойлсон байх бөгөөд УИХ нь найман Байнгын хороотой үйл ажлаа явуулахаар хуульчилсан байна. Энэ удаа МАН-аас УИХ-ын Байнгын хороодын даргаар томилсон гишүүдийг товч танилцуулж байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр энэ албанд хоёр дахь удаагаа тохоон томилогдож байгаа бөгөөд 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдсон, төрийн ажлын туршлагатай түшээ юм. Эрх зүйч мэргэжилтэй тэрбээр хувийн хэвшлийн салбараас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн ч 2000 оноос төрийн байгууллагад ажиллаж, Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга, Улаанбаатар хотын гаалийн газрын хэлтсийн дарга, дэд дарга, ГЕГ-ын зөвлөх, МХЕГ-ын дэд даргын албыг хашиж байжээ. УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдсон тэрбээр ардчилсан хүчин олуулаа болсон өмнөх УИХ-ын үед Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны даргаар томилогдсон Ц.Гарамжав нь МУИС-ийг инженер геологич, Москвагийн их сургуулийг хөрс судлаач мэргэжлээр төгссөн. 1992 онд байгуулсан компаниа хожим “Монполимет” хэмээн нэрлэж, Заамар, Тосонгийн ордод алт олборлох болсноор компани нь өргөжиж, бизнесээ тэлсэн амжилтаараа 2015 онд “Азийн хүчирхэг 50 бизнес эмэгтэй” жагсаалтад Монголоос анх удаа бичигджээ. Өмнөх Засгийн газрын үед Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар цөөхөн сар ажилласан. 2016 оны сонгуулиар анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, жендерийн эрх тэгш байдлыг хангах үүднээс Байнгын хорооны даргаар томилжээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн уугуул, MCS-ээс угшилтай нэгэн. ОХУ-ын СанктПетербургийн их сургууль, АНУ-ын Дакото, БНСУ-ын Хангдоны их сургуулийг дүүргэсэн, англи, орос хэлтэй. Унаган нутаг Хөвсгөлөөсөө УИХ-д хоёр дахиа сонгогдсон, боловсролтой эрхэм юм.

Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэлийн улс төрийн амьдрал маш хурдацтай дээшилж байгаа. ЗХУ (хуучин нэрээр)-ын Омск, Ростов хотын техникум, их сургуульд фото зураг, сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн. 1982 оноос хойш сэтгүүл зүйн салбарт тасралтгүй ажиллаж, хамгийн сүүлд МСНЭ-ийн ерөнхийлөгчийн албыг хашиж байсан. УИХ-ын гишүүнээр хоёр дахиа сонгогдож,Байнгын хорооны даргаар томилогдоод байна.

Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллах Ш.Раднаасэд Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХын гишүүн юм. МАН-ын Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан тэрбээр нам нь Засагт эвсэхэд МХЕГ-ын дэд даргаар ажиллаж байлаа. Мөн УИХ дахь МАНын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан хуульч Ш.Раднаасэд энэ удаа Говь-Алтайн тойргоос УИХ-д сонгогдож, улмаар Байнгын хороог даргалах болжээ. Н.Энхболд Төрийн байгуулалтын байнгын хороог толгойлохоор томилогдсон. Инженер-эдийн засагч мэргэжилтэй тэрбээр Соёлын яамны мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, Улсын хэвлэлийн комбинатын орлогч дарга, “Монгол хэвлэл” нэгтгэлийн ерөнхий захирлаар ажиллаж байжээ. 1990- ээд оны эхнээс улс төрийн карьераа эхлүүлж, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын албаны дарга зэрэг албыг хашсанаас гадна 2000 оноос хойш тасралтгүй УИХын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга, УИХ-ын дэд дарга, МАН-ын бүлгийн дарга зэрэг хариуцлагатай албанд томилогдсон байдаг.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва ХБНГУ-ын Гумбольдтын их сургуулийг хүнсний инженер технологич, Берлиний Техник эдийн засгийн институтийг менежментийн удирдлага мэргэжлээр дүүргэсэн. Улаанбаатарын мах консервын комбинатаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн түүнийг “ТБД андууд” компани, худалдаа үйлчилгээний төвөөр нь манайхан мэддэг болсон. Тэрбээр ХБНГУ-д Элчин сайдаар сууж, 2004-2007онд Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байлаа. 2004 оноос хойш УИХ-д тасралтгүй сонгогдож, шинэтгэлийн Засгийн газрын үед Монгол Улсын Шадар сайдын үүргийг гүйцэтгэж байсан юм.

Төсвийн байнгын хороог удирдах УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Увс аймгаас гурав дахь удаагаа сонгогдож байгаа туршлагатай парламентч хүн. Тэрбээр энэ хугацаанд Түлш, эрчим хүчний сайд, Сангийн дэд сайд болон Засгийн газрын ХЭГ-ын даргаар ажиллаж байлаа. Эдийн засагч, багш мэргэжилтэй Ч.Хүрэлбаатарын карьер байнга өсч яваа бөгөөд “Чадалтай аавын хүү надтай өрсөлдөөрэй” хэмээн бардам загнасаар өнгөрсөн сонгуулиар Увс аймгаасаа дахин сонгогдсон билээ.

ШИНЭ МЭДЭЭ