МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Засгийн газарт ажлаа хийж, чадвараа харуулах хугацаа хэрэгтэй
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл
2016.07.28
Улстөр

Засгийн газарт ажлаа хийж, чадвараа харуулах хугацаа хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Та өмнө нь Өргөдлийн байнгын хорооны гишүүн байсан. Тэгэхээр энэ байнгын хороог ши­нээр хариуцаж авсан ч үйл ажиллагаа болоод хүлээгдэж буй асуудлуудыг нарийн мэдэж байгаа гэж болно. Өнгөр­сөн хугацаанд ямар аж­лууд амжуулав. Мөн байнгын хороон дээр яригдаж байгаа асуудлуудын тухайд? 

Өргөдлийн байнгын хороо бол УИХ-д 2012 оны сонгуулийн үр дүнд бий болсон шинэ бүтэц. Үндсэн Хуулийн хорин зургадугаар зүйлд заасан хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих үйл ажил­лагаанд иргэд, олон ний­тийн харилцааг хангах зорилготой, олон ул­сын жишгийн дагуу бай­гуу­лагдан өнгөрсөн дөрвөн жил амжилттай ажил­ласан байнгын хороо. Өргөдлийн байнгын хороо бүрэн эрхийнхээ хугацаанд 94040 иргэний 11575 өргөдлийг хүлээн авч асуудлыг багцлан хэлэлцэж, холбогдох хуулийн төсөлд тусгах саналыг нэгтгэн боловсруулах, хуулийн зөрчлийг арилгах. 

Мөн хэрэгжилтийг хангах, хууль, тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газарт хугацаатай үүрэг, чиглэл өгөх, байнгын хорооны гишүүдийн саналыг хуралдааны тэмдэглэлээр хүргүүлэх, тогтоолын биелэлтийн талаарх мэдээллийг эргэн сонсох зэргээр хяналт, шалгалтын чиг үүргээ амжилттай биелүүлж ажилласан. Өрөөнөөс гадагшаа гарч ажиллах, өргөдлийн дагуу газар дээр нь очиж нөхцөл байдалтай нь танилцах, өргөдөл гаргагч, холбогдох байгууллагын төлөөллийгоролцуулан хэлэлцүүлэг хийх, нээлттэй сонсгол хуулийн хүрээнд байнгын хорооноос зохион байгууллаа. 

Гэр хороолол болон ашиглалтын шаардлага хангахгүй нь мэргэжлийн байгуул­лагаар тогтоогдсон орон сууцны барилгуудын дахин төлөвлөлт, Цэргийн албан хаагчдын нийгмийн асуудал, цолны нэмэгдэл, Туул голын бохирдол, Биокомбинатын иргэдийн амгалан тайван амьдрах нөхцлийг алдагдуулсан зэрэг олон асуудал байнгын хороон дээр хэлэлцүүлэг, шийдлээ хүлээгээд байж байна. 

-Бусад байнгын хороог бодвол Өргөдлийн байнгын хороо иргэдтэй хамгийн ойр ажилладаг. Тэр хэрээрээ ачаалал ихтэй байдаг. Иргэдээс ирэх өргөдлийг хэлэлцэхээс гадна ирэх хоёр жилд төлөвлөж буй ажлуудынхаа талаар? 

Өргөдлийн байнгын хороо төр, ард түмнийг холбосон гүүр юм. Төр, ард түмний амьд харилцааг хадгалан, улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л асуудлаар ирүүлсэн иргэдийнхээ үнэт саналыг хууль тогтоох үйл ажиллагаанд тусган, хуулийн хэрэгжилтэнд иргэдтэйгээ хамтарч хяналт тавьж ажиллана. 

Зарим хүн Өргөдлийн байнгын хороонд хийхгүй ажил, хөндөхгүй сэдэв алга гэж шүүмжилдэг. Байнгын хороо иргэдийн өргөдөлд үндэслэн хууль дутуу дулимаг хэрэгжиж байгаагаас үүдэн нийгэмд тулгарч байгаа асуудлыг дэлгэн тавьж шийдвэрлэх үүрэгтэй. УИХ хууль гаргадаг, харин хэрэгжилтэнд нь хяналт тавих ажил хангалтгүй явсаар ирсэн. 

Тэр нь ч Өргөдлийн байнгын хороог УИХ-д нэмж байгуулах үндэслэл болсон. Өнгөрсөн хугацаанд ирүүлсэн өргөдлийг үзэхэд 10 гаруй хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 90 гаруй хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна. Ард түмний амьдрал, аж байдал хүнд байгаа нь хувийн чанартай өргөдөл дийлэнх байхад хүргэж байна гэж бид дүгнэдэг. Цаашдаа нийтийн эрх ашгийг төлөөлсөн нь нэмэгдэх байх. Тэгвэл амьдралд нийцсэн хэрэгждэг хуультай болох, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих иргэдийн оролцоо нэмэгдэхэд илүү түлхэц болох юм. 

-Та өмнөх парламентад ажиллаж байсан туршлагатай гишүүдийн нэг. Тэр утгаараа шинэ гишүүдийг бодвол ирэх дөрвөн жилд хийх ажлаа илүү нарийн, тодорхой төлөвлөсөн болов уу. Ямар салбарт хуулийн төслүүд санаачлан ажиллах талаар сонирхож байна? 

УИХ-ын гишүүний хувьд бүхий л хууль, тогтоомжийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоно. Нийгмийн чиглэлийн хууль, тогтоомж санаачлах чиглэлд түлхүү ажиллах бодолтой байна. Тэр дундаа хүүхэд бүр цэцэрлэгт хамрагддаг болох асуудлыг онцгойлон анхааръя гэж бодож байгаа. Өмнөх дөрвөн жилд эмэгтэй гишүүдтэйгээ хамтарч цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж чадсан. Гэхдээ л 240 гаруй мянган хүүхэд цэцэрлэггүй байна.

Үүний улмаас гал түймэрт өртөх, халуун тогоонд унах, авто замын осолд орох зэргээр бяцхан үрсийн маань амь нас, эрүүл мэндэд байнга эрсдэл учирч байна. Түүнчлэн залуу аав, ээж нар хүүхдээ харж ажил эрхэлж чадахгүй, өрхийн орлого нь бага, төвөгтэй байдалд байна шүү дээ. Тиймээс энэ чиглэлээр түлхүү ажиллана. БСШУС-ын сайд Ж.Батсуурьт цэцэрлэгийн асуудлыг анхаараарай гээд захьчихаад л сууж байна. Нэг амьсгаагаар хийх ажил биш л дээ. 

Гэхдээ эхний ээлжинд харъяаллын дагуу хүүхдүүдийг цэцэрлэгт авдаг болгох, ядаж л урьдчилан цаг өгч чирэгдэлгүй бүртгэх, одоо байгаа цэцэрлэгүүдэд өргөтгөл хийх, хувийн цэцэрлэгүүдтэйгээ хамтрах, цэцэрлэгийн газрын асуудлыг хороо бүрт ажлын хэсэг гарган судлуулах зэрэг ажлыг шат дараатай хийх санал тавьсан. Туршлагатай, мэдлэг боловсролтой, мэргэжлийн хүн салбарын сайдаар томилогдсон болохоор ажил явна гэдэгт итгэлтэй байгаа.

Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүний бүдүүвчээ хийхдээ бие даасан Соёл, урлагийн газар, Биеийн тамир спортын газрыг байгуулахаар боллоо. Энэ хоёр салбараа аль нэг яамны бөөрөнд наачихаад яваад байсан. Соёл, урлаг, спортынхон маань сэтгэл дундуур, байнга шүүмжилж байлаа. Соёл, урлагийн бие даасан төрийн бодлого ч үгүйлэгдэж байна. Энэ чиглэлээр болон хэвлэл, мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааны хараат бус байдлыг хангасан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход ч санал санаачлагатай ажиллана даа. 

-УИХ-ын чуулганы хуралдааны үеэр та Туул голын хог хаягдлын тухай хуулийн төслийг санаачлан, өргөн барина гэдгээ хэлж байсан. Энэ талаар тодруулахгүй юу? 

Туул голын бохирдол, орчны хог хаягдлын асуудлыг хуулиар зохицуулахгүй бол явахгүй болсон ажил юм билээ. Шинэ Засгийн газар байгуулагдаад удаагүй байна. Манай улсын хүн амын 42.8 хувь нь энэ голоос ундаалж байна. Усны хуульд хавсарга болгож олон жил явлаа, үр дүн гарсангүй. Тиймээс Туул голыг хамгаалах тусгай хууль гарган хэрэгжилтэнд нь нарийн хяналт тавих механизм бүрдүүлж ажиллах шаардлагатай гэж ойлгож байгаа. Туул голыг бохирдуулж байгаа арьс, ширний үйлдвэрийн асуудлыг шийдвэрлэнэ гэж сайдуудын томилгооны үеэр УИХ-ын чуулган дээр Байгаль, орчны сайд Д.Оюунхорол мэдэгдсэнд тун талархалтай байгаа. Туул голоо хамгаалахтай холбоотой эргийн хайрга чулууг нь ачаад явчихдаг, голын ойролцоох амралтын газруудын хог, хаягдал, цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэх зэрэг олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай. 

-Томилогдсон сайд нарын тухайд Ерөнхийлөгчөөс эхлээд сонгогчдын зүгээс сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд авсан. Мэдээж МАН-ын Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийг гишүүд хүндэтгэх нь ойлгомжтой. Хувь гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа бол? 

Засгийн газарт ажлаа хийх, чадвар чансаагаа харуулах хугацаа өгөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Түүний дараа шүүмжлэх, хариуцлага тооцох тухай ярих ёстой гэж бодож байна. Би Засгийн газарт, томилогдсон сайд нартаа итгэж байгаа. Итгэлийг зүтгэлээр хариулах баг гэж харж байна.

ШИНЭ МЭДЭЭ