Ротари клубийнхэн хөтөлбөр хэрэгжүүлнэ
2011.09.12
Орон нутгийн хөгжил

Ротари клубийнхэн хөтөлбөр хэрэгжүүлнэ

БНСУ-ын Чеонам хотын Ротари клубын төлөөлөгчид Хэнтий аймагт ажлын айлчлал хийж хамтран ажиллах тухай санамж бичиг-гэрээнд гарын үсэг зурлаа. Солонгосын энэхүү Ротари клуб нь, өөрийн улсдаа 17 салбартай, тавиад мянган гишүүдтэй, жилдээ 10 сая долларын төсөл хэрэгжүүлдэг аж. Клубын ерөнхийлөгч Eung Sin Park нь, Монголд 12 жилийн өмнө ирж байсан бөгөөд цөлжилтийг сааруулах зорилгоор 340 мянган долларын мод тарих төсөл хэрэгжүүлсэн боловч үүнийгээ төгс ажил болж чадаагүй гэж үздэг юм байна. 

Клубын арав гаруй төлөөлөгчид Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Хан Хэнтий” цогцолбор сургуулиар зочилж дурангийн хагалгааны орчин үеийн тоног төхөөрөмж, компьютер зэргийг бэлэглэлээ. Мөн уг төхөөрөмж дээр ажиллах эмч нарыг Солонгос улсад сургаж мэргэшүүлэхээр тохиролцлоо.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ санаачлан хэрэгжүүлж буй Хэнтий аймаг-Чеонам ротари клуб хоорондын хамтын ажиллагааны төслийн шугамаар, дөрвөн хөтөлбөрийг Хэнтий аймагт хэрэгжүүлэхээр боллоо. Тодруулбал, хөдөө орон нутгийн иргэдийг нарны эрчим хүч гаргах зөөврийн төхөөрөмжөөр хангах “Нарны эрчим”, зарим сургуулийн захиалгыг үндэслэн компьютер, бусад мэдээллийн хэрэгслээр хангах, Монгол улсын түүх, соёл, уламжлалыг тусгасан судалгаа түүхийн ном хэвлэх, авъяаслаг сурагчдыг Улаанбаатар хот болоод Солонгос улсад суралцах тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх “Боловсрол”, малчдын ундны ус, бэлчээр, газар тариалангийн усны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор худаг шинээр гаргахад санхүүгийн туслалцаа үзүүлэх “Ус хангамж”, эрүүл мэндийн үйлчилгээ, эм хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамжийг дээшлүүлэх, боловсон хүчин бэлтгэх зорилго бүхий “Эрүүл мэнд” зэрэг дөрвөн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Солонгосын Ротари клубын танхимын дарга Dong-Book Kang, Ерөнхийлөгч Eung Sin Park, Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Д.Намсрай нарын гарын үсэг зурсан хамтран ажиллах гэрээнд заажээ.

Эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Энэхүү үйл явдлыг Хэнтий аймгийн гадаад харилцаанд шинэ хуудас нээсэн явдал боллоо. Эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарт хамтарч ажиллана. Цөлжилтийг сааруулах, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах зорилгоор төсөл хэрэгжүүлэхээр ярьж байна. Ер нь, бид Бельги, АНУ зэрэг улсуудын хамын ажиллагаа, техник туслалцааны төсөл хөтөлбөрүүдтэй аймгаа холбож санаачилгатай ажиллаж байгаа” гэж ярилаа.

ШИНЭ МЭДЭЭ