Хуулийн хүрээнд зөв лобби байхыг үгүйсгэхгүй
МУИС-ийн Улс төр судлалын тэнхмийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Мөнхбат
2015.12.31
Эдийн засаг, Худалдаа

Хуулийн хүрээнд зөв лобби байхыг үгүйсгэхгүй

УИХ-ын гишүүд хууль боловсруулж, өргөн барьж, чуулганаар хэлэлцэж буй өнөөгийн процесс нь сайн хууль батлагдахад хангалттай байж чадаж байна уу?

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд тооцох заалтыг халж, дийлэнх олонхоор (51-ээс дээш) хууль батлагддаг байх нь оновчтой. УИХ-ын хууль тогтоох чадамжийг нэмэгдүүлэхэд чухал гэж бодож байна.

Өнөөгийн УИХ-ын хууль тогтоох чадамжийг дээшлүүлэх явдал чухал. 

Хууль батлан гаргах эцсийн шийдвэр олонхийн зарчмаасаа илүүтэйгээр УИХ-д суудал бүхий намуудын оролцоог нээсэн, зөвшилцөл, ойлголцолд суурилсан зарчимд шилжих нөхцлийг бүрдүүлнэ.

...Нэгдсэн чуулган, байнгын хороодын хуралдаанд цөөхөн гишүүд ирц бүрдүүлснээс хууль тогтоох хийгээд төрийн бодлогын чухал шийдвэрүүдэд гадны нөлөө, шахалт орох эрсдэл бий болгохыг үгүйсгэх аргагүй...   
Аливаа хуулийг батлагдах хүртэл хугацаанд хэн, ямар сувьект хамгийн их нөлөө, оролцоотой байна?

Олон улсын жишгээр хууль санаачлах, өргөн барих, батлах бүрэн эрх парламентад өөрт нь хадгалагдаж байдаг. Энэ онцгой эрхийг төрийн институциуд хуваалцах бололцоогүй. Хууль батлан гаргах процедурын хувьд манайх парламентын бүтцийн байгууллагуудаар хэлэлцүүлэн, дэмжигдсэн тохиолдолд чуулганаар хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргадаг.

УИХ-ын бүтцийн байгууллага гэдэгт УИХ дахь намын бүлэг, байнгын хороодыг хэлж байгаа юм.

Цаашид байнгын хороодын үүрэг ролийг нэмэгдүүлэх шаардлага бий. Байнгын төрөлжсөн хороод бол тухайн хэлэлцэх асуудлыг мэргэжлийн талаас нь нухацтай авч үзэн, чуулганд оруулж ирдэг жишиг тогтох нь зүйтэй.

Байнгын хороодын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, байнгын хороодод парламентын гишүүдийг эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу ажиллуулах, байнгын хороодын мэргэшсэн байдлыг хангаж, зохион байгуулах нь хамгийн үр дүнтэй.

Өнөөгийн практикаас харахад парламентын нэг гишүүн олон байнгын хороонд орж ажилладагаас үүдэн хуулийн болон бодлогын төслүүдэд цаг гаргаж ажиллаж чаддаггүй. Үүнээс үүдэн чанаргүй хуулийн төсөл, бодлогын баримт бичгүүд нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж буй дүр зураг байгааг нуух юун. Үүний цаана парламентын гишүүдийн тоог ч нэмэх шаардлага давхар байгааг хэлэх хэрэгтэй болов уу.   

Аливаа хууль тогтоомж, шийдвэрт аль нэг УИХ-ын гишүүн, улс төрийн нам бус тодорхой лобби бүлгийнхэн нөлөөлж, нийтийн бус өөрсдийн эрх ашигт нийцсэн хууль батлуулсан бодит жишээ мэдэх үү?

Яг бодит жишээ мэдэхгүй ч гадны нөлөө, лобби бүлгийн шахалтаар хууль, бодлого гардаг талаар нийгмийн хардалт байнга л өрнөж байдаг. Хамгийн ойрын жишээ нь “Өршөөлийн тухай” хууль байна. 

“Өршөөлийн тухай” хуулийг бүхэлд нь буруу гэж нийгэм үзээгүй.

Гагцхүү тус хуулийн зарим зүйл, заалт нь авлигын хэргээр шалгагдаж байгаа болон шийтгүүлсэн хүмүүсийг өршөөх тухай байсанд оршино.

Төрийн тэргүүн тус хуульд хэсэгчилсэн хориг тавьсан. УИХ үүнийг хүлээж авснаар нийгмийн бухимдал багассан. Ер нь гадны буруу нөлөө, лоббигоор хууль, бодлого гарвал буруу.

...Лобби гэдэг өөрөө буруу зүйл биш. Харин түүнийг хууль зөрчихгүйгээр, нийтийн эрх ашигт харшлахгүйгээр хийж, гарсан шийдвэр нь нийгэмд үр нөлөөгөө үзүүлж байвал түүнийг зөвтгөж болно...

Тиймээс ардчилсан улс орнуудад “Лоббины тухай” хууль гаргаж, түүнийг нийгмийн шахалтын бүлэг, иргэний нийгэм, улс төрийн намууд, улс төрчид чадамгай ашигласнаар үр дүн гардаг.    

“Лоббины тухай” хууль боловсрууллаа гэхэд ямар зохицуулалтууд оруулж өгөх нь зүйтэй вэ?

“Лоббигийн тухай” эрх зүйн сайн зохицуулалт чухал гэж бодож байна. Хуулиар нарийн зохицуулж чадвал лобби ил тод болох эерэг талтай.

Хуулиар нарийн зохицуулаагүй тохиолдолд аливаа лобби илүү далд хэлбэр рүү орох сөрөх талтай. Хэдий чинээ далд байна төдий чинээ хардалт дагуулна, нийгмийн сөрөг үзэгдэл, үр дагаврыг ч бий болгох эрсдэлтэй. 

Ярилцахад таатай байлаа. Таны эрдмийн ажилд амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ