Өрсөлдөөний  тухай хуулийн хэрэгжилтийн талаар асуулга тавилаа
2011.07.06

Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийн талаар асуулга тавилаа

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ нар Ерөнхий сайд С.Батболдод Өрсөлдөөний  тухай хуулийн хэрэгжилтийн талаар асуулга тавьсан байна.

Асуулгад “Өрсөлдөөний тухай хууль”-ийг 2010 оны зургадугаар сарын 10-д баталсан. Энэ хууль батлагдсанаас хойш жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Уг хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан шалтгаан нь тэр үеийн Өрсөлдөөний асуудал хариуцсан агентлагийн үйл ажиллагааны ил тод байдал, улс төрөөс хараат бус болон бие даасан байдал хангалтгүй, гол нэрийн бараа үйлчилгээг зах зээлд нийлүүлдэг давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд нь үгсэн хуйвалдах эсхүл зохиомлоор үнэ хөөрөгдөх байдлаар шудрага бус үйл ажиллагаа явуулдаг, эдгээр аж ахуйн нэгжүүдтэй тооцох хариуцлага сул байсан зэрэг нь судалгаагаар тогтоогдсонтой холбоотой.

Ардчилсан зах зээлийн нийгэмд иргэн, аж ахуйн нэгжийн хөгжих үндэс шудрага өрсөлдөөн байдаг. Энэ нийгэмд шудрагаар өрсөлдөх эрх зүйн орчин бүрдсэнээр худалдан авагч иргэд, хэрэглэгчдэд  хамгийн чанартай бараа үйлчилгээ, үнийн болон бусад  борлуулалтын хамгийн сайн нөхцөлөөр нийлүүлэгддэг жамтай билээ.

Засгийн газар Өрсөлдөөний тухай хуулийн 13.4-т зааснаар  хувийн хэвшилтэй хамтран стратегийн гол бараа бүтээгдэхүүн тухайлбал, үр тариа, хүнсний ногоо, мах, гурил, цагаан будаа, элсэн чихэр, нефтийн бүтээгдэхүүн зэрэг бараа материалын эрэлт, нийлүүлэлтийн зохистой байдлыг бүрдүүлэн хэрэглэгчийн амьжиргааны түвшний тогтвортой байдлыг хангах эрх, үүрэгтэй.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулах үүрэгтэй байдаг.

Гэтэл Засгийн газар өнөөгийн байдлаар Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах,  хараат бус бие даасан байдлаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг хэрэгжүүлэх үүрэг бүхий  хамтын удирдлагын 8 гишүүн /3 нь иргэний нийгмийн төлөөлөл буюу МҮХАТ, МҮЭ, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг/-ийг томилоогүй, энэ байгууллагын дүрмийг батлаагүй байна.

Энэ байдалд нефтийн бүтээгдэхүүний үнийн нийлүүлэлтийн доголдлыг далимдуулж давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүний нийлүүлэлтээ хязгаарлаж, хэрэглэгчийг хясан боогдуулах, зохиомлоор үнэ нэмэх, хэрэглэгчдэд хамгийн хямд үнээр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэгтэй ёсны монопол аж ахуйн нэгж  тухайлбал, Эрчим хүчний удирдах газраас эрчим хүчний үнийг нэмж байхад, үнэ нэмж буй үндэслэлийн талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ШӨХТГ-ын байр суурь тодорхойгүй байсаар байна. Мөн бусад гол нэрийн барааны үнэ тодорхой бус шалтгаанаар нэмэгдэх хандлагатай байна.

Энэ байдлаас  Засгийн газар нийт иргэд, хэрэглэгчийн талд биш  хэдхэн давамгай байдалтай аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах талд зогсож байгаа юм шиг харагдаж байна.

Иймд Өрсөлдөөний тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа шалтгаан, энэ хуулийн хэрэгжилтийн үр дүн, цаашид стратегийн гол бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн зохистой байдлыг бүрдүүлэн иргэдийн амьжиргааны түвшний тогтвортой байдлыг хангах талаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогын арга хэмжээ, эдгээр асуудлаар Засгийн газрын байр суурийн талаарх мэдээллийг Улсын Их Хурлын тухай хуулийн 33.3-д заасны дагуу ирүүлэхийг хүсье гэжээ.

ШИНЭ МЭДЭЭ