НББСШУБХ дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ
НББСШУБХ дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ
2015.12.01
Улстөр

НББСШУБХ дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2015.12.01.Мягмар гараг/ хуралдаан 11 цаг 25 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хороо өнөөдөр 4 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Байнгын хорооны хуралдааны эхэнд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулав. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжих нь зүйтэй гэж үзлээ

Мөн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй санал байхгүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг гишүүд дэмжсэн юм.

Ингэснээр анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжих санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан танилцуулав.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Ё.Отгонбаяр, Д.Сумьяабазар нар асуулт асууж хариулт авсны дараа Ажлын хэсгээс гаргасан зарчмын болон найруулгын чанартай саналын томьёололууд болон дагалдах хуулийн төслүүийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан танилцуулахаар болов.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох тухай асуудлыг хэлэлцэв

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн төлөөллөөс “Юу Си Жи” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ганбаяр, Тайж группын ерөнхий захирал Л.Ганпүрэв нар хамгийн олон санал авсан тул Улсын Их Хурлын 2012 оны 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралданаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Мөн байнгын хорооны хуралдаанаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон Улаан загалмайн тухай хуулийн төслийн бэлтгэл хангах, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг тус тус байгууллаа.

ШИНЭ МЭДЭЭ