Төр, ард түмэн хоорондын итгэлцэл алдагдаж байна
2015.11.06
Улстөр

Төр, ард түмэн хоорондын итгэлцэл алдагдаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол улсын Ерөнхий сайд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн юм. Үүнтэй холбогдуулан  УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Шилэн дансны хууль сайн хэрэгжиж байгаа. Гэхдээ хуулийн явцад анхаарах зүйл их байна. Нөгөө талаас УИХ, төр засаг, иргэд олон түмнийг хагалах бутаргах буруу мэдээлэл явах сэжим болчих вий дээ гэж болгоомжилж байгаа. Тиймээс УИХ төрийн ажлыг зөв мэдээлж, сурталчлах зардлыг нь зөв гаргаж өгөх хэрэгтэй”.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Төрийн өмчит компаниуд түмний хөрөнгийг хувийн юм шиг зарж байна.  Тиймээс нийт төрийн өмчийн компаниудыг шалгаж, хууль биелүүлдэггүй нөхдүүдтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Уул уурхайн сул хөрөнгө дээр ажиллаж байгаа учраас нийт олон түмэнд хамаарч буй мөнгөнд туйлын хайхрамжгүй хандаж байна” .

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Шилэн данс хөтлөх ёстой 5175 байгууллага байгаа гэлээ. Үүн дээр нэмээд 271 улсын үйлдвэрийн газар, 80 гаруй төрийн болон орон нутгийн өмчит компаниуд бий. Аудитын дүгнэлтээр эдгээр байгууллагуудын 95 хувь нь шилэн данс хөтөлж эхэлсэн гэсэн. Үүнийг би үндэслэлгүй дүгнэлт байна гэж үзэж байгаа. 10 сарын дотор Аудитын ерөнхий газар 5175 ААН-үүдийг шалгаад, дүгнэлт гаргасан гэдэгт итгэхгүй байна” гэлээ.

УИХ-ын гишүүд асуулт асуусны дараагаар өнөөдрийн чуулган өндөрлөсөн юм.  

ШИНЭ МЭДЭЭ