Бид дан ганц ХАА-гаар явхад хүнд учраас уул уурхайгаа ашиглахаас өөр аргагүй
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2015.10.29
Орон нутгийн хөгжил

Бид дан ганц ХАА-гаар явхад хүнд учраас уул уурхайгаа ашиглахаас өөр аргагүй

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат энэ сарын 19, 20, 21-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумдад ажиллаж, сонгогчидтойгоо уулзсан билээ.  Гишүүнийг Түнхэл тосгоны иргэдтэй уулзаад буцах үед нь дараахь ярилцлагыг авснаа уншигчиддаа хүргэж байна.

-Таны хувьд энэ удаа сонгогч олонтойгоо уулзахдаа ажлын томилолтоор явж байна уу, аль эсвэл...?

-Би 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр “Та хэдийнхээ санаа бодлыг сонсож байна. Та нарынхаа төлөө ажиллана” хэмээн ярьж байгаад УИХ-д гишүүнээр сонгогдсон учраас “сонгогч олонтойгоо уулзах маань миний үүрэг”. Тэгээд л үүргээ биелүүлээд явж байгаа гэж бодож байгаа. Нөгөөтэйгүүр, би улс төрийн албанд олон жил ажиллаж байгаа хүн. Сумдад иргэдтэй уулзахаар очиход “УИХ-ын гишүүд ирэхгүй байна” гэсэн нэхээсэнд орон нутгийн удирдлагууд ордог зовлонг хамгийн их мэдэх хүний хувьд “Би өөрөө тэднээс нэхүүлж шаардуулахгүй байя” гэж бодож байгаа. Тэгээд л сонгогчидтойгоо уулзаад явж байна даа.

-Та УИХ-д сонгогдсоноосоо хойш хэд дэх удаагаа сонгогч олонтойгоо уулзаж байна вэ?

-Энэ бол миний сонгогдсоноос хойш сум орон нутагт ажиллаж байгаа дөрөв дэх удаагийн явалт.  Өчигдөр Баянгол сумаас эхэлсэн. Өнөөдөр Мандал суманд ажиллаж байна. Мандал сум бол миний төрсөн нутаг. Тэгээд бас том сум учраас 2-оос 3 өдөр ажиллах шаардлага гардаг. Бүх сумдад нэг удаа тойроход нийтдээ 30-35 хоног шаардагддаг. 

-Энэ өдөр та Мандал сумын хэд хэдэн багийн иргэдтэй уулзлаа. Энэ уулзалтаар иргэд маань чухам юуг онцлон ярьж байна вэ?

-“Иргэдийн амьдрал ахуй хүндэрч байна, өрхийн орлого багаслаа. Бид одоо яах вэ” гэдэг зүйлийг л маш олон хүн ярьж байна. Урьд нь би төрийн албанд олон жил ажилласан. Хөдөө, сум орон нутагт нилээдгүй л явж байсан. Сэлэнгийнхэн маань “амьдрал хүндэрлээ одоо яах вэ” гэсэн байдлаар ярьж байсныг нь би бараг мэдэхгүй юм. Учир нь манайхан өөрийнхөө амьдрал ахуйг аваад явчих чадвартай ард түмэн.

Гэтэл одоо улс орны нөхцөл байдлаас шалтгаалаад тэдний маань амьдрал ахуй хүндэрч байгаа нь уулзалтаар явж байхад мэдрэгдэж байна. Тэд, иргэдийнхээ амьдралыг сайжруулах, ажлын байр бий болгох тал дээр их ярьж байна. Дээр нь банкны салбарууд хямралтай байгааг, зээлийн хүү өндөр, сүүлийн үед зээл олдохоо больж, банкны үйл ажиллагаа тогтворгүй байна гэх зэргээр ярьцгааж байна.

-Би Түнхэл тосгоны иргэдийн уулзалтанд оролцож, иргэдийн яриаг сонслоо. Энэ нутгийн иргэдийн санааг зовоож байгаа зүйл нь Ноён уулын хамгаалалт, Гацууртын ордыг тойрсон асуудал байсан. Энэ асуудлын талаар таны бодол...?

-Энэ бол ерөөсөө Гацууртын орд л доо. Энэ орд Ноён ууланд ойролцоо байдаг гэдэг утгаараа зарим  улс Ноён уултай холбоод байдаг. Гацууртын ордыг 10 гаруй жилийн өмнө “Сентерра гоулд” компаниас өөр алт олборлогч компани дээд талын шороон ордыг нь олборлосон байдаг. Харин одоо үндсэн ордын талаархи асуудал л яригдаж байгаа юм. Хүмүүс янз бүрийн л тайлбар хийж байгаа. Ер нь манай Мандал сумын Түнхэл, Хэрх тосгод, Баянгол сум гээд миний саяын явсан газруудад энэ уурхайн ордын асуудал маш их хамааралтай юм. Миний явсан бүх газруудад “ер нь энэ ордоо зүй зохистойгоор нь ашиглавал яасан юм бэ? Тэгэхгүй бол орон нутагт маань гадна, дотны янз бүрийн иргэд ирж газар нутгийг маань үнэхээр сүйрүүлж байна” гэдгийг маш олон иргэд ярьж байна. Өөрөө ч гэсэн саяын хурлаас сонссон байх аа.

Тийм учраас энэ ордыг эрх зүйн хариуцлага хүлээх чадамжтай, нийгмийн өмнө хүлээсэн үүрэгтэй компани, аж ахуйн нэгжээр ашиглалтыг нь явуулаад ажиллавал яасан юм бэ гэсэн саналыг голдуу тавьж байгааг дэмжиж байна. Иргэдийн хамгийн гол хүсэж байгаа зүйл юу вэ гэхээр “хэрвээ энэ ордод ашиглалт явуулдаг юм гэхэд энэ сум, орон нутгаас тодорхой хүмүүсийг авч ажиллуулах ажлын байрыг заавал бий болгосон байх ёстой” гэсэн шаардлагыг бүх иргэд уламжилж байгаа юм.

Миний хувьд аймгийн дарга байхдаа ч барьж байсан гол бодлого бол аймаг орон нутагт ямар нэгэн уул уурхайн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулах компани нь үндсэн ажилчдынхаа дийлэнхи хувийг тухайн орон нутгаас нь авч ажиллуулах ёстой гэдгийг л барьж ажиллаж байсан. Хэрвээ ард иргэд “энэ ордыг аль нэг уул уурхайн компанид ашиглуулъя” гэж байгаа бол би ч гэсэн энэ шаардлагыг тухайн компанид тавина. Өөрөөр хэлбэл, орон нутгаас ажиллах хүч авахгүйгээр энэ орон нутагт үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн бодолтой байгаа. Тухайн компани ч үүнийг ойлгох байх гэж бодож байгаа. Энэ бол миний хүсэлт, дээр нь ард иргэдийн хүсэлт байгаа юм аа. Үүний үр дүн нь иргэд баталгаатай ажлын байртай болно гэсэн үг.

Ямар ч баталгаагүй ажлын байр орон нутагт байна. Энэ нь гар аргаар алт олборлох, мод чулуу хийх гэх мэтчилэн янз бүрийн ажлууд юм.  Гэхдээ байгалийн баялаг гэдэг хязгаартай байдаг болохоор хэзээ нэгэн цагт нөөц, хэмжээ нь дуусна шүү дээ. Тэгэхээр энэ улсууд маань цаашид яаж амьдрах вэ гэдэг асуудал гарч ирнэ. 10 жил баталгаатай ажлын байртай болсон тохиолдолд тухайн хүн ар гэр, өрхийн орлогодоо ямар нэг байдлаар санаа зовохгүйгээр ажиллаж амьдрах нь чухал шүү дээ. 

 -Нэгэнт уул уурхайн талаархи сэдэв хөндсөн энэ тохиолдолд, нөгөөтэйгүүр аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүний хувьд танаас нэг зүйлийг асууя гэж бодлоо л доо. Бороо гоулд ХХК одоо хаалтын ажиллагаагаа явуулж байгаа. Энэ компани олборлолтын үйл ажиллагаа эрхэлж байх хугацаандаа орон нутагт хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийж байсан бол... Таныг Засаг даргаар ажиллаж байх хугацаанд энэ компани хэрхэн хамтарч ажиллаж байв. Энэ компанийн үр өгөөж байсан уу?

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат

-Мэдээж тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд манай аймагт тогтсон жишиг байгаа.  Ямар ч тохиолдолд ард иргэдийн нийгмийн асуудал, төр төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад зориулж тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэж байгаа. Миний хувьд ч засаг даргаар ажиллаж байх хугацаандаа “Бороо гоулд” компанийн дэмжлэг туслалцаагаар хийж гүйцэтгэсэн ажлууд нилээдгүй бий. Түүний дагуу хийсэн ажлаа ард иргэддээ тайлагнаж явсан. Бороо гоулд компанийн хувьд нилээн хариуцлагатай.

Ямар ажлыг аль компаниар хийлгэх гэж байгаа талаар хянаж үзэж байж дэмжлэг, туслалцаагаа үзүүлдэг байгууллага шүү дээ. Энэ шаардлагыг биелүүлсний дүнд сумдад хогны машин авч өгч байсан. Мөн Сэлэнгийн маань түүхэн хүн болох Чингисийн бага хатан Хулан хатны шинэ цогцолборыг Бороо гоулд, Болд төмөр Ерөө гол компаниудын тус дэмээр бий болгосон. Энэ мэтчилэн захаас нь дурьдвал нилээдгүй бий. Цаашдаа ч гэсэн аймаг орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа компаниуд тухайн орон нутгийн иргэдийн нийгмийн асуудал бусад үйл ажиллагааг шийдвэрлэхэд тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлэх уламжлалаа дагаж байх ёстой гэж бодож байна.

-Би нэг зүйлийг тодруулах гэсэн юм. Төсвийн тухай хуулинд болон  ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт орсон. Энэ хуулиар сум орон нутагт тэрбумаар яригдах орлого орно гэж яриад байгаа. Энэ талаар тодорхой тайлбар өгөөч...?

-Би аймгийн дарга байхдаа нэг л сайн мэдэрдэг байсан. Энэ нь тухайн сум орон нутагт олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа  компаниудаас олсон нөөцийн төлбөрийн орлогын 10 хувийг суманд, 20 хувийг аймагт нь буюу нийт 30 хувийг нь орон нутагт үлдээнэ гэсэн заалт ашигт малтмалын тухай хуулинд байдаг. Гэвч Төсвийн тухай хуулинд төсвийн орлого зарлагын зөрүүгээр тэнцэлтэй холбогдуулж нэг бол сум орон нутагт татаас өгнө, эсвэл тэгшитгэнэ гэж заасан байдаг.

Энэ заалт нь “хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулинд нөөцийн төлбөрийн орлогыг ашиглах заалт байсан хэдий ч” орон нутагт орж байгаа мөнгийг эргээд ашиглах ямар ч бололцоогүйгээр заагдсан төсвийн тухай хуультай байсан, монгол улс.  Иймд би Сангийн сайдаар ажиллаж байх хугацаандаа энэ хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж шийдүүлсэн.

Энд юу гэж оруулсан гэхээр, “сум орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаас орж байгаа орлогоор тухайн сум, орон нутагт нь тодорхой хэмжээгээр иргэдийн нийгмийн асуудлыг шийдсэн, ажлын байр бий болгосон байх жишээний хөрөнгө оруулалтанд энэ 30 хувийг зарцуулах ёстой” гэсэн хуулийн төслийг санаачлан өргөн барьж, Ашигт малтмалын болоод, Төсвийн тухай хуулинд өөрчлөлт оруулж шийдүүлсэн байгаа. Үүнтэй холбогдуулаад өмнө нь гарсан байсан орон нутагт ямар ч ашиггүй, тэнцэлтэй нь холбогдуулаад орлогыг татдаг байсан төсвийн тухай хуулийн заалтыг хүчингүй болгуулсан. Ингэснээр төсөвт ямар ч хамаарал байхгүйгээр зохицож байгаа. Энэ нь хэдийгээр төсвийн орлого ч гэсэн зардал талдаа тэнцэлд хамааралгүйгээр сум орон нутагтаа зарцуулагдана  гэсэн байдлаар төсвийн хуулинд өөрчлөлт оруулаад Их хурлаар батлуулсан байгаа. Энэ хууль ирэх оноос хэрэгжиж эхэлнэ.

Тэгэхээр сум орон нутагт тодорхой хэмжээнд сумын хувьд орон нутгийн төсөв, тусгай шилжүүлэг гээд төрийн үйлчилгээний бусад байгууллагуудын төсөв, дээр нь саяын миний ярьдаг хуулийн өөрчлөлттэй холбогдуулаад гарч байгаа төсөл гээд үндсэндээ гурван төсөв, гурван зардал байна. Ингэхээр энэ хуулийн хүрээнд орон нутагт уул уурхайн компани үйл ажиллагаа явууллаа гэхэд тэр компаниас орох нөөцийн төлбөрийн орлогын 30 хувь нь тухайн сум орон нутагтаа үлдэх юм. Эндээс урьдчилсан байдлаар бодоод үзэхэд Гацуурт төслийн зөвхөн нөөцийн төлбөрөөс Сэлэнгэ аймагт гэхэд 30 тэрбум төгрөг үлдэнэ. Нэг суманд нэг тэрбум төгрөг гэдэг их мөнгө шүү дээ. Энэ нь орон нутагт нэмэлтээр орж ирж байгаа хөрөнгө юм.

-Эдгээр орлогын зэрэгцээ бас сум орон нутагт бүтээн байгуулалтууд явагдаж таарах байх, тийм үү...?

-Ер нь ямар ч үйл ажиллагаа эхэлсэн тодорхой бүтээн байгуулалт, үйлчилгээнүүд дагалддаг шүү дээ. Жишээ нь нэг компани үйл ажиллагаагаа эхлэхэд манай тариаланчдаас тариа будаа, ногоо, хүнс, малчдаас мах гээд  авна. Ингэснээр хүнсний чиглэлийн борлуулалтууд нэмэгдэнэ. Дээр нь зам арчилгаанаасаа эхлээд ажлын байр нэмэгдэх зэргээр ажлууд гарч ирнэ гэж би бодож байна. 

-Та Сангийн сайдаар ажиллаж байхдаа Сэлэнгэ аймагт царцаагдсан гэх барилгын хөрөнгө оруулалтуудын төсөв хөрөнгүүдийг шийдсэн гэсэн. Энэ нь 2016 онд хэрхэх бол...?

-Миний гол анхаарах аймаг бол Сэлэнгэ. Тийм учраас Сэлэнгэ рүүгээ анхааралгүй яах вэ. Гэхдээ Сангийн сайд байхдаа ерөнхийдөө улсын хэмжээнд царцаагдсан гэгдсэн бүх объёктийг хөдөлгөж эхлүүлэх суурийг нь Сангийн сайд байхдаа хийсэн. Заримыг нь төсөвт тусгуулсан.

Мөн төрийн өмнөөс ажил үйлчилгээ гүйцэтгэчихээд мөнгөө авч чадахгүй байсан компаниудын мөнгийг нь олгуулах бололцоог нь нээж өгсөн байгаа. Намайг Сэлэнгэ аймгийн дарга байхад эхлүүлсэн ажил өнөөдөр дуусаагүй байсан. Үүнийг дуусгах чиглэл дээр төсвийг нь нийлүүлсэн. Ер нь дан ганц Сэлэнгэ аймаг гэхгүйгээр улсын хэмжээнд байгаа төрийн өмнөөс ажил үйлчилгээ хийгээд мөнгөө авч чадахгүй байсан бүх газруудын мөнгийг авч өгсөн.

-Ний нуугүй хэлэхэд ирэх онд улсын төсөв маань их хүндрэх шинжтэй яриад байгаа. Төсвийн хямралаас гарах ямар боломж байна вэ?

-За, улсын төсөв маань  ер нь маш бүрхэг байгаа, цаашдаа нэлээн хүнд нөхцөлд төр засаг ажиллах байх. Өнгөрсөн сард цалингийн санхүүжилт 50 хувьтай л ирсэн сурагтай байсан. Орлого орохгүй байгаа учраас цалин мөнгө хүндрэх тал руугаа орж байна. Эндээс маш оновчтой бодлого боловсруулж байж гарах байх. Гэхдээ, манай улсын хувьд маш их өр, зээлийг гадаад, дотооддоо тавьсан.

Зээлээс хамааралтайгаар их хэмжээний хүүгийн зардал мөнгө гарч байна. Жишээ нь улсын жилийн төсөв гэхэд бараг их наяд орчим төгрөгийн зээлийн үйлчилгээний зардал гаргана гэсэн тооцоолол оруулж ирж байсан. Нэг их наяд гэдэг бол улсын хөрөнгө оруулалтаас бараг хоёр дахин их хэмжээний өртөг. Энэ маань өөрөө манай улсыг хямралт нөхцөл байдал руу нь оруулчихжээ. Зөвхөн хүүг нь төлөхөд ийм байна. Тэгэхэд 2017 оноос эхлээд үндсэн зээлээ төлж эхлэх болоод байна. 

-Манай улс хүн амаасаа хэдэн хувиар илүү сая саяар тоолох малтай. Гэсэн хэрнээ уул уурхайн хараат улс болох гээд байна гэдэг яриа бий.  Тэгэхээр энэ хямралаас ямар аргаар гарах боломж байгаа бол...?

-Манай орны хувьд өртөг зардал өндөртэй өнөөдрийн ийм технологиор газар тариалан, хөгжүүлээд энэ хүндрэлээс гарна гэдэг хэцүү. Хоёрдугаарт манай уламжлал болсон мал аж ахуй стандарт бус болчихоод байгаа юм. Иймд манай улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нийлүүлэх хэмжээний стандартад нийцсэн түвшинд үйлдвэрлэж чадахгүй.

Стандартын бус бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд борлогдоно гэж байдаггүй юм. Тэгэхээр дан ганц хөдөө аж ахуйгаар явна гэдэг маш хүнд. Иймд хүссэн ч, хүсээгүй ч бид уул уурхайгаа тодорхой хэмжээгээр ашиглахаас өөр аргагүй нөхцөл байдал бий болоод байгаа. Гэсэн хэрнээ уул уурхайгаа ашиглаад ашиглаад хямралаас гарах боломж байна уу гэвэл бас өрөөсгөл. Яагаад гэвэл уул уурхайн бүтээгдэхүн маань дандаа түүхий эдээр экспортлогддог.

Гэтэл гарч байгаа түүхий эд нь технологи нь өөр учраас өөр улс орны эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд гарч байгаа өртөгтэй ойролцоо өртөгөөр хийгддэг. Иймд бид гадны хөрөнгө оруулагчдыг татан оруулж, тэдний хөрөнгөөр өртөг багатай технологийг нь нэвтрүүлж байж хүндрэлээс гарах боломжтой.

Манай зарим нэг улс зөвхөн мал аж ахуй, газар тариалангаа хөгжүүлээд, ноолуураа борлуулаад монгол улс орон маш өндөр хөгжилтэй болчих мэт ярьдаг. Энэ бол мөрөөдөл.

-Би нэг сэдэв рүү л эргэж ороод байна л даа. Учир нь Мандал, Баянгол сумын иргэдэд хамгийн түрүүнд хамааралтай асуудал учраас дахиад асуумаар байна. Ноён уулыг ухуулахгүй гээд саяхан л өлсгөлөн зарлаад, бослого хөдөлгөөн гаргаад байсан. Гэтэл өнөөдөр гар аргаар алт олборлогчид Ноён уулыг ухаж, сэндийчээд там болгож байна. Та энэ талаар ямар бодол тээж явна вэ?

-Би аймгийн дарга байхдаа гар аргаар алт олборлож байгаа хууль бус үйлдэл хийж буй хүмүүстэй нилээд тэмцэлдсэн. Аймгийн цагдаагийн газартайгаа хамтраад 30-40 машин хөлслөөд бүгдийг нь хөөлгөж байсан. Өөрөө ч бас санаж байгаа байх. Ер нь хууль бус алт орборлолт маш их эрсдэлтэй, хүний амь насанд  ч аюул учрах болзошгүй юм. Одоо гэхэд Гацууртын ордыг тойрсон маш олон гэмт хэргүүд гарч байна.

Сумын даргын хэлснээр бие биенээ хутгалсан хэрэг хоёр гурав гарсан гэсэн. Тэгэхээр гар аргаар алт олборлож байгаа улсуудад ямар нэгэн хариуцлага гэж байдаггүй. Ухчихаад хаяад явчихдаг. Хэрвээ тодорхой эрх зүйн чадамжтай байгууллага, аж ахуйн нэгж байгаад ухаад хаяад явах юм бол тодорхой хэмжээнд хөрөнгөөрөө хариуцлага хүлээдэг. Тийм учраас байгалийн нөхөн сэргээлт гэх мэт бусад зүйлүүдийг хийлгэх боломжтой байдаг.

Нөгөөтэйгүүр гар аргаар алт олборлогчдын дунд хөдөлмөр аюулгүй байдлын тал дээр ямар ч баталгаа байхгүй учраас хүний амь эрсдэх байдал бий болдог. Ийм аюултай байдал өнөөдөр Ноён уулыг тойроод бий болоод байна. Гэтэл жинхэнэ хамгаалах ёстой, ярьж хэлж байх нөгөө эх орончид яагаад чимээгүй болчихоо вэ? Яагаад алга болчихов. Компани, аж ахуйн нэгж ажиллах болохоор жагсаж, цуглаад ямар нэгэн байдлаар дарамтлаад үйл ажиллагааг нь зогсоолгоод, дээр нь “Бид Ноён уулаа хайрлаж байна” гээд ярьдаг хэрнээ  яг одоо Ноён уулыг хорхой шавьж шиг хэдэн талаас нь ухаад төнхөөд байхад яагаад дугарахгүй байгаа юм. Энэ бол их эргэлзээтэй зүйл л дээ. Дараа нь энэ хүмүүсийн ухсан гүнзгий нүхийг хэн булах вэ, төр засаг өөрөөсөө мөнгө гаргаж булах хэрэгтэй л болох байх даа.

Өнөөдөр гэхэд л хууль бусаар алт олборлогчдыг Мандал сумын засаг захиргаа буюу ганцхан сум гэхэд л 28 удаа тараах үйл ажиллагаа явуулсан байгаа юм. Энд бас л өртөг зардал гарч байгаа. Энэ алт олборлож байгаа хүмүүсийг аймаг сумын удирдлагууд дийлэхээ байсан. Гэтэл тэр үед өлсөж цангаад явж байсан хүмүүс хаана байна. Одоо л дуугарч төр засагт энэхүү байдлыг танилцуулах хэрэгтэй байна. Миний хувьд энэ ажлаа очоод танилцуулна.

-Та УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш өнөөдрийг хүртэлх гурван жилийн хугацаанд голлох ямар ямар бодлого боловсруулахад оролцож, ямар хуулийн төсөл дээр ажиллав...?

-Би өөрөө эдийн засгийн чиглэлийн хүн, мөнгөний бодлого, төсвийн хуулиудын төсөл дээр ажиллалаа. Сая Сангийн сайд болсноосоо хойш нилээдгүй олон хуулийн төслийг боловсруулж оруулсан.  Жишээ нь энэ хаврын чуулганаар хэлэлцэгдсэн 20 гол хуулийн 10-ыг нь боловсруулсан байна. 64 хуульд өөрчлөлт орсны 26-г нь санхүү эдийн засгийн чиглэлээр өөрчлөлт оруулсан байна. Энэ нь миний мэргэжилтэй холбоотой учраас оролцож байлаа.

Түүнээс биш мэдэхгүй зүйлээ яриад байх нь дэмий гэж боддог. Малчны тэтгэврийн насыг наашлуулах тал дээр хуулийн төсөл барьсан боловч Их хурлаар хэлэлцэгдээгүй. Саяхан бие даагч гишүүд маань нийлж “Малчдын хөдөлмөр их хүнд. Тийм учраас малчид эрт тэтгэвэртээ гарах ёстой” гэж үзээд насыг нь наашлуулах хуулийн төсөл батлагдахгүй байгаа учраас тойргоос сонгогдсон бүх гишүүд нийлж байгаад ажилласан жилийг нь нэг аравны хоёроор тооцдог байхаар хуулийн төсөл гаргаад УИХ-ын даргад өргөн барихад бэлэн болоод байна.

-Танд Сэлэнгийн сонгогч олондоо хандаж хэлэх сэтгэлийн илгээмж юу байна?

-Би өөрөө Сэлэнгийн унаган хүүхэд. Миний өвөө, эмээ, аав ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхөд  бүгд энэ нутгийнх, бас энэ нутагт ажиллаж амьдарч байна. Би ч гэсэн энэ нутагт төрж өссөн. Тийм учраас энэ нутгийн төлөө ажиллах нь миний үүрэг. Түүнээс биш улс төрд байгаад байвал ажиллана, байхгүй бол ажиллахгүй гэх зэргийн “барьцаа” бол огт биш юм.

ШИНЭ МЭДЭЭ