Эдийн засгийн хямралын үед хамгийн их сөхөрч байгаа нь малчид
УИХ-ын чуулган
2015.10.22
Улстөр

Эдийн засгийн хямралын үед хамгийн их сөхөрч байгаа нь малчид

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулав.

УИХ-ын гишүүн А.Бакей:  Өнөөдөр монгол мал давжаарч байгаа. Энэ нь  генетик нь алдагдаж, муудаж байгаагийн шинж л дээ. Энэ хуулийн гол хэрэглэгч нь малчид. Хуулийн нэр тохирч байна үгүй бас бодмоор байна. Хуулийн нэрийн хувьд оновчтой болгож сайжруулмаар байна.  Хувийн өмч эрхэлж байгаа малчин хуулиар сүргийн бүтцийг нь заагаад өгчихөөр мөрдөх юм уу, үгүй юу. Хэрэв зөрчвөл хууль зөрчсөн гээд малчин хүнтэй хариуцлага тооцох асуудал хөндөгдөж магадгүй шүү дээ.  Ямар ч байсан хэлэлцэхийг дэмжлээ.

УИХ-ын гишүүн О.Содбилэг “ Малын генетик нөөц гэхээр хадгалах зоорь агуулах санагдаж байна. Байгаль орчны өөрчлөлт, ган зуд зэрэг нөхцөл байдлаас болоод мал сүрэгт томоохон хоригдол бий болоход эргэн нөхөн сэргээгдэх нөөцийг бий болгох асуудлыг тооцож орсон болов уу гэж асуумаар байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Малын генетик нөөц, удам угсааг сайжруулах асуудалд онцгой анхаарах ёстой. Малын тоо, толгой өсч байгаа ч гэсэн генетик нь муудаж, давжаарч байна. Малын тоо өсөхөөр бэлчээрийн бэрхшээл гарч ирдэг. Үүнээс болоод мал давжаарч байгааг хэлэх ёстой.  Эдийн засгийн энэ хямралын үед малчид чинь сөхөрч унаж байна. Би сая Завхан аймагт ажиллаад ирлээ. Төлөг 50 мянган төгрөг гээд зарагдахгүй байна. Малын түүхий эд, бүтээгдэхүүний үнэ 50-60 хувиар унаж байна. Эдийн засгийн хямралын үед хамгийн их сөхөрч байгаа нь малчид байна. Тэгээд тэнд, энд боом гарлаа гэх юм. Түүнийг нь шуурхай ч зарлах юм. Гэтэл нөгөөх нь экспортод сөргөөр нөлөөлж байна. Мах экспортлох асуудал дээрээ анхаармаар байна. Хөдөө аж ахуйн яамандаа энэ чиглэлийн санхүүжилтээ яаралтай суулгаж өгөөсэй гэж хүсч байна. Энэ хууль бол малчдын хүсэн хүлээсэн хууль. Энэ хуулийг гаргаад орхих биш хэрэгжүүлэх санхүүжилт, орчинг бүрдүүлмээр байна.

Ингээд санал хураалтаар уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж олонх дэмжсэн тул холбогдох байнгын хороонд шилжүүлж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов.

Үүний дараагаар Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж гишүүд асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “ Уур амьсгалын өөрчлөлт Монголд улсад хүчтэй нөлөөлж байна. Нийт газар нутгийн 70 орчим хувьд нь цөлжилт мэдрэгдэж буй энэ цаг үед тариалангийн тухай хууль орж ирсэн нь тариалан эрхэлж буй хүмүүсийн эрх ашгийг хамгаалахад маш чухал юм. Хөрсний элэгдэл, үржил шимийн доройтлын үйл явцыг сааруулахад энэ хууль их чухал нөлөөтэй.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “ Хөдөө аж ахуйн салбарын тооцож оруулж ирсэн хуулийн төсөл нь их явцгүй байна. Монголд энэ хуулийг хэрэгжүүлж чадахгүй. Бүс нутаг хэлбэрээр нь л авах хэрэгтэй. Тухайлбал тариалангийн бүс нутгийг Засаг захиргааны нэгжээр тогтооно гэж байна. Гэтэл 17.5 дээр Тариалангийн бүс нутагт суурин болон хагас суурин эрчимжсэн мал аж ахуйг хашсан бэлчээрт эрхэлнэ гэж заасан байна. Энэ бол боломжгүй”

Ингээд УИХ-ын нэгдсэн чуулганы Пүрэв гаригийн хуралдаан өндөрлөсөн юм. 

ШИНЭ МЭДЭЭ