“Бид хамтдаа” аян Дундговь аймагт давалгаалав
2015.09.21
Улстөр

“Бид хамтдаа” аян Дундговь аймагт давалгаалав

МАН-аас санаачлан орон даяар өрнүүлж буй “Бид хамтдаа” аяны нээлт энэ сарын 11-нд Дундговь аймагт боллоо.

Аймгийн төв Мандалговь хотоос холгүй, Сайнцагаан сумын нутагт орших “Аргамаг" жуулчны баазад аймгийн 15 сумын намын үүрийн дарга нар, гишүүн дэмжигч нийлсэн 1000 гаруй хүн хуран цугларчээ. Сумын намын үүрийн удирдлага, идэвхтэн гишүүдийг ойртуулан танилцуулах, цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийг бүрдүүлэхээр ийнхүү нэгэн дор цугларсан юм. Нийслэлээс МАН-ын Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нар хүрэлцэн ирсэн байв.

Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогнол" шүлэг, төрийн дуулал эгшиглэсний дараа аймгийн намын хорооны дарга Б.Амарсанаа уг үйл ажиллагааг нээсэн юм. Үүний дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдпын талаар иргэдэд дэлгэрэнгүй танилцуулав. Аяны хүрээнд аймгийн айл өрх бүр саналаа илэрхийлэх боломжтой болж байгааг онцлоод МАН- ын хувьд “Албан тасалгааны цонхоор харах биш, амьдрал дотор нь оролцож, айл бүрийн үүдийг тогшиж, хамтдаа санаа оноогоо уралдуулах боломжтой болж байна хэмээн тодотгов. Ийнхүү  намын удирдлагууд үг хэлж, танилцуулга хийсний дараа 15 сум, багийн намын үүрт МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарын ард түмэндээ хандсан захидлыг гардуулсан. Захидал гардаж авсан сумын намын хорооны дарга, гишүүн дэмжигчид захидлыг айл өрх бүрт хүргэж өгөхөө амласнаар “Бид хамтдаа” аяны нээлтийн ёслол өндөрлөсөн юм.

Зуншлага сайн байсан ч малчдын амьжиргаа муудсаар байна

Аяны нээлтэд оролцохоор ирсэн иргэдтэй уулзаж, нутаг орны байдал, цаг үеийн сэдвээр ярилцлаа. Дундговь аймагт энэ жил бусад аймгуудыг бодвол зуншлага сайхан болжээ. Гэсэн ч мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнийн уналт амьжиргаанд нь муугаар нөлөөлж байгааг уулзсан хүн болгон хэлж байв. Иргэд аймгийнхаа талаар муу үг унагахгүй байгаа ч хөгжил дэвшилд нь сэтгэл дундуур байдаг нь анзаарагдана. Хоттой хатуу хучилттай замаар холбогдсон гэхэд сүүлийн гурван жилд томоохон бүтээн байгуулалт бараг хийгээгүй гэж ярьж байв. Гэхдээ иргэдийн санааг хамгийн их зовоож байгаа асуудал нь ядуурал, амьжиргааны төвшний доройтол болоод байгаа аж. Эдийн засгийн нөхцөл байдлаас болоод аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, иргэд ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна.

Сайнцагаан сумын Засаг дарга, сумын намын хорооны дарга Н.Баянсэлэнгэ энэ талаар “Амьдрал үнэхээр хүнд байна. Үнэндээ малчид өөр хоорондоо “Урьд өмнө нь ингэж ядарч үзсэнгүй” гэж ярьцгааж байна шүү дээ. Юмны үнэ маш их нэмэгдсэн. Гутлын үдээс гэхэд л 500 төгрөг байснаа 1500 төгрөг болж нэмэгдсэн. Өр зээлгүй хүн ч гэж алга боллоо” хэмээн харамсангуй ярив. Түүний тэргүүлдэг Сайнцагаан сумын намын хороо найман үүртэй, бусад сумаасаа хамгийн олон гишүүнтэй том хороонд тооцогддог юм байна. “Бид хамтдаа” аяны нээлтэд тэдний намын хорооноос 300 гаруй гишүүн оролцов. “Намын удирдлагуудаас ард түмнээ сонсох аяныг санаачлан хэрэгжүүлж байгаад баяртай байна. Бид намынхаа даргын захидлыг үүрүүдээрээ дамжуулан сумынхаа бүх айлд хүргэж, утга учрыг нь тайлбарлаж өгөх болно” хэмээн Н.Баянсэлэнгэ гуай хуучилсан юм.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат:

Хот суурин газар мэдрэгддэг байсан эдийн засгийн хямрал малчны хотонд ирчихжээ

-“Бид хамтдаа” аян Дундговь аймагт нээлтээ хийж байна. Сэтгэгдлийг тань сонсъё?

-МАН ард түмнээ сонсъё, тэдэнтэйгээ хамт байя, “Хоолойгоо засч, хойморт суух” биш, “Ард түмнийхээ дунд нь, асуудлын гүнд нь оръё" гэсэн зорилго дэвшүүлээд ажиллаж байна. Аяны гол зорилго нь ард түмний санал бодол, хүсэл эрмэлзлийг мэдэж, түүнийгээ  мөрийн хөтөлбөр боловсруулахдаа гарын авлага болгож ашиглахад оршиж байгаа юм. Аяны хүрээнд МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын гарын үсэгтэй захидлыг Монгол орны дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа 800 мянга гаруй айл өрхөд хүргүүлж байна. Иргэд маань тулгамдсан асуудал, санаа оноогоо энэхүү захианд бичээд бидэнд итгэж, нам энэхүү саналууд дээр үндэслэн мөрийн хөтөлбөр боловсруулах зарчмаар хэрэгжих юм.

Энэ аян маань дуу хуурын өлгий Дундговь нутагт өнөөдөр албан ёсоор нээлтээ хийгээд эхэлж байна. Аяны хүрээнд аймгийн 15 суманд ард түмнээ сонсох аян өрнөнө. Сумдын намын үүр, хороо иргэд сонгогчдын төлөөлөл 1000 гаруй хүн энд хүрэлцэн ирсэн байгаа. Тэд маргааш, нөгөөдрөөс эхлээд аймгийн хэмжээнд байгаа бүх айл өрхөөр орж, санал хүсэлтийг нь аваад эхэлнэ. Энэ ажил намаржингаа үргэлжлэх юм.

-Аяны гол үр дүн юу вэ?

-Тун удахгүй, ердөө наймхан сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Улс төрийн намууд сонгуульд оролцохдоо өөр, өөрсдийн мөрийн хөтөлбөр, хөгжпийн бодлогоо боловсруулж ордог. Энэ хөтөлбөр нь амьдралтай, хэрэгжих боломжтой, ард түмний амьдралд наалдахуйц, өөрсдийнх нь санал дээр тулгуурлаж гарсан байхад манай нам онцгой анхаарч байгаа. Улс төрийн намууд өнөөдөр “хөрсөн дээрээ” буух ёстой. Аян явуулснаас хойш аймгуудаас маш олон захидал намын Удирдах зөвлөлд ирж байна. Өнөөдөр ард түмэн юу хүсч байгаа, ирээдүйгээ хэрхэн төсөөлж байгаа, төр засгаас ямар ажил хийгээсэй гэж хүсч байгаа нь энэ захидлуудаас тодорхой харагдана. Тиймээс бид энэ аяны дүнгээр томоохон хөгжлийн форум зохион байгуулж, эндээс гарсан саналууд дээр үндэслэн 2016 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулна.

-Дараа нь аль аймагт аянаа үргэлжлүүлэх вэ?

-“Бид хамтдаа” аян удахгүй Сэлэнгэ аймагт өрнөнө. Түүний дараа баруун таван аймгаар явна. Ерөнхийдөө аян эхэлснээс хойш 10-аад аймгаар явчихлаа. Үлдсэн 10 гаруй аймагт энэ сар, ирэх сарууддаа багтаж явуулаад оны заагаар дүгнэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Түрүүчийн аймгуудад хүргэсэн захидлын хариу ирж байгаа гэлээ. Тэнд юу гэж бичсэн байх юм бэ?

-Ер нь аймгуудад очоод, малчидтай уулзаж байхад хамгийн их ярьж байгаа хэд, хэдэн асуудал байгаа юм. Намар болоод ч тэр үү, оюутнуудын төлбөр, түрээсийнх нь байрны үнэ нэмэгдсэн гэх

асуудал их ярьж байна. Ард түмний дээр очиж байгаа цөөхөн хэдэн төг инфляц, үнийн өсөлтөд нэрвэгдсэн амьдрал нь асар хүнд болжээ. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гурван жилийн өмнөхтэй харьцуулахад  маш их  унасан байна. 2011 оны үед нэ ноолуурыг 91-95 мянган төгрөгөөр өгдөг, байсан бол энэ жил дөнгөж 45-51 мянган төгрөгөөр өгч байх жишээтэй. Нэг ноосоо 5000 төгрөгөөр өгдөг байсан бол өнөөдөр 500 төгрөгөөр өгч байна.

Энэ нь төв суурин газар, хотод байсан эдийн засгийн хямрал сум, багийн хэмжээ малчдын хотонд орж ирснийг харуулж байгаа юм. Хоёрдугаарт, эдийн засаг хүнд  байгааг иргэд ойлгож байгаа, гол нь төр тогтвортой байгаасай, “Төр шиг төртэй байх юм сан” гэдэг асуудлыг тэд их ярьж байна. Ялангуяа төрийн байгууллагад  хөдөлгөөн их ордог, Засгийн газар элэг бүтэн болж чаддаггүй, Өршөөлийн хуулиас авахуулаад төрийн бодлого нь ардчилсан зарчмынхаа эсрэг явж эхэлсэн байдалд иргэд бухимдаж байгаа. Мөн малчдын тэтгэвэрт гарах хугацааг таван жилээр наашлуулах, ард иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал хүсэлт их байна. Эцэст нь, сонгуулийг шударга явуулах, төрөө шударгаар эмхлэн цэгцлэх, УИХ, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцож эргүүлэн татдаг байх

зүйл заалтуудыг хуульд тусгаж өгөх  хүсэлтийг их тавилаа. УИХ-ын гишүүнийг жагсаалтаар сонгодог байдлыг улс орны хаана ч иргэд хүлээн зөвшөөрөхгүй байна. Саналын хуудсыг хар хайрцгаар тоолдгийг иргэд эрс эсэргүүцэж, шүүмжилж байна... гэх мэтээр багцлаад яривал нийгэмд бухимдал их байна. Эрх баригчид, дарга нар хэдийгээр “Амьдрал сайхан байна, болж бүтэж байна” гэж ярьж байгаа боловч яг дугаар хорооны иргэн, малчны хотонд амьдрал үнэхээр хүнд байна. Төр засгийн явуулж байгаа оновчгүй бодлого, алдаа нь иргэдийн нуруун дээр ирж, бухимдал болон гадагшилж байгаа' нь мэдрэгдэж байна даа.

Дундговь аймгийн МАН-ын хорооны дарга Б.Амарсанаа:

Дундговь аймгийн 16 000 гаруй өрх МАН-ын мөрийн хөтөлбөрт саналаа оруулах боломж бүрдлээ

МАН-аас санаачлан зохион байгуулж байгаа “Бид хамтдаа” аян Дундговь аймагт нээлтээ хийлээ. Дундговь аймгийн намын хороонд бүртгэлтэй бүх гишүүний 30 шахам хувь нь буюу нийт 1200 гаруй гишүүн цугласан том арга хэмжээ болж байна. Бид аяныхаа нээлтийг хийж, хурал зөвлөгөөн, сургалт зохион байгуулахаасаа гадна сумдын намын үүрийн хооронд тэмцээн, уралдаан зохион байгуулж, хоорондоо ойртон танилцах боломжийг бүрдүүлэх зорилго тавьсан. Энэ зорилго маань биелж байна. Дундговь аймаг 16 000 орчим өрхтэй. МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын захидал энэ бүх айлд хүрнэ. Захидалд 2012 оноос хойш төр засгаас явуулсан алдаатай бодлогууд, үүнээс болж алдагдсан боломжууд, ард иргэдийн амьжиргаа гээд маш олон асуудлыг хөндсөн байгаа. Иргэд захидалтай танилцаад өөрсдийн санал хүсэлтийг бичиж, МАН-ын мөрийн хөтөлбөрт оруулах боломжтой. Өөрөөр хэлбэл Дундговь аймгийн бүх айл өрх МАН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулахад оролцох боломжийг “Бид хамтдаа" аян олгож байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ