УИХ-ын Дэд даргын айлчлал Австрали улсад айлчлал хийж байна
УИХ-ын Дэд даргын айлчлал Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужаас эхэлж, Сиднейн Их уургууль, Австралийн Фермерүүдийн Холбоо болон уул уурхайн “Экстрата” компаний удирдлагатай уулзав. Мужийн Захирагч хатагтай Мари Башир төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, УИХ-ын Дэд дарга Н.Энхболдыг хүндэтгэн үдийн зоог барив. Уулзалтуудын үеэр хоёр талын хамтын ажиллагаа, түүний дотор уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлээр харилцаа хөгжүүлэх талаар санал солилцов. Мужийн захирагч болон Сиднейн Их сургуулийн зүгээс манай оюутнуудад олгох тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх боломжтойг мэдэгдлээ.
УИХ-ын Дэд дарга Н.Энхболд Австралийн нийслэл Канберра хотноо айлчилж Австралийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Спикер Харри Женкинстэй уулзаж ярилцлаа. Тэрээр УИХ-ын Дэд даргыг хүндэтгэн оройн зоог барьж, парламент хоорондын хамтын ажиллагаа, хууль тогтоох байгууллага хооронд харилцан мэдээлэл, туршлага солилцох талаар цаашид түлхүү хамтран ажиллахаар тохиров. Австралийн Парламентын Спикер 2011 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотноо болох Ази, Номхон далайн орнуудын Парламентын Холбооны чуулга уулзалтад оролцохоо мэдэгдэв.
УИХ-ын Дэд дарга Н.Энхболд Австралийн Парламентын Сенатын Ерөнхийлөгч Жон Хогг, Гадаад хэргийн сайд Кевин Радд, Сөрөг хүчний дэд тэргүүн бөгөөд сүүдрийн Засгийн газрын Гадаад хэргийн сайд Жүлиа Бишоп, Австралийн Парламент дахь Австрали-Монголын Парламентын бүлгийн дарга Көрстэн Ливермор нартай тус тус уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо. Уулзалт ярианы үеэр хоёр тал Монгол-Австралийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ агуулга хэлбэрээр баяжуулахад анхаарч ажиллахаа илэрхийлж, улмаар манай улсад үзүүлж буй Австралийн Хөгжлийн албан ёсны тусламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарахаа мэдэгдэв. Австралиийн Засгийн газрын тэтгэлгээр тус улсад ирж суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, ялангуяа уул уурхайн нарийн мэргэжлийн инженер, хөдөө аж ахуйн мэргэжилтэн түлхүү бэлтгэхээр тохиролцов.
Уул уурхай, хөдөө аж ахуйн салбарыг амжилттай хослуулан хөгжүүлж буй Австралийн туршлага, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт шинэ техник, технологи Монгол Улсад чухал болж байгааг манай тал тэмдэглэж, энэ чиглэлээр цаашид хамтран ажиллахаар болов.
Төлөөлөгчид Австралийн Парламентын дэгийн тухай хууль, үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог журам, зарчмуудтай танилцаж Парламентын чуулганы танхимуудад зочиллоо. Манай төлөөлөгчдийг хуралдааны танхимд орж ирэхэд Спикер болон Сенатын Ерөнхийлөгч гишүүддээ танилцуулж хүндэтгэл үзүүллээ. УИХ-ын дэд дарга Н.Энхболд Парламентын телевизийн тусгай сувагийн сурвалжлагчид хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар ярилцлага өгөв.
УИХ-ын Дэд дарга Н.Энхболдод Австралийн Эрдэс баялаг, эрчим хүч, аялал жуулчлалын яам, Олон Улсын Хөгжлийн тусламжийн агентлаги, Гадаад худалдааны агентлагийн албаны хүмүүс бараалхаж, хамтын ажиллагааны асуудлууд болон Монголд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдлын талаар мэдээллээ.
Төлөөлөгчид 19-ны өдөр Шинэ өмнөд Уэльс мужийн Хантер Вали дахь нүүрсний уурхайд зочилж, үйл ажиллагаатай нь танилцана. УИХ-ын гишүүн, Ногоон намын дарга Д.Энхбат Австралийн Парламентын Сенатч, Ногоон намын дарга Боб Браунтай мөн уулзаж, нам хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.