Ховдынхон шилдэг бүтээгдэхүүн, сод бүтээлээ дэлгэж байна
2015.09.11
Орон нутгийн хөгжил

Ховдынхон шилдэг бүтээгдэхүүн, сод бүтээлээ дэлгэж байна

“...Үхрийн бөөр шиг алаг хэрнээ

Ихрийн сэтгэлтэй ард нь сайхан... Холын цуутай Ховд нь сайхан” гэх шүлгийн мөр өчигдөр Чингисийн талбайд цуурайтаж, олон ястан үндэстэн дуу хуур бүжиг наадмаараа баярыг дэвжээв.

Энэ бол олон үндэстний өлгий нутаг, хөөмийн эгшигтэй хөх уулсын нутгийн ард түмний баярын уур амьсгал. Тодруулж хэлбэл, өөрсдийн өвөрмөц онцлог, өв соёлын нандин бүхнээ өргөө гэртээ дэлгэн харуулж, үндэсний үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээрээ олныг дайлсан “Ховдын өдрүүд” арга хэмжээний эхлэл. Чингисийн талбайд тус аймгийн 16 сумынхан өөрийн өвөрмөц онцлогийг харуулсан гэр өргөөгөө барьжээ. Бүгд л өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн ховор эд зүйлс, алдартай тарвас, цагаан идээ гээд нутгийнхаа нэрийн бүтээгдэхүүнийг авчирсан харагдана. Гэхдээ холын Ховдоос бүгдийг нь авчирч чадаагүй гэдгийг Дөргөн сумын Засаг дарга Х.Дэлгэрнасан хэлж байв. Дөргөн сумаас арга хэмжээнд зориулан барьсан өргөөнд орвол эртний зэс тогоо шанага, гуулин данх, хөхүүр, малын арьсаар хийсэн савнаас авахуулаад олон чамин зүйлс өрөөтэй байна. Мөн сүүлийн үеийн залуусын тэр бүр мэддэггүй нарийн бургасаар сүлжсэн түнг, түүхий сүүгээр айраг исгэж, шар тос гаргаж авдаг архад, модон хуй гээд нүүдлийн соёл иргэншлийг илтгэсэн эд хэрэглэлүүдээс харахад гэр бүрт бичил музей ажиллуулж байгаа мэт.

Нийслэл хотноо бүтэн таван өдрийн турш чуулах “Ховдын өдрүүд” арга хэмжээний нээлтэд тус аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан “Бид аймгийнхаа соёлын өв заншлыг түгээн дэлгэрүүлж, уран бүтээлчдийнхээ урын санг улс даяар сурталчлах жижиг дунд үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг нийслэлийн иргэдэд танилцуулах үүднээс энэхүү соёлын өдрүүдийг эхлүүлж байна. Ингэснээр бид аймагтаа хөрөнгө оруулагчдыг татах зорилготой юм. Манай аймгийн хөрөнгө оруулалт, эдийн засаг жил ирэх тусам өсч байгаа учраас бид Монгол Улсын хөгжлийн баруун үүд болох зорилт тавьж ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Хуран цугласан хүмүүст олон ястны өлгий нутгийнхны дуу, хуур баярын мэндчилгээ содон байв. Тухайлбал, Ховд аймгийн хамгийн баруун урд тал буюу БНХАУ- тай хил залган оршдог торгууд ястан үндэсний өв соёлоороо бусдаас ялгарав. Хүн амынхаа тоогоор ч аймагтаа тэргүүлдэг торгуудууд баярын арга хэмжээндээ тоохуу гутал, цэгдэг, үндэсний малгайгаараа гангарчээ. Мөн тус аймгийн Чандмань, Дуут, Мөнххайрхан сумынхан дэлхийд бүртгэгдсэн соёлын өв хөөмий, уран нугаралт, Алтайн магтаал, тууль, цууртаигаа иржээ.Түүнчлэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Алтан гадас одонт Хөгжимт драмын театрын бүтээл ‘Галдан бошигт хаан” туульсын дуулалт жүжиг, “Алтайн эгшиглэн” концерт зэрэг сод бүтээлүүд тоглогдох юм. Ийнхүү үндэсний гэх бүх зүйлээрээ Улаанбаатарыг чимсэн “Ховдын өдрүүд” арга хэмжээ уран зураг, гэрэл зураг, ном музейн үзмэрийн үзэсгэлэнгээр үргэлжиллээ. Харин өнөөдөр “Ховд аймаг- хөгжлийн баруун үүд” хэлэлцүүлэг, 12-14 хүртэл Ховдод үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаа болно.

Олон ястны өлгий нутгийн өв заншилд түшиглэн соёлын эдийн засгийг хөгжүүлж болох зүг чиг нь баруун тийш гэдэг нь эндээс харагдаж буйг үзэсгэлэн сонирхогчид онцолж байв. Гагцхүү төрийн бодлого, дэмжлэг хэрэгтэй аж.

ШИНЭ МЭДЭЭ