МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2008.03.05
Гадаад харилцаа

Н.Энхболд: Манай улс атомын станцтай болж яагаад болохгүй гэж…

Франц, Япон улсад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийсэн айлчлал өндөрлөсөнтэй холбогдуулан өчигдөр Гадаад хэргийн сайд Н.Энхболд хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Айлчлалтай холбоотой мэдээлэл хийсний дараа Гадаад хэргийн сайд Н.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болох байсан нэр дэвшилтээсээ татгалзаж үүний оронд Япон улсыг уг зөвлөлийн гишүүн болохыг манай тал Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр дэмжсэн нь өөрийн байр сууриа өрөөлд тавьж өгсөн явдал боллоо гэсэн яриа гадуур тархаад байгаад хариу өгнө үү?

-Хоёр тал хоёр орны олон улсын талбарт бие биеийг дэмжин хамтарч ажиллаж ирснийг тэмдэглэж цаашид үүнийгээ бэхжүүлж ажиллахаар тохирсон. Бид айлчлалын үеэр Япон улсыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болохыг дэмжихээ илэрхийлсэн нь үнэн. Ингэтлээ гадуур яриад байгаа шиг хоёр тал хоорондоо тохиролцсон зүйл байхгүй. Айлчлал болдгоороо болж, амжилттай өндөрлөсөн. Япончууд айлчлалыг бүх хүрээнд сайн хүлээж авсан. Үүнийг хэвлэл, мэдээллүүд өргөн мэдээлж байснаас Япондоо нэр хүндтэй, олон сая уншигчидтай “Никкей” сонин “Монголын халуун сэтгэлд хариу барьцгаая” гэсэн тэргүүн өгүүлэл нийтэлсэн байсан.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүний тухайд манай улс гишүүн болох баталгаа, сонгогдох байдал тийм ч амар биш байгаа. Байнгын гишүүн орнуудын дөрөвний нэгийн саналыг авна гэдэг хэцүү. НҮБ дахь аппаратаа өргөтгөх хэрэгтэй болно. Үүнд санхүүгийн хүчин чадал хэрэгтэй. Байнгын гишүүн орон боллоо гэхэд мөн гишүүн болох БНХАУ, ОХУ гэсэн манай хоёр хөрш гүрнийхээ эрх ашиг, сонирхолд тэр бүр нийцүүлэх бодлого барина гэдэг хэцүү гэх мэт зүйлүүд олон байна.

-Ерөнхийлөгч Францад айлчлах үеэрээ Атомын цахилгаан станцуудаар ямар зорилгоор орсон бэ. Японы зүгээс манайд барих гэж байгаа олон улсын нисэх онгоцны буудал хэзээ баригдах вэ. Хэдий хэмжээний хөрөнгөөр босох вэ. Хөрөнгө нь хаанаас гарах вэ?

-Франц, Монголын тал цөмийн эрчим хүч, ураны салбарт хамтын ажиллагааг эхлүүлэхээр ярилцсан талаар би түрүүн хэлсэн. Энэ үүднээс Ерөнхийлөгч Атомын цахилгаан станцуудаар орсон. Франц бага нутаг дэвсгэртэй орон мөртлөө атомын цахилгаан станц олонтой, аюулгүйн ажиллагааны талаар олон улсад нэр хүндтэй юм билээ. Монгол Улс яагаад атомын станцтай болж болохгүй гэж. Энэ үүднээс сонирхсон юм. Олон улсын нисэх онгоцны буудлын тухайд манай улс олон улсын коридор болох газар зүйн байршил сайтай, энэ үүднээс өмнөх айлчлалуудын үеэр хоёр талаасаа тавьж байсан санал. Судалгааны ажил ирэх сарын эхнээс эхэлж техник, эдийн засгийн үндэслэлийг хийнэ. Тэгж байж хаана барихаа шийднэ. Хөнгөлөлттэй зээлээр хоёр орны Засгийн газрын хооронд хэрэгжих юм.

Харин үүнтэй улбаатайгаар олон улсын нисэх онгоцны дагуул хотыг Япон, Монголын хувийн компаниуд барихаар болж байгаа. Энэ талын саналууд бий. Ер нь япончуудын зүгээс “Мицүй”, “Мицүбиши”, “Сумитомо”, “Иточү”, “Комацу” зэрэг томоохон компаниуд Оюу толгой, Таван толгойн ордод хөрөнгө оруулах, “Тоёо инженеринг” компани манайд нефть боловсруулах үйлдвэр барих, “Соожицү” компани нүүрснээс шингэн түлш, хий, утаагүй хатуу түлш гаргах талаар санал тавьсан. Ингэхдээ тэдний тал ганц нэг газарт биш, цогц байдлаар дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд түлхүү хандахаа илэрхийлсэн. Манай Ерөнхийлөгч ч гэсэн нэгэнт өрсөлдөөн, зах зээл олон байгаа учир Монгол Улс өөрт аль ашигтай хөтөлбөр, төсөл хөрөнгө оруулалтыг хүлээн авахаа мэдэгдсэн гэв.

ШИНЭ МЭДЭЭ