“Нэгдсэн Орос” намын хуралд Н.Энхболд оролцож байна
ОХУ-ын “Нэгдсэн Орос” намын XII Их хурал өнөөдөр Москва хотноо болж байна. Тус хуралд УИХ-ын дэд дарга, Монгол-Оросын парламентын бүлгийн дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Н.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид урилгаар оролцож байна.
Төлөөлөгчид Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдын илгээлтийг гардуулж, ОХУ-ын Ерөнхий сайд, “Нэгдсэн Орос” намын дарга В.В.Путин, Төрийн думын дарга, “Нэгдсэн Орос” намын дээд зөвлөлийн дарга Б.В.Грызлов, гадаад бодлогын байнгын хорооны дарга, “Нэгдсэн Орос” намын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн орлогч нарийн бичгийн дарга, К.И.Косачев нартай уулзах юм байна.
“Нэгдсэн Орос” намын энэхүү хурал нь ирэх арванхоёрдугаар сард болох Төрийн думын сонгуулийг угтаж болж байгаагаараа онцлог аж. Ирэх сонгуульд тус нам сонгогчдын итгэлийг хэрхэн дахин хүлээж ялалт байгуулах талаар нухацтай ярьж шийдвэр гаргах юм байна. Намын мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийн жагсаалт гээд олон чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Монгол Улс, Оросын холбооны улсын хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн түвшинд хүрч эрчимтэй хөгжиж байгаа билээ. Үүний нэгэн илрэл нь саяхан Эрхүү хотноо зохион байгуулагдсан Байгалийн эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд оролцсон явдал юм. Энэ нь Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх явцад чухал үйл явдал боллоо.
Монголын ууган улс төрийн хүчин МАН-ын хувьд ОХУ-ын эрх баригч “Нэгдсэн Орос” намтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Энэхүү харилцаагаа улам эрчимжүүлж, шинэ түвшинд хөгжүүлэхээр өнгөрсөн жил хоёр намын Хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан юм байна. Эрх баригч хоёр нам олон ажлыг хамтран хэрэгжүүлж байна. Тухайлбал, парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан айлчлал, намын дэргэдэх залуучууд, эмэгтэйчүүд, оюутны байгууллага хоорондын харилцааг идэвхтэй өрнүүлж байгаа юм байна. Иймээс Эрхүү мужид болсон Байгалийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хоёр намын дэргэдэх залуучууд, оюутны байгууллага хамтарсан сургалт-лагерийг зохион байгуулжээ.