МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ази,Номхон далайн бүс нутагт дэлхийн хөгжлийн төв болно
УИХ-ын гишүүн Н.Энхболд
2012.01.11
Гадаад харилцаа

Ази,Номхон далайн бүс нутагт дэлхийн хөгжлийн төв болно

Ази-Номхон далайн парламентын /АНДПЧ/ ээлжит 20 дугаар чуулган Японы нийслэл Токио хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж, бүсийн нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудал хэлэлцэж байна. Уг чуулганд манай улсаас УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн,Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр тэргүүтэй гишүүд оролцож байгаа билээ.

 Чуулганы өнөөдрийн бүгд хуралдаанаар бүс нутгийн цөмийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа, цаг уурын өөрчлөлтийн асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж Чили, Япон, БНСУ, Мексик, Австрали, Шинэ Зеланд, Тайландын төлөөлөгчид үг хэлэв. Мөн парламентчид Мянганы хөгжлийн зорилтуудыг хангах, бүс нутгийн соёл, боловсролын салбарыг дэмжих сэдвээр санал солилцов. Харин үдээс хойшхи хуралдаанаараа Ази-Номхон далайн болон олон улсын асуудлын хүрээнд бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, терроризм, мансууруулах бодисын наймаа болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, түүнчлэн Солонгосын хойгийн энх тайван байдал, хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярилцав.

АНДП-ын энэ удаагийн чуулганд оролцогсод тус байгууллагын үйл ажиллагааны цаашдын чиглэлийн талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлж, байгууллагынхаа үйл ажиллагааны журмыг шинэчлэхээр ярилцаж байна. Чуулганы үйл ажиллагааны журмыг 1994 онд Филиппинд болсон ээлжит чуулганаараа шинэчлэн боловсруулснаас хойш зохих өөрчлөлтүүд оруулж иржээ. АНДПЧ нь парламентын гишүүд өөрсдийн парламентын төлөөлөгчийн, эсвэл бие даасан гишүүний хувиар оролцож болох Ази-Номхон далайн бүсийн парламентуудын чөлөөт бүтэцтэй, нээлттэй форум /чуулган/ байхаар журмын төсөлд тусгажээ. Мөн тус байгууллага нь бүс нутгийн байгууллагууд хоорондын мэдээллийн чөлөөт солилцоог хангах үүднээс тэдгээр байгууллагуудтай, ялангуяа Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (APEC), Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо (ASEAN), Номхон далайн арлуудын форум (PIF), Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөл (PECC) болон Номхон далайн эдийн засгийн зөвлөл (PBEC)-тэй хамтын ажиллагаагаа уялдуулж улам өргөжүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн АНДПЧ-ныг удирдлагын залгамж холбоогоор хангах үүднээс АНДПЧ-ныг үүсгэн байгуулагч ерөнхийлөгчийг бүрэн эрхийн хугацааны хязгаарлалтгүйгээр хүндэт ерөнхийлөгчөөр томилох, хүндэт ерөнхийлөгч шаардлагатай үед Гүйцэтгэх хороо болон ээлжит чуулганд зөвлөмж өгч байх зохицуулалт хийхээр оруулжээ. Мөн ээлжит чуулганыг зохион байгуулахаа илэрхийлсэн улсуудын дунд хэлэлцүүлэг явуулсны үндсэн дээр зохион байгуулагч орныг сонгох, чуулганаар хэлэлцүүлэхээр санал болгож буй тогтоолын төсөл нь хэлэлцэх асуудлуудтай заавал хамааралтай байх, бүх шийдвэрийг ээлжит чуулганы зөвшилцөөнөөр гаргаж байхаар тусгажээ. Харин зарим нэг онцгой асуудлаар шийдвэр гаргах шаардлагатай үед санал нэгтэй байх зарчмыг баримтлах бөгөөд ийм шийдвэр гаргах тохиолдолд төлөөлөгч бүр зөвхөн нэг санал өгөх, энэ эрх нь зөвхөн парламентын жинхэнэ гишүүнд хамаарахаар оруулсан байна.

Мөн Гүйцэтгэх хорооны гишүүнчлэл нь АНДПЧ-ны гишүүн бүх оронд нээлттэй байх бөгөөд түүнийг одоогийн ээлжит чуулганыг зохион байгуулж байгаа болон дараагийн ээлжит чуулганыг зохион байгуулах орон, мөн хүндэт ерөнхийлөгчийн нэрлэсэн орон, бүс нутгийн жижиг бүсчлэлээс сонгогдсон орнуудаас бүрдүүлэх агаад зөвхөн парламентын гишүүд байхаар тусгажээ. Жижиг бүсчлэлээс төлөөлөгч орныг сонгохдоо бүс нутгийн төлөөллийн тэнцвэрийг хадгалах үүднээс Ази-Номхон далайн орнуудыг дөрвөн жижиг бүсчлэлд хувааж, бүсчлэл бүрээс хоёр орныг сонгох аж. Үүнд, Зүүн хойд Ази: БНХАУ, Япон, БНСУ, Монгол Улс, ОХУ гэсэн таван орон, Зүүн өмнөд Ази: Камбожи, Индонез, Лаос, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам (Бруней Даруссалам Улс ажиглагчийн статустай тул ороогүй) гэсэн найман орон, Далайн орнууд: Австрали, Фижи, Микронезийн Холбооны Улс, Шинэ Зеланди, Папуа-Шинэ Гвиней, Маршалын Арал Улс гэсэн зургаан орон, Америкийн орнууд: Канад, Чили, Коломби, Мексик, Перу, АНУ, Эквадор, Коста Рика гэсэн найман улс хамрагдах юм байна.


Бүс нутгийн парламентчид энэ удаагийн чуулганаараа Токиогийн шинэ тунхаглал гэсэн баримт бичиг батлахаар ярилцаж эхлээд байна. Ази-Номхон далайн парламетын чуулган нь 1993 онд буюу хүйтэн дайн төгссөний дараа анх байгуулагдсан цагаасаа гишүүн орнуудын хамтын ажиллагааны хүрээнд хойш арьс өнгө, үндэстний бүлэглэл, уламжлал, улс төрийн тогтолцоо, үнэт зүйлсийг хамарсан хүлээцтэй байдал, уян хатан байр суурийн зарчимд суурилсан харилцан итгэлцлийг хэрэгжүүлж иржээ. Тус байгууллага нь 1993 оны анхны Токиогийн тунхаглалаас эхлэн дараа дараагийн баримт бичгүүд болох 1997 оны Ванкуверийн, 2001 оны Валпарайсогийн тунхаглалдаа нийтлэг ирээдүй байгуулах зорилтод хүрэхийн тулд тулгарсан бэрхшээлтэй олон асуудлуудаархи өөрсдийн байр суурийг улам тодорхой болгож, ил тод, нээлттэй хэлэлцүүлэг хийдэг болсон. Мөн Ази-Номхон далайг нэгэн цогц болгож, нэгдсэн удирдлагыг идэвхжүүлэх үзэл санааг бүс нутгийн онцлог ашиг сонирхлоос ч өндөрт өргөж, парламент болон парламентчид хоорондын итгэлцлийг аажмаар бэхжүүлсээр ирсэн нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн үндэс суурийг тавихад үр дүнгээ өгч, бусад салбаруудад ч үр нөлөө үзүүлж байгаа аж. Гэхдээ АНДПЧ байгуулагдсанаас хойшхи 20 жилийн хугацаанд олон улсын хамтын нийгэмлэг болон Ази-Номхон далайн бүс нутаг асар их өөрчлөлтүүдтэй тулгарч ирсэн нь тус байгууллагын цаашдын үйл ажиллагааны чиглэлийг шинээр авч үзэх шаардлагатай болжээ.

Иймээс тус байгууллага нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөөх үйл ажиллагааны үндсэн зарчмуудаа хамтдаа дагаж илэн далангүй, үр бүтээлтэй харилцан яриаг үргэлжлүүлэх болно гэдгээ бүс нутгийн парламентчид дахин нотлоод 1993 оноос хойш Ази-Номхон далайн болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд дараахь томоохон өөрчлөлтүүд орсныг Токиогийн шинэ тунхаглалын төсөлд тэмдэглэсэн байна. Үүнд, нэгд, даяаршлын явц нь мэдээллийн хувьсгал болон хөгжлийн бусад хэлбэрээр улс орнуудын хоорондхи харилцан хамаарлыг улам гүнзгийрүүлж байна. Хоёрт, хөгжиж буй орнуудын хурдацтай хөгжил нь дэлхийн улс төр эдийн засгийн тогтвортой байдалд үзүүлэх тэдний нөлөөлөл болон хариуцлагыг өндөрсгөж, дэлхийн хүчний тэнцвэрийг өөрчиллөө. Ази-Номхон далайн бүс нутаг нь 1990-ээд оны эцэс болон 2000-аад оны төгсгөлд тохиолдсон санхүүгийн хямралыг гэтлэн давж, дэлхийн хөгжлийн нэгэн төв болох гол үүргийг хүлээн авлаа гэж дурджээ.

Мөн тус бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэг нь дараахь сорилтуудтай учраад байгааг парламентчид хамтдаа хүлээн зөвшөөрч байгааг тэмдэглэсэн байна. Ази-Номхон далайн бүс нутагт тогтвортой хөгжил бий болгоно гэдэг нь бүсийн улс орнуудын хооронд төсөв, санхүүгийн зохистой бодлого гаргах, бүс доторхи ялгавартай байдлыг багасгах болон худалдааны сайн тэнцэлд хүргэх бодлогын уялдаа бий болгохыг шаардаж байна. Түүнчлэн бүс нутгийн эдийн засгийн түргэн өсөлт нь хоол хүнс, эрчим хүчний эрэлтийг ихэсгэснээс улбаалж, үнийн өсөлт үүсгэж буй тул хүнсний болон эрчим хүчний тогтвортой нийлүүлэлтийг хангах талаархи хамтын ажиллагаа чухал боллоо. 2004 онд Суматрын эргээс холгүй тохиолдсон газар хөдлөлтөөс хойш 2011 оны гуравдугаар сард Японы зүүн нутагт гарсан хэдэн арван газар хөдлөлтүүд нь тус бүс нутаг томоохон хэмжээний байгалийн гамшгийн өндөр эрсдэлтэйг харуулж буй бэлэн байдлыг хангах, нөхөн сэргээх, бүтээн байгуулах зэрэг хариу арга хэмжээний чадвараа сайжруулах, хамтын ажиллагаагаа улам баяжуулах шаардлага тулгарч байна. Мөн улс орнуудын хооронд хүйтэн дайны шалтгаан болж байсан олон төрлийн зөрчилдөөний эрсдэл багассан ч шашны явцуу үзэл, эрүүл бус үндсэрхэх үзлээр тэтгэгдсэн үндэстний зөрчилдөөн, тусгаар улс биш төлөөллүүдийн олныг хамарсан терроризм болон кибер терроризм, шинэ төрлийн царт болон бусад халдварт өвчнүүдийн шинэ аюул заналуудтай тэмцэх шаардлага нэмэгдсээр байгааг тэмдэглэсэн байна.

Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгараад байгаа эдгээр бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд юуны түрүүнд мэдээлэл харилцааны технологийн бааз суурийг байгуулж, тэдгээрийн зохистой болон үр бүтээлтэй хэрэглээг хангах орчин бий болгох, хүрээлэн буй орчны хамгаалалтад анхаарсан тогтвортой эрчим хүч болон бусад эрчим хүчний үйлдвэрлэл байгуулах, экосистемд уршиг тарихааргүй дэлхий нийтийг хамарсан хөгжлийг дэмжих нь чухал хэмээн үзэж буйгаа дурджээ. Түүнчлэн энэхүү үүргээ гүйцэтгэхийн тулд дэлхий нийтийн байр сууринаас тулгараад байгаа асуудлуудын талаар нэгдмэл ойлголттой болох, шийдлийг идэвхтэйгээр гаргах нь урьд урьдаас илүүтэй чухал болж байгааг тунхаглалын төсөлд онцолсон байна.

Чуулганы маргаашийн бүгд хуралдаанаар бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн тулгамдаж буй асуудлын хүрээнд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ байгууллагын 2011 оны үйл ажиллагааны талаархи илтгэлийн зэрэгцээ дэлхийн эдийн засгийн байдал, эрчим хүч болон хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа болон чөлөөт худалдааг хөхиүлэн дэмжих чиглэлээр санал бодлоо солилцох юм. Пүрэв гаригийн үдээс өмнөх сүүлчийн бүгд хуралдаанаараа бүс нутгийн парламентуудын хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, АНДПЧ-ны үйл ажиллагааны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан Токиогийн шинэ тунхаглалыг баталснаар энэ удаагийн чуулган өдөрлөнө.

Харин Токиогийн чуулганд оролцож байгаа Монголын парламентын төлөөлөгчид маргааш эх орондоо ирнэ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ