Д.Сумъяабазар: Хэн нь худлаа яриад байгааг нүдээр үзэх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2015.05.27
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Д.Сумъяабазар: Хэн нь худлаа яриад байгааг нүдээр үзэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр  гэр хорооллын 24 байршилд явагдаж байгаа дахин төлөвлөлтийн ажил иргэн, аж ахуй нэгжүүдэд хүндрэл үүсгэсэн талаар мэдээлсэн юм.

Түүний мэдээлснээр 24 байршил нь нийт гэр хорооллын долоон  хувийг эзэлж байгаа аж. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил  20 хувьтай,  үүнийг  гэр хорооллын долоон хувьтай харьцуулахад дахин төлөвлөлтийн ажил 1.2 хувийн биелэлтэй байна гэсэн үг юм байна.

Тэрбээр “Иргэд, аж ахуйн нэгж 3-4 зүйлийн асуудал ярьж байна. Хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, Засгийн газраас  санхүүгийн баталгаа гаргуулах, төвийн дулаантай холбуулахыг зэрэг асуудлыг хүсч байна. Иргэд НИТХ-ын 126 дугаар тогтоолоор гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой журам хүний эрхийг зөрчиж байна гэсэн.

Уг журмаар гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон хэсгийн иргэд түр зөвлөл байгуулна. Түр зөвлөлийн хуралд оролцогсдын 75 хувь нь дэмжсэн тохиолдолд  газрыг албан чөлөөлнө гэж заасан. Энэ нь хүний эрх, өмчид шууд халдсан заалт юм. ХЭҮК-т энэ асуудлаар бичиг явуулж, хариу авсан. ХЭҮК-оос гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хийгдэж байгаа ажил хууль зөрчсөн байна.

Хууль зөрчсөн учраас захиргааны хэргийн шүүхэд хандах боломжтой гэсэн. Мөн “Эмнести интерншл” олон улсын байгууллагаас “Монгол Улсын нийслэлд гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал хүний эрх зөрчсөнийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл яригдсан гэдгийг мэдэгдсэн. Дахин төлөвлөлтийг бид буруутгаагүй. Хууль эрхзүйн хүрээнд нь явуулах ёстой.

Дахин төлөвлөлтөөр иргэд төрдөө итгэх итгэл суларч байна.  Тиймээс УИХ үүнд анхаарлаа хандуулах цаг болжээ. Хүний эрхтэй холбоотой асуудал нь НҮБ-ын түвшинд, дахин төлөвлөлттэй холбоотой асуудал Бээжин хотод яригдаад байдаг. Монгол Улсын бодлого хаана яваад байна гэдгийг анхаарах ёстой” гэсэн юм.

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Нийслэлийн зүгээс дахин төлөвлөлтийг хийхдээ хууль  зөрчөөгүй гэх тайлбарыг хийж байгаа. Хууль зөрчсөн гэж үзээд байгаагийн үндэслэл нь юу юм бэ?

Хууль зөрчөөгүй, өөрсдөө журам боловсруулаад журмаараа газар чөлөөлөх тухай  асуудлыг зохицуулсан гэдэг. Гэхдээ энэ журам  хүний эрхийг,  Үндсэн хуулийг зөрчсөн нь ойлгомжтой. ХЭҮК, Олон улсын Эмнести интернэшнл байгууллагаас хууль  зөрчсөн гэдгийг нь тогтоосон.  Хууль зөрчөөгүй биш, анхнаасаа хууль зөрчөөд явж байгаа асуудал. УИХ Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөлд онцгой анхаарах ёстой. Үндсэн хуулиа зөрчөөд хууль баталчихвал эргээд Үндсэн хуулийн цэц дээр унах нь ойлгомжтой.

-Дахин төлөвлөлтийн явц удаашралтай байгаа нь юутай холбоотой вэ?

Хууль эрхзүйн орчны ойлгомжгүй байдалтай холбоотой. Хоёрт аж ахуй нэгжүүдээ санхүүгийн хямд эх үүсвэрээр  дэмжих бодлогыг Засгийн газар гаргахгүй байна. Газар чөлөөлөх, газраа чөлөөлсний дараа хямд эх үүсвэрээр дэмжих баталгааг Засгийн газраас гаргаж өгөх асуудал тулгараад байна. Аж ахуй нэгжүүд өөрийнхөө хөрөнгөөр ажлаа эхлүүлээд явж байгаа ч 2-3 жилийн хүлээлт үүссэн  байна. Газраа чөлөөлчихөөд  дүүргийнхээ удирдлагад гэр хүссэн өргөдөл өгч байна. Ийм дахин төлөвлөлт байж  таараахгүй.

-Бээжинд гэр хорооллын дахин  төлөвлөлтийн асуудлыг хэлэлцэж байна гэж та сая хэллээ. Ингэж хэлсэн үндэслэлээ тайлбарлахгүй юу?

НИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч нар, дахин төлөвлөлтөд оролцож байгаа аж ахуй нэгжүүд  Бээжин хотод хөрөнгө босгох, дахин төлөвлөлтийг түргэтгэх асуудлаар тэндэхийн хөрөнгө оруулагчидтай уулзсан. Монгол Улс бүрэн эрхт улс. Улаанбаатар хотын асуудлыг эндээ шийдэх ёстой. Засгийн газартай баталгаа гаргах асуудлаар хүсэлт тавиад уялдаа холбоогоо нэгтгээд УИХ-аараа дэмжлэг авч асуудлаа шийдэх учиртай.

-Нийслэлийн удирдлагуудтай уулзаад, зорилгоо нэгтгээд хамтарч ажиллах  боломж бий юу?

Нийслэлийн удирдлагуудыг ил  захидлаар албан ёсоор урьсан. Энэ удаагийн мэдээллээр ч  дахин урьж байна.  Бид энэ 24 байршил дээр газар  дээр нь очиж танилцмаар байгаа юм.  Би худлаа яриад  байгаа юмуу, нийслэлийн удирдлагууд  худлаа яриад байгаа юмуу гэдгийг нүдээр үзчихмээр байна л даа. Шаардлагатай бол хэвлэл мэдээллийнхнийг байлцуулаад танилцах хэрэгтэй байна. Түүнээс чи би гэж  талцах нь утгагүй. Өнөөдөр иргэд төрдөө итгэл алдарч байна.

ШИНЭ МЭДЭЭ