Д.Сумъяабазар: Гэр хорооллын дахин төлөвлөлт иргэдэд асар их хүлээлт үүсгэсэн
УИХ-ын гишүүн, МАН-ын нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар
2015.04.20
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Д.Сумъяабазар: Гэр хорооллын дахин төлөвлөлт иргэдэд асар их хүлээлт үүсгэсэн

УИХ-ын гишүүн, МАН-ын нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар тэргүүтэй гишүүд өнгөрсөн долоо хоногийн турш нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцаж, иргэдийн санал бодлыг сонссон билээ.

Энэ талаар Д.Сумъяабазар гишүүн бүлгийн хуралдаанд танилцуулж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар ард иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу тэрээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллаж, гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэж буй 24 байршлын 16-д нь очиж ажилласан байна.

Энэ үеэр ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс тавьж байсан гол асуудлуудыг танилцуулав. Дахин төлөвлөлт хийгдэж буй 24 байршлын 90 хувьд нь хэдхэн айлын газрыг чөлөөлж зөвхөн фундамент цутгасан байдалтай, бусад газрыг бүрэн чөлөөлж чадаагүй өнөөг хүрчээ. Иргэдийн хувьд дахин төлөвлөлт асар их хүлээлт үүсгэсэн төдийгүй хоёр жилийн хугацаанд өөрийн хашаа, байшингаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадалгүй хүлээлтийн байдалд байгаагаа илэрхийлжээ.

Мөн газраа хэдхэн ам.метр талбайтай орон сууцаар солих бус өөрсдийн хаус хороолол байгуулах хүсэлтэй гэдгээ ч зарим иргэд хэлжээ. Нөгөө талаар иргэдийн газрыг зах зээлийн өнөөгийн ханшаас доогуур үнэлж байгаа нь төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд, ард иргэдийн дундах үл ойлголцлын гол шалтгаан болжээ. Нийслэлийн ИТХ-аас баталсан энэ чиглэлийн журам нь Үндсэн хуулиас давсан төдийгүй иргэдийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа талаар УИХ-ын гишүүдтэй уулзсан иргэд сануулсан байна. 

Аж ахуйн нэгжүүдийн хувьд Монгол Улсад мөрдөгдөж байгаа барилгын норм, норматив энэ ажилд чөдөр болж байгаа учир асуудлыг шийдэх бодит шаардлага байгааг гишүүдэд уламжилсан байна. Мөн дэд бүтцийн шинэ эх үүсвэрүүд шаардагдаж байгааг ч хэлжээ.  Тиймээс энэ чиглэлд холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах, гарц хайх зайлшгүй шаардлага бий болоод байна гэлээ. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдийн эрхийг зөрчиж, хүний өмчид халдаж байгаа асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст хандаад байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ