Хөрөнгө оруулалтын чимээ наран мандах зүгээс айсуй
2015 оны 2 сарын 17-ны УИХ-ын чуулган
2015.02.17
Эдийн засаг, Худалдаа

Хөрөнгө оруулалтын чимээ наран мандах зүгээс айсуй

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд зарим хууль тогтоомжийн эцсийн найруулгыг сонссоны дараа Засгийн газраас энэ сарын 12-ны өргөн мэдүүлсэн Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд нар танилцуулсан юм.

Монгол Улс, Япон Улсын хоорондын “стратегийн түншлэл”-ийн хүрээнд 2010 онд Монгол Улс, Япон Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар талууд тохиролцжээ. Хэлэлцээрийг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 2010 онд хамтарсан судалгааны баг байгуулагдан ажиллаж, хоёр талын сонирхол, харьцангуй давуу тал болон хэлэлцээрийн хамрах хүрээ, салбаруудыг тодорхойлсон байна. Энэхүү хамтарсан судалгааны үр дүнд үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, шинжээчдийн баг 2012 оноос эхлэн 3 жил орчим хугацаанд 7 үе шатны хэлэлцээг Японы талтай хийжээ.

Үүний үр дүнд японы талтай тохирсон хэлэлцээрийн төслийг Засгийн газрын2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой зөвшилцсөн.Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсад ажлын айлчлах үеэр "Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т энэ оны 2 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан юм. Энэхүү хэлэлцээр нь нийт 17 бүлэг, 10 хавсралт, хэрэгжүүлэх хэлэлцээр бүхий баримт бичиг юм. Уг хэлэлцээрийг УИХ соёрхон баталснаар хэрэгжүүлэх хэлэлцээрийг Засгийн газар батлах юм байна.

Хэлэлцээрийн хүрээнд талууд 2012 оны статистикийг суурь мэдээлэл болгон ашиглаж, чөлөөт худалдааны хэлэлцээрийн олон улсын жишгийн дагуу тухайн оны худалдааны үнийн дүнгийн 90 гаруй хувийг импортын гаалийн тарифаас шууд болон 10 жилийн хугацаанд үе шаттайгаар чөлөөлөхөөр харилцан тохиролцжээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн уг асуудлыг энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуулийн төслийг хэлэлцэхийг санал нэгтэйгээр дэмжжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Ялангуяа азид эдийн засгийн гол түншийн нэг байж болох оронтой хэлэлцээрийг байгуулж байна. Үүнд бид нэг зүйлийг анхаарахгүй бол болохгүй. Уул уурхайн чиглэлээр бол экспортын хувьд нь тээвэрлэлтээс шалтгаалаад бүрэн урд хөршөөс хараат болчихсон.  Тэгэхээр бид аль болох тээврийн хувьд маш хялбар байх, экспортын орлого нэмэгдүүлэх чиглэл рүү яаралтай эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийж, хөрөнгө оруулалтыг хийх шаардлагатай.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Уг хуулийн гол зорилго нь Японы хөрөнгө оруулалтыг болон валютын орлогыг нэмэгдүүлэх гэсэн зорилго тавьсан байна. Японтой эдийн засгийн түншлэл дээр бидний хамгийн гол ярьж байгаа зүйл бол нефть боловсруулах үйлдвэрлэлийг хамтарч барья гэж байгаа юм. Энэ тухай бараг арваад жил ярьж байна. Энэ талаар ерөөсөө ахиц гарахгүй байгаа монголын талаас учраа олохгүй  байна гэж ойлгогдоод байгаа.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

"Япон улсын иргэд бол Монгол улсад визгүй зорчдог. Үүнтэй уялдаад харилцан визгүй зорчих асуудал нилээд хүчтэй яригдаж байсан. Үүнд Гадаад хэргийн яам шургуу, ажил хэрэгч байдлаар Японы элчин сайд ярилцаад араас нь нилээд шахуу хөөцөлдөөсэй гэж хүсэж байна."

Ингээд байнгын хорооны саналаар Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улсын хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг батлахсанал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 53 гишүүний49 нь буюу 92.5 хувь нь дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ